Архидалттай ДАЙН ЗАРЛАЯ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Архитай дайн зарлая, монголчуудаа. Гэмт хэрэг, хүчирхийлэл, өвчин зөвлон, үхэл хагацлын үндэс суурь нь “бор дарс” болчихоод байна. Ганцхан шөнийн дотор 223 хүн эрүүлжүүлэгджээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд шүү. Энэ тоо бол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн эрүүлжүүлэгдсэн энэ сарын 15-16-нд шилжих шөнийн дүн мэдээ. Цагдаад бүртгэгдээгүй цаана нь хэчнээн олон тооны архидалт болсныг хэлэхэд бэрх.

Мэдээж архидалтын цаана төрөл бүрийн зөрчил, гэмт хэрэг явж байдаг. Үүнийг гэрчлэх хамгийн том баримт бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл юм. ЦЕГ-ын хоногийн мэдээлэлд дурдсанаар энэ сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн 143, танхайн 125 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ганцхан өдрийн дотор зуу, зуугаараа тоологдох энэ их хүчирхийллийн цаана хэчнээн хүүхдийн нүдэнд нулимс хураа бол. Мэдээж энэ бүх болж бүтэхгүй зүйлийн ард архидалт буй. “Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэгчээр архи амьдралыг тань аваад одохыг ч үгүйсгэхгүй. Үнэндээ өнөөгийн энэ их архины хэрэглээ өсвөр үе, ирээдүй хойчид маань сөргөөр нөлөөлөх болжээ.

 

Өсвөр үеийнхний архидалт хэрээс хэтэрлээ

 

Хэд хоногийн өмнө Бөмбөгөр худалдааны төвийн урд талын саарал байрнуудын ойролцоо арав орчим насны хоёр хүү лаазтай шар айргыг яг л ундаа шиг ууж байхтай таарлаа. “Та хоёр хэдэн настай юм бэ” гэж асуухад “Танд хамаагүй ээ” гэх аятай харц чулуудаад зөрөөд өнгөрөх нь тэр. Монголын ирээдүй болсон энэ жаахан хүүхдүүдэд хэн, ямар үлгэр дуурайл үзүүлсэн нь тодорхой. Томчууд нь архи дарсанд дурлаж, буруугаар нөлөөлөөгүй бол тэд өнөөдөр ингэж явахгүй. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаагийн байгууллагад 2021 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 733 бүртгэгдсэн байна. Үйлдэгдсэн гэмт хэрэгт 921 хүүхэд холбогдож, шалгагдсан аж. Энэ нь мөн оны үетэй харьцуулахад хэрэг нь 78 буюу 9.6 хувиар, холбогдогч хүүхэд нь 69 буюу долоон хувиар өссөн  үзүүлэлт аж. Мөн гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан хүүхдүүдийн 93 хувь нь 15-17 насны эрэгтэй хүүхэд байна.

Албаныхны мэдээлснээр “Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурах, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, холбогдох нь нэмэгдсэн. Ийм төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад багагүй бүртгэгдэж байна” гэсэн юм. Харин хүүхдүүдийн архи ууж, гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгаан нөхцөлийг тогтоодог эсэх талаар албаны хүнээс лавлахад “Гэмт хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд эцэг, эхчүүдээс хүүхдэд тавих хараа хяналт сул байна. Мөн сурагчдын амралт эхэлсэн үеэр хүүхдүүдэд тавих хараа хяналт суларч, бусдад уруу татагдаж байгаа нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна. Түүнчлэн ковидын үед ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн. Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурч, танхайрдаг боллоо. Хүүхдийн дэргэд архидан согтуурсан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа хэдий ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй маш олон удаагийн тохиолдол бий. Тэгэхээр хүүхдүүдэд аав, ээжийнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь хэвийн үзэгдэл юм шиг болсон. Байнга архи ууж болох, ууж үзэх сэдлийг төрүүлж, сэтгэхүйд нь нөлөөлж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжүүд хүүхдэд архи, согтууруулах ундаа зарж байна. Насанд хүрээгүй хүүхэд дэлгүүрт ороод “Аав, ээж архи аваад ир” гэсэн гэж хэлэхээр байнга үйлчлүүлдэг, таньдаг шахуу болсон учраас итгээд юм уу, эсвэл ашиг хонжоогоо бодоод хүүхдэд архи өгөөд явуулчихдаг. Угтаа бол 21 нас хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдахыг хуулиар хориглосон байдаг. Хаана, хаанаа үүргээ биелүүлж, хүүхдээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.184.216) 2022 оны 03 сарын 13

Busdad zuv ulger duurailal uzuuldeg humuusiig nemehed anhaarah heregtei. Buruu ger buld ussun ch zuv hunteigee uulzval buruu zuviig yalgaad ehelne shuu dee.

0  |  0
zochin(86.111.138.126) 2022 оны 02 сарын 18

Ваар саваа 5 цаг хүртэл ажиллуулдаг улс Монголоос өөр хаана ч бхгүй! хүн шөнө 22 ,23 цагаас өглөөний цай 6 цаг хүртэл унтах ёстой бусуу? Битгий унтацгаа архидаад зодолдоод алалцаад байр гээд бгаа юмуу хаашайн.Тэр битгий хэл бүтэн сайн өдөр ухаантай улс орнууд хүнээ амрах ,гэрч бүлдээ үр хүүхдүүдэдээ цаг гаргах,Eruul araart alhah bolomjiig nil olgoj buh delguur,zah ni amardag um bn huue.Sudladaggui umuu

0  |  0
Зочин(203.91.115.52) 2022 оны 02 сарын 18

За больё оо, хөөе. Тайван байж үз. Шинээр сонгогдсон гишүүд архаг хулгайч нарын эгнээнд шилжиж, дараа сонгуулийн пи ар одооноос чих дэлсэж байхад ийм юм ярьвал нийгмээс гадуурхагдана шүү. Архи тамхийг тайван орхи. Цаана чинь хөгжлийн банк гээд дуусдаггүй шинэ яриа эхэлсэн шүү.

0  |  0
би. (192.82.66.181) 2022 оны 02 сарын 18

хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдээ архинаас авармаар байна. Тэр олон эмэгтэйчүүдийн байгууллага хаанх байна, Удирдаж толгойлж яваа хүүхнүүд нь нэг л их албан тушаал нэр хүндийн төлөө явсан хүмүүс, жинхэнэ эмэгтэйчүүдийнхээ зовлон жаргалын тухайд үнэндээ юу ч хийхгүй болжээ

1  |  0
bi(192.82.66.181) 2022 оны 02 сарын 18

Маш зөв. Монголчууд бидний эмгэнэл бол ажилгүйдэл, ядуурал, авлигаас илүү архидалт болсон нь маргаангүй үнэн. Хамгийн түрүүнд архидалттайгаа л тэмцсэн шиг тэмцмээр байна. Тиймээс үүнийг бичсэн сэтгүүлч, нийтэлсэн сонин хэвлэл, сайт энэ хөндсөн асуудлаа, сэдвээрээ зогсолтгүй дуугарч бүр нэг далай шиг давалгаалуулаасай

2  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 02 сарын 18

xiix ajilgyi xumuus er emgyi arxi uuj baunaa

0  |  0
Top