CINEMA ROOM I Сэтгэлд харвасан туяа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

“Шанс” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолчийн бүтээлээр уран сайхны кино хийжээ.

Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киноны урьдчилсан үзлэгт уригдлаа.

Киног найруулсан “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш Д.Маамхүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан энэ киног бүтээжээ. Кастингийн “Шанс” агентлагаараа Монголын урлаг соёлын залуу үеийг бэлтгэж байгаа Б.Нарантуяа багш Улсын багшийн дээд сургуулийн кино, драмын ангийн оюутан байхдаа Киргизийн зохиолч Мар Ташимович Байжиевийн 1968 онд бичсэн “Дуэль” жүжгийн гол дүрд тоглож байсан аж.

Алдарт зохиолчийн энэхүү жүжгийн зохиолыг кино уран бүтээл болгохоор зохиолчоос албан ёсны зөвшөөрөл авсан байна. Энэхүү уран бүтээл нь 270 орчим театрын тайзнаа жүжиг, дуурь, бүжгэн жүжиг хэлбэрээр тавигдсан бүтээл юм. “Дуэль” жүжиг өмнө нь хоёр ч удаа Монголын театрын тайзнаа амилж байжээ.

“Дуэль” жүжгийн зохиолоор бүтээсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-наас кино театруудад нээлтээ хийнэ.

...Кино эхлэх мөчөөс Хөвсгөл далайн намрын өнгө, гол дүрийн бүсгүйн намилзсан алхаатай нийлэн ертөнцийн гоо сайхан гэж үүнийг л хэлдэг байх гэмээр сэтгэл хөдөлгөв. Гэхдээ бүсгүйн харц нэг л гунигтай. Түүний үг яриа тодоос тод, өөртөө итгэл төгс харагдах ч сэтгэл зүрхэнд нь нуугдсан уй гуниг, харууслыг түүн шиг амьдралыг туулсан хүн л ойлгохоор, олж харахаар тийм гүн мэдрэгдэнэ. Эсвэл амьдралыг таньж мэдсэн, аливааг эргэцүүлэн боддог хүн л түүнийг, тэр чухам юу хэлэх гэснийг ойлгох ч юм шиг...

...Дэргэд нь хүмүүс байгаа ч ганцаардах үе хүнд тохиолддог. Хүний амьдралд баян тансаг байх, эрх мэдлийнхээ хүчээр хүссэнээ өөрийн болгох нь чухал уу, эсвэл чин сэтгэлийн халуун хайр чухал уу?

Эд хөрөнгө, эрх мэдэл байлаа ч хүйтэн шөнөөр таныг дулаацуулах болов уу? Хөрсөн сэтгэлийг бүлээцүүлэх үү?

Хүний амьдралын хамгийн нандин зүйлийн талаар, хүн хоорондын харилцаа, торгон мэдрэмжийн талаар өгүүлэх энэ бүтээл өнгө, хөгжим, илэрхийлэл, гол дүрүүдийн жүжиглэлт гээд бүхий л зүйл нь шинэ бөгөөд төгс байлаа.

Киноны гол дүрийг жүжигчин, найруулагч Г.Дөлгөөн-Аюуш, жүжигчин П.Анхбаяр, “Miss Mongolia-2013” наадмын тэргүүн мисс, Азийн топ модель Н.Ану нар бүтээжээ.

“Сэтгэлд харвасан туяа” кино гол дүрүүдээ маш оновчтой сонгосон бүтээл болж чаджээ гэж үзэгчийн үүднээс дүгнэж суулаа.

Кино эхлэхэд даашинзаа намилзуулан далайн эргээр гүйх бүсгүйг хараад Азийн топ модель Н.Ану гэж таньсангүй. Аль нэгэн үлгэрийн гүнж амилсан мэт... Киноны эхлэл, зураглал ер нь л ийм ер бусын. Гэхдээ амьдралд, хүний сэтгэлд маш ойр.

Жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийн бүтээсэн дүр хүнд олон зүйлийг бодогдуулж, бас заримд нь үзэн ядах сэтгэлийг ч төрүүлнэ. Жүжигчин П.Анхбаярын бүтээсэн дүрийн хувьд, тэр эгэл жирийн мэт боловч агуу сэтгэл зүрхийг агуулсан залуу үнэхээр баатар хүн.

Өөрийн амиа дэнчин тавин байж олон зуун хүнийг үхлээс аварсан түүний эгэл жирийн байгаа нь, Азаа бүсгүйн сэтгэлд харвасан туяа нь болж буй нь энэ киноны гол зангилаа мэт...

Энэхүү бүтээл нь сэтгэлийн тэнхээ, торгон мэдрэмж, хүн хоорондын соёлт харилцааг хойч үедээ харуулсан оюуны том хөрөнгө оруулалт болно гэж найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top