Цахим үндэстэн маань улам л ЦААСАН ҮНДЭСТЭН болсоор

2022 оны 02 сарын 17

“Цахим үндэстэн боллоо” хэмээн шинэ оны өмнөхөн тунхаглаж, цар тахлын халдварыг ч үл тоон булт олноороо нийлэн бужигнаж байсан монголчууд харин ч эсрэгээрээ өдрөөс өдөрт улам л цаасан үндэстэн болох шинжтэй.  

“Иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар бид гурвын аль нь жинхэнэ вэ” гэсэн шог яриа ч үүнээс улбаалж гарсан. Аль нэг ажил бүтээхээр очсон хүнээс иргэний үнэмлэхийн наториатаар баталгаажуулсан хуулбар нэхдэг нь гэм биш зан. Эцсийн дүндээ тухайн хүн өөрөө ч биш, хамаг мэдээллийг нь дотроо агуулсан иргэний ухаалаг үнэмлэх нь ч биш, ердөө л хуулбарлаж, нотариатч гарын үсэг зурж тамгалсан тал хуудас цаас л бодит болж байгаа юм. Энэ байдал өнөөдөр ч арилаагүй.

Сүүлийн жишээ гэвэл эрчим хүчний хэрэглээний гэрээ сунгахад гарч буй хүндрэл. Угтаа өмнө нь бол цахилгааны хэрэглээний дэвтрээ барьж очоод л сунгалт хийлгэдэг байсан бол энэ удаа үгүй ажээ. Заавал иргэний үнэмлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураглалынхаа хуулбартай очиж байж үргэлжлүүлэн эрчим хүчээр хангагдах эрхээ 10 жилээр сунгуулах боломж бүрдэж байгаа юм байна.

Анхнаасаа “Эрчим хүчний гэрээгээ сунгуул” гэсэн мессеж л утсанд ирж байгаа болохоос эдгээр бичиг баримтын тухай дурсахгүй байгаад учир бий.

Яваад очиход өмнөөс дээрх гурван баримтын хуулбарыг авч ир гэсэн бичигтэй өөдөсхөн цаас үг дуугүй гар дээр тавьчихаж байгаа юм. Уг нь харьяа дүүргийнхээ УБЦТ-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн пэйж чатаар эдгээр бичиг баримтуудын зураг, кодыг явуулаад сунгуулж болох аж. Гэтэл энэ тухай тайлбарлаж байгаа хүн Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд лав алга. Гэрээгээ сунгуулахаар очсон хүмүүс мөнөөх бичиг баримтуудаа хуулбарлуулахаар бөөн төвөг чирэгдэл болон гарч харагдах.

Уг нь эрчим хүч хэрэглэх гэрээ сунгуулахад тухайн айл цахилгааны төлбөрөө цаг тухайд нь төлж буй, өрийн үлдэгдэлтэй эсэхэд л анхаармаар. Өчнөөн жил нэг буурин дээрээ сууж, төлбөрөө цагт нь төлсөөр ирсэн атал энэ удаад гэнэтхэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураглал нэхээд явчихдаг нь ч юу вэ. Орон сууцны айлуудаас бол байр эзэмших гэрчилгээ, ордер бас бус зүйл нэхэж таарах байх.

Цар тахлын сайн тал гэвэл сүүлийн хоёр жилд ихэнх үйл ажиллагааг цахимаар хийж болдгийг харуулсан. Гэтэл хорио цээрийн зэрэглэл буурч, шар түвшинд буумагц буцаад цаас нэхэж цаг зав үрдэг хуучин барил руугаа ухардаг нь цахим үндэстэн буцаад цаасан үндэстэн болж буйн жишээ юу? Багахан зүйл дээр ч цахим үндэстэн маань улам л цаасан үндэстэн болсоор.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Схд(202.126.89.248) 2022 оны 02 сарын 17

Үнэн

1  |  0
Top