“Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжинтэй ярилцлаа. АНУ-ын Пуэрто Рико хотод зохион байгуулагдах тус тэмцээний эцсийн шалгаруулалт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд болох байсан ч цар тахлын улмаас хойшилж, ирэх гуравдугаар сарын 16-нд болохоор товлогдсон юм.
Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй түүний сэтгэгдэл болон тэмцээний эргэн тойронд болж буй сонирхолтой үйл явдлын талаарх ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу. Юуны өмнө “Дэлхийн мисс-2021” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр тодорсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
Авьяаслаг мисс шалгаруулах тэмцээн гурван үе шаттай болсон юм. Эхний үед шалгаруулалтад бэлдсэн бүх орнууд оролцсон. Үүнээс шилдэг 27 миссийг шалгаруулсан юм. Шалгарсан 27 мисс хоёр дахь шатанд орсноос шилдэг 10 гаруй орныг шалгаруулсан. Дараа нь шилдэг тав болон авьяаслаг миссийг тодруулсан.
Миний хувьд Монголын үндэснийхээ урлаг болох уран нугаралтын үзүүлбэрээр оролцсон.
Багын маань мөрөөдөл болохоор маш их ач холбогдол өгч, найдлага тавьж орсон. Шалгаруулалт болохын өмнө нойр хүрэхгүй, унтаж чадаагүй. Тийм учраас энэ төрөлд түрүүлсэндээ маш их баяртай байна.
Тэмцээнийг шүүхэд олон нийтийн санал асуулга гэх мэт зүйлс ороогүй, мэргэжлийн шүүгчид шүүсэн. Тийм болохоор шударга өрсөлдөөн болсон гэж бодож байгаа.
Улс орон бүрт онцлог, давуу тал байдаг. Манай Монгол Улс бол дэлхийд гайхагдсан үндэсний урлагтай шүү дээ.
Намайг уран нугаралтын үзүүлбэрээ хийсний дараа арын албанд ажиллаж байгаа хүмүүс болон оролцогч бүсгүйчүүдийн тал хувь нь анх удаагаа уран нугаралт үзэж байна гэж гайхаж байсан. Харин өмнө нь үзэж байсан хүмүүс нь Монголын үндэсний урлаг гэдгийг сая л мэдлээ гэсэн. Үүнийг сонсоод зорилгынхоо 50 хувьд хүрсэн юм шиг л санагдсан.
-Уран нугаралтаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Найман настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж эхэлсэн.
Уран нугарах гэдэг бол маш хэцүү. Хүссэн хүн бүхэн хийгээд байж чаддаггүй. Хүний тэр бүр хялбархан хийгээд байдаггүй зүйлийг хийдэг болохоор уран нугаралтад маш их дуртай. Бас гоо сайхан, аз жаргалыг мэдрүүлж байдаг.
Үзүүлбэрээ үзүүлээд тайзан дээрээс хүмүүсийн алга ташилтыг сонсох хамгийн сайхан мэдрэмж.
-Охид бүр багадаа мисс болно гэсэн цагаахан мөрөөдөлтэй байдаг. Таны хувьд мөн багаасаа мисс болохыг мөрөөддөг байв уу?
-Бага байхад бүгд л дэлхийн миссийн тэмцээн үздэг байсан шүү дээ. Би яг л тэдний нэг. 2007 онд Хятадын Саньяан хотод болсон тэмцээнийг үзэж байсан юм.
Тэр үед би есөн настай, дөнгөж уран нугаралтаар хичээллэж эхэлж байлаа. Гоо бүсгүйчүүдийн үзүүлбэрийг хараад Монголынхоо уран нугаралтыг энэ тайзан дээр үзүүлэх юмсан гэж боддог байсан. Энэ зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна.
-2021 оны дэлхийн мисст эх орноо төлөөлж оролцоно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Тухайн үед яаж хүлээж авч байв?
-2017 онд анх “Miss world Mongolia” тэмцээний шалгаруулалтад орж байсан юм. Дараа жил нь буюу 2018 онд орохдоо нэгдүгээр байрт шалгарч, үндэсний ялагчийн дараагийн байранд орсон.
Уг нь “Miss world Mongolia” тэмцээний ялагч л эх орноо төлөөлж, дэлхийд өрсөлдөх эрхтэй болдог. Гэтэл энэ жил цар тахалтай байсан учир Монголд тэмцээн болоогүй. Тиймээс өмнөх жилийнхээ нэгдүгээр байрт орсон миссийг явуулахаар болсон юм билээ.
Улсаа төлөөлж, дэлхийн мисст оролцоно гэдгээ мэдээд маш их баярласан. Гэхдээ энэ хэрээр маш их үүрэг, хариуцлага ирж байгааг мэдэрсэн. Тийм ч учраас маш их хичээж бэлдсэн.
“Miss world-2021” тэмцээний эргэн тойронд...
-“Miss world-2021” тэмцээний халуун цэгт очихоос өмнөх таны төсөөлөл ямар байв. Таны төсөөлснөөс өөр байсан уу?
-Ер нь бол яг л миний төсөөлсөн шиг л байсан.
123 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцох байсан боловч цар тахлын улмаас 97 орны бүсгүй оролцож байгаа. Тэмцээн арваннэгдүгээр сарын 20-нд эхэлсэн. Бид арванхоёрдугаар сарын 16 хүртэл үйл ажиллагаандаа оролцсон. Энэ хугацаанд зургаан төрлийн шалгаруулалтад оролцсон байна. Тэмцээний турш маш их шахуу цагийн хуваарьтай байсан болохоор их ядарсан. Гэхдээ түүнээс илүү сайхан мэдрэмж үлдээсэн, гоё мөчүүд байсан.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байгаа бол?
-Тэмцээн маань маш шахуу цагийн хуваарьтай явагдаж байгаа. Өглөөний 05.30 цагаас хөтөлбөр эхэлдэг. Үс засалт болон нүүр будалтдаа бэлдэхийн тулд 3 цагт босдог байсан. Ингээд оройн үйл ажиллагаа 22.00 цагт дуусдаг. Яг ийм хэвшлээр өдөрт 2-3 цагийн нойртой явахаар маш их ядардаг юм билээ. Ядрахаар сэтгэл зүй их эмзэг болж байсан. Энэ үед монголчуудын маань урмын үг маш их эрч хүч, урам зориг өгч байсан шүү. Үргэлж урмын сайхан үг хэлж, дэмжиж байгаа хүмүүст маш их баярлалаа.
Тэмцээнд тухайн оролцогчийн сошиал хаягийн хандалт маш чухал байдаг юм билээ. Гэтэл Miss world Mongolia албан ёсны хуудсыг маань хакердаад, оруулсан бүх постууд маань устсан тохиолдол гарсан. Үнэхээр их сандарч, сэтгэл санаагаар уначихсан байхад Монголчууд маань дэмжиж байгааг хараад баярлаад, уйлсан. Энэ их үүрэг хариуцлагыг алдахгүйгээр өөрийгөө илүү их дайчилж, финалдаа оролцох болно.
-Тэмцээний финал ирэх гуравдугаар сарын 16-нд болох тов гарсан байна. Цар тахлын улмаас ингэж хойшлогдов уу?
-Тийм ээ. Ковид-19 цар тахлын улмаас тэмцээн хойшилж, гуравдугаар сарын 16-нд үргэлжилнэ.
Тэмцээний шүүгч болон оролцогч охидын ихэнх нь халдвар авсан учраас хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон.
Яг финал болох арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн өмнөх орой тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн.
Сонирхуулахад, Тэмцээн хойшилсон гэдгээ бидэнд хэлэхдээ учир шалтгаанаа хэлээгүй тэмцээн дууслаа, явж болно гээд паспорт өгсөн. Үнэхээр гайхдаг юм билээ. Ингэж хэлснээсээ хоёр цагийн дараа цар тахлын улмаас түр хугацаагаар хойшлохоор боллоо гэж мэдэгдсэн. Одоо гуравдугаар сарын 16-нд болохдоо шилдэг 40 орны гоо бүсгүй биеэр очиж оролцоно. Бусад орны миссийг цахимаар танилцуулна гэсэн.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль орны гоо бүсгүй байна вэ?
-Миний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол би өөрөө. Өчигдрөөсөө илүү өнөөдрийг бий болгож, өөрийгөө илүү хөгжүүлэхийг хичээж байгаа.
Хэдийгээр тэмцээний үеэр бид өрсөлдөж байгаа ч гэсэн бие биенээ дэмжиж, найзууд шиг дотно байсан.
Нэг нууц задлахад, Тэмцээний өмнөх өдөр бэлтгэл хийж байтал ихэнх оролцогч ковид-19 тусаад, халдвар маш их тархаж байгаа учраас тэмцээнийхээ финалыг яг одоо зохион байгуулна, тайзан дээр гарахад бэлдээрэй гэж хэлсэн.
Тэмцээний финал маргааш нь болно гэж бодоод ямар ч бэлтгэлгүй байсан хэд маань маш их гайхаж, сандарсан. Арьсаа амраах гээд ихэнх нь нүүрний будаггүй, үсээ ч янзлаагүй байсан юм.
Гэнэт финал болохыг сонссон охидын маань ихэнх нь уйлчихсан.
Тэмцээнийг нь үзэх гэр бүлийнхэн нь ирж амжаагүй, зарим нь нүүрний будаг, хувцас гэх мэт хэрэгтэй бүхнээ бэлдээгүй гээд асуудал гарч ирсэн. Яг тэр үед бид өрсөлдөөгүй, эв нэгдэлтэй байгаа юм байна гэдгээ мэдэрсэн. Нэгэндээ байхгүй дутуу зүйлээ нөхөж, яг нэг хамт олон шиг тусалж байсан. Гэтэл гурван сараар хойшлуулахаар болсноо хэлсэн.
-Бусад улсын оролцогчдоос суралцах зүйл байгаа байх тийм үү?
-Мэдээж сурах зүйл маш их бий. Хамгийн их өөртөө тусгаж авч, сурахыг хүсэж байгаа зүйл бол өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх.
Өөрийн бодлоо олон нийтэд хүргэхдээ зөвөөр ойлгуулах чадвараа илүү хөгжүүлэхийг хүсэж байна. Зарим орны гоо бүсгүйд ийм байдал давуу тал үүсгэж байгаа юм шиг харагдаж байсан.
-Тэгвэл ямар улсын гоо бүсгүйтэй илүү дотно болсон бэ?
-Оролцогчдоо нэг өрөөнд хоёр хоёроор хуваарилдаг. Өрөөний маань хамтрагч Вьетнамын мисс байсан. Түүнтэй илүү дотно байлаа. Гэхдээ ерөнхийдөө бол бүх л оролцогчтой дотно байсан.
-Финалын бэлтгэл нь хэр явж байна вэ?
-Тэмцээндээ бэлдэж, өөрийнхөө түвшинд хөгжүүлж байгаа. Одоогийн байдлаар Нью-Йоркод уран нугаралтын багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.
Финалын тэмцээнд одоо шалгарсан байгаа шилдэг 40 миссээс 20-ийг нь авч үлдэнэ. Энэ шалгаруулалтад тайзан дээр гарч, шүүгчид асуулт асууна.
-Цаашдын зорилго юу вэ?
-Хүнд хэлэхээс ичмээр том зорилго, мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэж уншиж байсан юм. Надад тийм зорилго байгаа. Гэхдээ одоохондоо хэлмээргүй байна.
Харин ойрын зорилго гэвэл, өнөөгийн нийгэмд ялгаварлан гадуурхалт маш их байна. Тиймээс гадуурхагдаж байгаа, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, тэдний дуу хоолой болохыг хүсэж байна.
Монголдоо очоод хувийн студи нээх хүсэлтэй байгаа. Биеийн буруу хөгжлөөс болоод сэтгэл дундуур явдаг хүүхдүүд болон уран нугаралт сурахыг хүсдэг ч санхүүгийн хүндрэлээс болоод сурч чадахгүй байгаа хүүхдүүд, гэр бүлийнхнээсээ болоод сэтгэл зүйн дарамтанд орсон хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр өөрийн чаддаг зүйлээ харамгүй зааж, хүсэл тэмүүлэл өөртөө итгэх итгэлийг нь багахан ч болов нэмэхийг хүсэж байна.
“Miss world-2021” тэмцээнд оролцоход нь хэн хамгийн их тусалж, дэмжсэн бэ?
-Энэ ташрамд хамгийн ихээр дэмжиж, тусалсан “Miss World Mongolia” тэмцээний зохион байгуулагчид болон Д.Уянгалянхуа танд маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Дэлхийн мисст явахад маш их бэлтгэл ажил ордог. Үүнд Д.Уянгалянхуа эгч ямар ч цалин хөлс авалгүйгээр гурван сарын турш өдөр бүр надтай хамт байж, яг л төрсөн ээж шиг минь хамт байж, эгчийн хувиар зөвлөгөө өгч, найз шиг хань болж, бүх сэтгэл зүрх цаг заваа надад бүрэн зориулж бэлтгэл ажлыг минь маш сайн хангаж өгсөн. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан танд маш их баярлалаа.
-Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )