Мөсний шагай харвааны багийн төрөлд Архангай аймаг, мөсний сур харваанд Н.Доржготов түрүүлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 19

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн болох мөсөн шагай, мөсний сур харваа “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд болж байна. Энэхүү наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг юм.

Энэ жилийн наадамд 21 аймаг, есөн дүүргийн 30 баг оролцож,  нийт 426 харваач цэц мэргэнээ сорьж байна.  Тодруулбал, мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300 харваач өрсөлдсөн юм.

Мөсний шагай харвааны багийн төрөлд Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав.

Харин мөсний сур харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров. Тус тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сур харвааны багийн шигшээ тоглолт болж, дүн эцэслэгдэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top