ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын газартай хамтран ажилласныхаа төлөө тогтмол мөнгөн урамшуулал авдаг байсан тухай хэвлэлийн бага хурал хийсэн. Холбогдох хуульд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ. Тагнуулын хэрэгт холбогдоод буй иргэн Ч.Мөнхбаярын төрсөн дүү Ч.Мөнх-Эрдэнэтэй холбогдлоо.
-Таны ахыг тагнуулын байгууллагаас баривчлаад байна. Болсон үйл явдлын талаар та байр сууриа илэрхийлээч?
-Энэ асуудал хамгийн гол нь нууцын зэрэглэлд хамаарах юм байна. Тийм болохоор хуулийн байгууллагаас биднийг мэдээлэл өгөхийг хориглосон. Гарын үсэг зуруулсан. Тэгэхээр ар гэрийнх нь зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Гарын үсэг зурсан байгаа.
-Та нэг сайт дээр мэдээлэл өгсөн байсан уу?
-Тэр бол гарын үсэг зурахаас өмнө нь болсон асуудал. Тиймээс тэр мэдээллийг ч гэсэн бүрэн устгуулсан.
-Мэдээж Ч.Мөнхбаяр гэдэг хүнд холбогдох хэргийн талаар хуулийнхан шалгаж байгаа болохоор янз бүрийн зүйл ярих нь хориотой байх. Ахыг тань гэрээс нь баривчлаад явахад ар гэрийнхэнд нь юу гэж хэлсэн бэ?
-Энэ талаар ч ярьж болохгүй. Бүх зүйл нууцын зэрэглэлтэй. Ер нь бол баригдсан нь үнэн. Өөр хэлэх юм байхгүй.
-Өмгөөлөгч авсан уу?
-Тийм. Өмгөөлөгч авсан. Үүнээс хэтэрч өгөх мэдээлэл байхгүй.
-Таны ах хэн, хэнтэйгээ амьдардаг байсан юм бэ?
-Энэ тухай мэдээллийг ч өгч болохгүй.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )