Өнгөрсөн онд 3136 ялтанд өршөөл үзүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2022.02.22/ өнгөрсөн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээллийг танилцууллаа. 

Монгол Улсын шүүх 2021 оны бүтэн жилд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн 2105 хэрэг, иргэний 2529 хэрэг, захиргааны 722 хэрэг, зөрчлийн 468 хэрэг нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. 

Хяналтын шатны шүүх 2021 онд эрүүгийн 322 хэрэг, иргэний 1576 хэрэг, захиргааны 145 хэрэг, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53.0 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт: Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 3136 ялтныг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 604 хүнд холбогдох 580 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,  6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 823 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 269 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1299 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 1091 хүн, 6 хуулийн этгээдэд холбогдох 1089 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 6953 хүн, 6 хуулийн этгээд хамрагджээ. 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа: Монгол Улсын шүүхээр 2021 оны бүтэн жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 19337 өргөдлөөс шийдвэрлэсэн 12369 өргөдлөөс 8480 буюу 68.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3889  буюу 31.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь өмнөх оноос 4.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үзүүлэлтийг Монгол Улсын иргэний хэргийн нийт шүүхийн шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлттэй харьцуулахад 18.1  хувьтай тэнцэж байгаа нь энэ хирээр ачааллыг бууруулсан гэж үзэхээр байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: Улсын хэмжээнд 2021 онд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1739 шүүх хуралдаанд 1768 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Иргэдийн төлөөлөгч оролцсон шүүх хуралдааны 871 буюу 50 хувь нь эрүүгийн, 709 буюу 41 хувь нь иргэний, 159 буюу 9.1 хувь нь захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан байна.  

Шүүх хуралдаанд оролцсон нийт 1768 иргэдийн төлөөлөгчийн 1714 нь нэг иргэдийн төлөөлөгч, 21 нь хоёр иргэдийн төлөөлөгч, 4 нь гурван иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгчдөд 61 сая 918 мянга 601 төгрөгийн хөлс олгожээ. Өмнөх онтой  харьцуулан үзвэл шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч 298 хүнээр буюу 14.4 хувиар буурсан байна. 

Шүүхийн үйлчилгээ: Монгол Улсын шүүхээс 2021 онд нийт 31 тэрбум 173 сая 917 мянга 264 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 16 тэрбум 258 сая 687 мянга 203 төгрөг, торгох ялаар 9 тэрбум 568 сая 941 мянган 330 төгрөг, зөрчлийн хэргээр 2 тэрбум 231 сая 805 мянга 600 төгрөг, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээгээр 3 тэрбум 114 сая 483 мянга 131 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top