“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас шүүгдэгч Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшилсон.
Мөн өмгөөлөгч Д.Наранцэцэгээс шүүгдэгч Г.Алтанд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт товлосон боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд “Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн, хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна” гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан, гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )