Хүчиндэх, залилах гэмт хэргийн тоо өсжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2022.02.22/ өнгөрсөн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээллийг танилцууллаа. 

Монгол Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 10.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 15.9 хувиар тус тус буурсан байна. 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 13093 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12163 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1560 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Хүчиндэх, Залилах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • хүчиндэх гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7 хувиар,
  • залилах гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1 хувиар,
  • авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 242 хэргээр буюу 23.5 хувиар,
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 683 хэргээр буюу 12.0 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 361 хэргээр буюу 22.4 хувиар,  
  • дээрэмдэх гэмт хэрэг 78 хэргээр буюу 29.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд шүүхээс торгох ялаар нийт 6179 хүн, 2 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1518 хүн, хорих ялаар 1560 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1049 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Өнгөрсөн оноос торгох ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 19.3 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 26.5 хувиар, хорих ял шийтгүүлсэн хүний тоо 31.4 хувиар тус тус буурсан байна. 

Шүүхээс 6179 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 9 тэрбум 568 сая 941 мянга 330 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 4.2 хувиар өссөн байна.  

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав.

Улсын хэмжээнд 2021 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 618 хүнээр буюу 20.8 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 6 хүнээр буюу 1.9 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 9 хүнээр буюу 6.1 хувиар буурсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав.

Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилийн байдлаар нийт 144 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 15 хүн буюу 11.6 хувиар өссөн байна.   

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв.

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны бүтэн жилд харьяаллын дагуу зөрчлийн 21122 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 824 шийдвэрийг хянасан байна. 92 хуулийн этгээд, 4863 хүнд торгох шийтгэл, 16865 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 537 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 468 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 251 зөрчлийн хэрэгт буюу 53.6 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 109 зөрчлийн хэрэгт буюу 23.3 хувьд нь өөрчлөлт оруулж, 110 зөрчлийн хэрэгт буюу 23.1 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Б. Иргэний хэрэг

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар буурав.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 8234 хэрэг буюу 15.3 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад Иргэний хуулиар шийдвэрлэсэн маргаан 834 хэргээр буюу 3.3 хувиар, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн маргаан 5804 хэргээр буюу 30.2 хувиар тус тус буурсан бөгөөд үүнээс ажилласан жил тогтоосон маргаан 5233 хэргээр буюу 45 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг тоо өмнөх оны мөн үеэс 865 хэргээр буюу 25.5 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 730 хэргээр буюу 86.3 хувиар өссөн  байна. 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 18.1 хувиар бууруулав.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 12369 өргөдлийг шийдвэрлэж 8480 буюу 68.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3889  буюу 31.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

В. Захиргааны хэрэг

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.2  хувиар өсөв.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 240 хэрэг буюу 15.7 хувиар өссөн байна. Газрын маргаан 64 хэргээр буюу 18.4 хувиар, төрийн албаны маргаан 106 хэргээр буюу 53.3 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 4 хэргээр буюу 3.3 хувиар, татварын маргаан 32 буюу 60.4 хувиар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 4 хэргээр буюу 8 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 10 хэргээр буюу 25 хувиар, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан 2 хэргээр буюу 14.3 хувиар, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 50 хувиар тус тус өссөн бол тендерийн маргаан 33 хэргээр буюу 30.6 хувиар, сонгуулийн маргаан 28 хэргээр буюу 58.3 хувиар, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 14 хэргээр буюу 45.2 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 10 хэргээр буюу 9.2 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 7 буюу 26.9 хувиар, авто тээвэр, авто тээврийн улсын байцаагчийн акттай холбоотой маргаан 8 хэргээр буюу 72.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 60 хэргээр буюу 9.1 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 292 хэргээр буюу 66.8 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top