Улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11017 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 547, зам тээврийн ослын шинжтэй 1259, зөрчлийн шинжтэй 9211 дуудлага, мэдээлэл байна.
Бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24.6 хувиар өсөж, эрүүлжүүлсэн хүн 6.9, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил 7.6, баривчилсан хүн 81.4 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар:
Сар шинийн баярт зориулсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаан, Төв Гандантэгчилэн болон орон нутгийн 18 сүм, хийдэд мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19.00 цагаас 02-ны өдрийн 10.10 цагт сар шинийн баярт зориулсан ерөөл хурах, айлтгал заслын ном хурах үеийн хамгаалалт, зохицуулалт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан.
Мөн иргэдээс шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үед нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн гэмт хэрэг, осол гарахаас урьдчилан сэргийлж ажилласан.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаарыг зөрчин хориглосон өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн талаарх иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 7, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 2, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 2, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 32, нийт 43 зөрчил илрүүлж, 3 хуулийн этгээд, 29 хүнд 2.9 сая төгрөгийн торгууль оногдуулж, 11 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд гудамж замын хяналт шалгалтаар нийт 6712 зөрчил илрүүлснээс жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 475 зөрчил илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 52 хүнийг саатуулж, 6137 хүнд 375.1 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчилтэй 207 хүний жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулж ажилласан гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )