Путин, Макрон нар Кремльд уулзав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Кремльд зургаа орчим цаг үргэлжилсэн хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр В.Путин АНУ болон НАТО Оросын талаас тавьсан аюулгүй байдлын баталгааны талаарх саналын гол гол заалтуудыг үл ойшоосон гээд саналд биелэгдэшгүй заалт ороогүй хэмээн тодруулжээ. Гэсэн хэдий ч яриа хэлэлцээ үргэлжилж байна. ОХУ Вашингтон, Брюсселиэс авсан баримт бичгийн хариуг бэлтгэн, хүргүүлэх болно гэж Оросын төрийн тэргүүн онцолжээ.

Цаашид яриа хэлэлцээнд Францын тэргүүний саналыг тусгах боломжтой. Түүний дэвшүүлсэн хэд хэдэн санаа, саналыг цаашид хамтын алхам хийх үндэс суурь болгон ашиглах боломжтой гэж В.Путин мэдэгджээ. Макрон В.Путин яг ямар санал тавьсан нь одоогоор тодорхойгүй байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэлцээний үеэр санал нэгдсэн асуудлууд болон хурцадмал байдлыг намжаах арга замын талаар Киев, Вашингтон болон ЕХ, НАТО-гийн холбоотнуудтай хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр мөн ямар асуудал болох талаар тодруулаагүй ч эдгээр саналын хувь заяа ойрын өдрүүдэд шийдвэрлэгдэнэ хэмээн онцолжээ. Түүний хэлснээр, ойрын өдрүүд шийдвэрлэх өдрүүд байх бөгөөд идэвхтэй яриа хэлэлцээ хийхийг шаардах болно гэж Францын төрийн тэргүүн тодруулсан байна.

Ингэхдээ НАТО-гийн нээлттэй хаалганы зарчмын талаарх санал зөрөлдөөн хэвээр үлдсэн гэж Макрон онцолжээ.

В.Путин хэрэв Украин НАТО-д элсэж, Крымийн асуудлыг цэрэг, зэвсгийн замаар шийдвэрлэхээр болбол Европ, Оросын хооронд зөрчилдөөн үүснэ гэж анхааруулаад “нүд ирмэхийн зуур Умард Атлантын гэрээний тав дахь заалтыг хэрэгжүүлэх” болно гэжээ. Тэрбээр НАТО, Москвагийн хүчин чадлыг харьцуулах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ОХУ нь цөмийн зэвсэгтэй тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Тиймээс ялагч байхгүй гэж сануулсан байна. Москва нөхцөл байдлыг ингэж эргүүлэхийг хүсэхгүй байгаа ба оролцогч талуудын ашиг сонирхолд нийцсэн арга замыг эрэлхийлсээр байх болно гэж Оросын тэргүүн мэдэгджээ.

Түүний хэлснээр, Украинд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Минскийн хэлэлцээрээс өөр хувилбар үгүй. Украин зориг гаргаж хэлэлцээрийг хүссэн ч, эс хүссэн ч биелүүлэхээс өөр аргагүй гэв.

Макрон Минскийн хэлэлцээрийн талаар В.Путинтай санал нэг буйгаа илэрхийлээд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатайг сануулна гэж амлажээ. Тэрбээр мягмар гарагт /2022.02.08/ түүнтэй Киевт уулзах юм. Үүний дараа Макрон, Путинтай утсаар саналаа солилцохоор тохиролцсон байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top