ҮХЛИЙН ИРМЭГЭЭС олимпын МЕДАЛЬД хүрсэн Колби Стивенсон

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

"Бээжин-2022" олимпын наадмын чөлөөт цанын төрөлд олимпын мөнгөн медалийн эзэн болсон Америкийн цаначин Колби Стивенсон зургаан жилийн өмнө хүнд осолд орж, гавлын яс нь 30 газраа хугарч, амь нас нь үхлийн ирмэг дээр байсан юм. Аймшигт ослоос олимпын медальд хүрсэн түүний замналын талаар өгүүлье.


Гуравдугаар сарын нэгэн орой Колби Стивенсон нэгэн тэмцээнд ялаад Айдахо мужаас Юта муж дахь гэр рүүгээ харьж явжээ. Зам дээр үзэгдэх орчин муу байв. Тамирчин залуу ч жолооны ард үүрэглэж, автомашин нь онхолдон найман удаа эргэжээ. Стивенсоны гавлын ясанд 30 орчим хугарал үүсэж, хавирга, хүзүү нь хугарсан байна. Тамирчин залуу гурав хоног комд байжээ. Эмнэлгийн орон дээр, ойр дотныхныхоо дунд сэрэхдээ тэр юу болсныг ойлгоогүй гэдэг.

Колбид дөрвөн цаг тутамд мэдээ алдуулагч хэрэгтэй болж, ухаан нь орж гарч байжээ. Эмч нарын ярьснаар түүний тархинд нь их цус алдсан бол тамирчин эргээд хэвэндээ орж чадахааргүй болох байсан аж. Цус их алдахаас өмнө амжиж эмнэлгийн тусламж авсан ч мэс заслын дараа эмч нар Колбиг дахин цанан дээрээ гарч, карьераа үргэлжлүүлж чадах эсэхийг нь хэлж мэдэхгүй байлаа. Залуу босож хөл дээрээ явж чадах эсэх нь ч эргэлзээтэй байв.

Бээжингийн олимпын мөнгөн медальт, 24 настай Колби Стивенсон “Би гавлын яс нь ноцтой хүнд гэмтсэн ч тархиндаа гэмтэл аваагүй хүмүүсийн ганцхан хувьд ордог” хэмээн ярьжээ.

Цаначин залуу хоёр долоо хоногийн турш хэвтэрт байж, сарын хугацаанд дөрвөн цаг тутамд өвчин намдаах эм, тариа хэрэглэж байлаа. Түүний хүзүү нь одоог хүртэл өвддөг аж. Авто ослоос хойш таван жилийн дараа тэрбээр “Би энэ явдлыг амьдралын хичээл гэж үздэг. Амьдралын хором мөч бүрээс аз жаргалыг мэдэрдэг болсон. Яагаад гэвэл бид амьд яваадаа их азтай хүмүүс. Өдөр бүр шүршүүрт орж, амттай хоол идээд л... Та хором бүрийг үнэлж чадвал амьдралын тань үнэхээр чухал, том үйл явдал илүү том санагдана. Би зүгээр л цанаар эргэн гулгаж, дөнгөж унадаг дугуй унаж сурч байгаа жаахан хүүхэд мэтээр өөрийгөө мэдэрсэн нь маш гайхалтай зүйл” хэмээн ярьж байв.

“Хүнд хэцүү зүйлийг даван туулж байгаа тамирчдад ямар зөвлөгөө өгөх вэ” гэхэд Колби Стивенсон “Хамгийн хэцүү цаг үед та хөгжих болно. Зовлон бэрхшээл бүр таныг хэн бэ гэдгийг харуулна. Юунд талархдагаа бод. Юу байгаадаа төвлөр. Энэ бол таны бусад хүмүүст байхгүй зүйл нь” гэжээ.

Хүнд ослоос таван сарын дараа Колби Шинэ Зеландын дасгалжуулагчтай бэлтгэлээ хийж эхэлжээ. Тэрбээр анхны өдрөө double cork хийж, 2022 оны өвлийн олимпыг алгасах тухай бодсон ч үгүй. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард Бээжингийн олимпод оролцох эрхээ авчээ. Цаначин залуу дэлхийн аваргын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, бас хэд хэдэн тэмцээнд амжилт үзүүлснээр Бээжинд ирсэн.

Тэрбээр залуу тамирчдад боломжгүй зүйлийг даван туулсан өөрөөс нь жишээ авахыг зөвлөдөг. Колби Стивенсон Бээжингийн олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа “Аюулт ослын дараа урт зам туулж олимпын медальд хүрлээ. Бас хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж, хором мөч бүрээс аз жаргалыг мэдэрч, дэлхийгээр аялж, дуртай зүйлээ хийж байна” хэмээн ярьсан юм.

Түүний сэтгэлийн тэнхээ, хүч чадал, агуу тэсвэр тэвчээр нь олон мянган залууст итгэл, урам зориг өгч байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.72.115) 2022 оны 02 сарын 16

Гайхамшигтай ,бахархмаар юмаа. Бурхан үргэлж ивээг.

1  |  0
Top