Эвлэрүүлэн зуучлалын хуулиар 63 мянган хэрэг шийдвэрлэжээ

2022 оны 02 сарын 17

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико нар нээж үг хэлэв.

 Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах ажиллалаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэлийн явц”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл хийж, илтгэл тавьсан юм.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа, Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу нар Эвлэрүүлэн зуучлалын онол ба практик сэдэвт илтгэл тавив. Монголын Үндэсний худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар тус төвийн эвлэрүүлэн зуучлагч Н.Батдорж танилцууллаа.      

Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцож, санал солилцлоо.

Монгол Улсын хувьд 2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2014 оноос эхэлсэн. Ингэснээр иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн түүхтэй.

Шүүх шийдвэр гаргахад талуудын нэг нь баярлаж, нөгөө нь гомддог. Харин эвлэрүүлэн зуучлалын хувьд талууд ярилцаж, тохиролцоод эвийн гэрээ байгуулж, асуудлаа шийдвэрлэдэг учраас маргалдагч талууд найрсаг харилцаагаа хадгалж үлдэх боломжтой. Хэрэг маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэх ёстой гэсэн хэвшмэл ойлголт ард үлдэж, эвлэрүүлэн зуучлалаар эвийн журмаар шийдвэрлэдэг жишиг рүү дэлхий нийт явж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын анхан шатны 38 шүүхэд орон тооны 44 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 130 мянган өргөдөл хүлээн авч, 94 мянган хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Үүнээс 63 мянгыг нь буюу 68,8 хувийг нь амжилттай шийдвэрлэсэн байна. Шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан. Хэрэв Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжээгүй бол энэ ачаалал шүүхэд ирэх байсан нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хуулийн бас нэг чухал ач холбогдол нь энэ юм.

Монголчууд эвлэрүүлэн зуучлалын талаар тодорхой ойлголттой болж, эвлэрүүлэн зуучлалаар хэрэг маргаанаа шийдүүлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Гэвч тус хуульд зарим процесс ажиллагааг хэт ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай тал бий. Тийм ч учраас эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хууль зүй дотоод хэргийн яаман дээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэгт хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top