“Миний зохиосон таны дуунууд” тун удахгүй эгшиглэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

МУСТА, хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандоржийн “Миний зохиосон таны дуунууд” тоглолт “UB palace”-ын концертын их танхимд гуравдугаар сарын 02-ны 19.00 цагт болох гэж байна. Тэрбээр түмний сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээл туурвисан бөгөөд “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”,  "Хос шарга", “Нутгаа саналаа”, “Нөхөрлөлийн дуу” зэрэг  250 гаруй дууны ая зохиосон билээ. Түүнийг өөрийн зохиосон дуунуудаасаа өөрөө дуулж олны хүртээл болгосныг ч сонсогчид андахгүй.

Хөг эгшгийн ур ухаан, хоолойн чадал чансаагаараа нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бүтээсэн хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж нь 2014 онд “Зөн билэгтэй ээж”, 2015 онд  “Монголын сайхан ээжүүд” зэрэг уран бүтээлийн олон тоглолт толилуулж байсан бол энэ удаагийн тоглолт нь эмэгтэйчүүдийн баярыг угтан хийж буйгаараа онцлогтой.  

Тоглолтод урилгаар МУАЖ С.Батсүх, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Х.Болормаа, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар зэрэг ард олны хайртай уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм. Мөн түүнчлэн МУСТА дуучин Л.Банзрагч, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА Д.Найдандорж, МУСТА  Э.Чинбаяр зэрэг уран бүтээлчдийн төлөөлөл оролцоно.

 “Зөөлөн зөөлөн замбуулин”-нд “Хос шарга”-аа дэргүүлсээр “Хосын хорвоо”-г ая дуугаараа аргадан уярааж яваа уран бүтээлчийн “Миний зохиосон таны дуунууд” тоглолтонд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top