Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан болон холбогдох албаныхан хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Хурлын эхэнд Замын-Үүд-Эрээний ачаа, тээвэр болон цаг үеийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан танилцуулав. Үүний хүрээнд аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцлоо.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Ачаа, тээврийн үнийн өсөлт иргэдийг бухимдуулж байгаа. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь тээвэр, зуучийн компаниудтай цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах, БНХАУ-тай ч мөн тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцсон. БНХАУ тээврийн салбартаа “Open Platform”-ыг нэвтрүүлэн ажиллуулан өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуйн нэгжийг бүртгэсэн байна. Үүнтэй төстэй платформыг манай улс хийх нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал байна” хэмээн хэлэв.
Манай улсад тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж, ахуй нэгж бий. Тээвэр зуучийн нэгдсэн платформтой болсноор үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой, үнэ тариф нь тодорхой байх давуу талтай юм. Мөн Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яам нь аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хууль эрхзүй бодлогын нөхцлөө сайжруулах, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцсоноор хурал өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )