Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож, 15 сая төгрөгийн торгох ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүүх хурал өнөөдөр /2020.02.09/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Улмаар шүүхээс Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож, 15 сая төгрөгийн торгох ял оноолоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Сануулахад, тэрбээр өмнө нь хоёр удаа шүүхээс ял шийтгүүлж байжээ. Х.Бат-Ялалт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Мөн 2020.07.24 ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм.

1

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top