Миний найз Б.Ганболд гадаад ертөнцөд нэр цуутай “домог шиг” хүн байсан

2022 оны 02 сарын 23

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч асан Буяннэмэхийн Ганболд найз минь тэнгэрт хальсны 49 хоног тохиож байна. Явснаас нь хойших өдрүүдэд түүний тухай дурсамж хөвөрч, тэрбээр ямархан аугаа эр хүн байв, яасан ухаалаг “лидер”, ямар алсын хараатай удирдагч байлаа гэсэн бодлууд толгойд эргэлдэж, англичууд, бразиличуудын тоглож чадаад байгаа тоглоомыг нутагшуулж, монгол хүн хөлбөмбөг тоглож чадахыг харуулах гэж ямар их тархиа гашилгаж, оюуны бядаа дайчилж, ухааны урыг сийлж, зүтгэж тэмцэж, их зүйл бүтээж сүндэрлүүлж босгосныг хамгийн сайн мэдэх хүний хувьд, найзаараа бахархах, хайрлан хүндэтгэх сэтгэл төрж, өөрийн эрхгүй зүрх шимширч байлаа.

 

ТЭР, ХӨЛБӨМБӨГИЙН ЕРТӨНЦИЙН ДЭЛХИЙН ТОМЧУУДЫГ ӨӨРИЙН ЭХ ОРНЫ ЗҮГТ ХАНДУУЛЖ ЧАДСАН ХҮН

 

1997-2014 он бол бидний хөл­бөмбөгт хамтдаа зүтгэсэн он жилүүд бөгөөд нэгэн зорилгын төлөө салхи шуурга, цас бороотой амаргүй өдрүүд, олон саад давааг давж гарсан омогшил бахархлын он жилүүд, зорьсондоо хүрч, оргүй хоосноос орд харш босгож чадсан баяр бахархал, тэмцэл ялалтын агшнууд байсан юм. Монголын хөлбөмбөгчид хайрга чулуутай, шороотой талбайгаас, зүлэгтэй талбай, битүү дээвэртэй ордонд шилжин тоглох болсон дэвшил хөгжлийг Ганболд найз минь авчирсан гавъяатай.

Хөлбөмбөг бол өндөр техник, ур чадвар, хурд, мэдрэмж, тэсвэр тэвчээр зэрэг олон чанарыг тоглогчоос шаарддагтай адил, хөлбөмбөгийг удирдан залж, хөгжил дэвшилд чиглүүлж авч явах нь удирдагчаас нарийн ур ухаан, зоримог шийдэл, ухаалаг алхмуудыг шаарддаг, жинхэнэ эр хүн удирддаг тийм тоглоом билээ. Тэрээр, 1997 онд энэ агуу спортыг эх орондоо хөгжүүлэх суурь “фундамент”-ыг тавьж байхдаа, хэрэгтэй гэж үзсэн гадаад ертөнцийн “хаалга” нэг бүрийг эр зориг, соргог мэдрэмж, авхаалж самбаагаараа өөрийн биеэр очиж, ээлж дараалан нээж, тэнд байсан өргөн боломжуудыг эх нутаг руугаа шан татан урсгаж, олдсон боломжийг хэмжээнд нь тултал ашиглаж чадсан бахархам үйлс бүтээсэн юм.

Тэр, хөлбөмбөгийн ертөнцийн дэлхийн томчуудыг өөрийн эх орны зүгт хандуулж, монголчууд өгсөн боломжийг “чулуу” болгож чаддаг, итгэл даах хүмүүс гэдгийг тэдэнд өөрийн биеэр илтгэн харуулсан увдистай хүн. Хүний итгэлийг олж, хүнээс дэмжлэг авах нь санаснаар бүтдэг амар хялбар зүйл биш гэдгийг бизнес эрхэлдэг хүн бүр мэднэ, тэр тусмаа гадаад ертөнцөөс. Ялангуяа хөлбөмбөгийн бизнест энэ нь ихээхэн хамааралтай.

Гэтэл хүмүүст яаж хандаж анхаарлыг нь татах, тэдэнтэй хэрхэн хүндэтгэлтэй харьцах ухааны цар, харилцааны арга эвийг олж, хүний сэтгэлийг хөдөлгөх чадвар, итгэлийг даах ур ухааныг гарамгай мэдэрсэн ховорхон удирдагч, хосгүй “лидер” байж дээ, найз минь. Түүнийг байхад, дэлхийн томчууд (FIFA буюу Дэлхий Хөлбөмбөгийн Холбоо, AFC буюу Азийн Хөлбөмбөгийн Холбооны дарга, цэрэг, удирдлагын багийнхан) манайх руу ар араасаа тасралтгүй цувж, түүнийг Холбоогоо хэрхэн оновчтой зөв удирдаж, хамтрагч түншүүдтэйгээ хэрхэн зөв менежмент хийж байгааг харах гэж ирдэг байсан ба тэрээр хөлбөмбөгийн гадаад ертөнцөд нэр цуутай “домог шиг” хүн байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Хүмүүст хандах түүний харьцаа хандлага, санаа бодлоо шулуухан илэрхийлдэг өвөрмөц хэв маяг, бусдыг өөртөө татах увдис, хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх  чадвар, эр хүн шиг зан чанарыг нь тэд бахдан биширч, түүнтэй дорхноо дотнын анд нөхөд болж, дахин дахин Монголыг зүглэдэг байсан юм. Тэр ч өөрөө гадагшаа их явж, гадны олон ухаант хүмүүсийн ажлын арга барил, удирдахуйн ухаанаас олон зүйлийг ажиглаж, суралцаж, сурсан зүйлсээ шууд хэрэгжүүлдэг нэгэн байлаа.

 

ЛИГИЙН ЦОМЫГ МОРЬТОЙ, МОТОЦИКЛЬТОЙ БҮР МОРИН ТЭРЭГТЭЙ ЗАЛЖ АВЧРАХ САНАА ТҮҮНЭЭС Л ГАРДАГ БАЙВ

 

Монголын шигшээ багийн амжилт хэдий даруухан ч гэлээ, монгол хүний тархи, сэтгэн бодох чадвар, идэвх санаачилга япончууд, солонгосчуудаас дутахгүй гэдгийг Ганболд л тэнд харуулж, AFC-гийн Удирдах зөвлөл дээр тэр ямагт гол дүрд тоглож, Ганболдын үгийг заавал сонсож, шийдвэртээ тусгадаг цаг саяхан байв. Тэрээр анх харахад сүрдэм ширүүн дүр төрхтэй ч, тулаад нөхөрлөхөд хүнлэг ааш зантай, хүн чанар сайтай, тулхтай найз нөхөр байсан юм. Хувь хүнийхээ хувьд, цайлган зөөлөн сэтгэлтэй, ядарсан зовсонд ямагт тусалдаг өрөвч нэгэн байсан.

Тэрбээр, улс төр, бизнес, урлаг соёлын салбарт олон сайхан найзтай, найз нөхдийн хүрээлэл сайтай хүн байсан. Найзууд нь ч Ганболдыг тойрон хүрээлж, түүгээр бахархдаг, түүний чадвар, ухаан, мэдрэмжийг өндөр үнэлдэг байсан юм. Шинээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүнээр томилогдсон, Ганболдын чадвар чансааг сайн мэдэх нэг найз нь “Спортын яам байгуулъя, чам шиг хүн л энэ яамыг удирдаж чадна. Чи сайдыг нь хий!” гэхэд нь “Яах юм бэ, найз аа, би хөлбөмбөгөө л аваад явъя” гэж байсан хүн.

Жил бүрийн Үндэсний Лигийн тэмцээний нээлтийг өөр өөр өнгө төрхтэй, өвөрмөц сонин содон хийх гэж ур ухаанаа их шавхана. Лигийн цомыг морьтой, мотоцикл­той, бүр морин тэрэгтэй залж авчрах санаа зөвхөн түүнээс л гардаг байв. Түүгээр ч зогсохгүй, анхны Үндэсний Лигийн тэмцээний нээлтэнд тэрбээр Төв цэнгэлдэх хүрээлэнд нисдэг тэрэгнээс цомтойгоо бууж ирж, олныг алмайруулж байлаа. Хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгчдээ баярлуулах гэж л тэр. Хоёр метр гаруй диаметртэй, хийлсэн том том алаг бөмбөлгүүдийг хөөргөж дүүжилсэн автомашины цувааг хотын төв гудамжаар явуулж, хөлбөмбөгт олны анхаарлыг хандуулж чаддаг байлаа.

Хөлбөмбөгийн ээлжит нэгэн ДАШТ эхэлж байх үеэр УИХ-ын танхим дахь гишүүдийн ширээг хөлбөмбөгийн “алаг бөмбөг”-өөр дүүргэн чимэглэж, “сюрприз” барихыг сэтгэж чадах хүн гагц тэр л байсан биз ээ.  Аль ч спортын хөгжлийн “пирамид”-ын суурь нь хүүхэд гэдгийг тэрээр тамирчин хүнийхээ хувиар сайн мэддэг байсан ба хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн суурийг өргөн хүрээтэй тавихад анхаардаг байв.

Боловс­ролын яамтай хамтарч, сайдтай нь шууд тулж, хот хөдөөг хамарсан өргөн хүрээтэй ажил зохион байгуулж байсны нэг жишээ нь, “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр байлаа. FIFA-гийн мэргэжилтнүүдийг урьж, хүүхдийн хөлбөмбөгийн “Grassroots” сургалтыг олон аймагт явуулж, сургалтанд мянга мянган хүүхэд татан оролцуулж, хөлбөмбөгийн багш нарыг бэлтгэж байсан нь ирээдүй үеэ бэлдэхэд ач тусаа өгсөн гэж боддог.

Сүхбаатарын талбайг бүхэлд нь хөлбөмбөгчин хүүхдүүдээр дүүргэж, олон удаагийн сургалт явуулж байсан нь одоо бараг түүх болон үлдэж дээ.  Монголын үндэсний шигшээ багийг бүрдүүлж, хилийн чанадад олон улсын тэмцээнд анх ороход 11:0, 12:0-оор хожигдсон нь Ганболдод хүндээр тусч, өөрөө сайн хөлбөмбөгчин байсныхаа хувьд, энэ байдлаас түргэн гарах арга замыг эрэлхийлж, хийсэн бүх ажлаа үүнд чиглүүлж, зорьж зүтгэсний ачаар, 2002 оноос хойш учраа таарсан ямар ч багт хожигдлоо гэхэд, 6-аас илүү тооны зөрүүтэй хожигддоггүй, бүр цөөнгүй багаас хожил авч, манай хөлбөмбөгчдийн чадвар алхам алхмаар ахисныг дэлхийн хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ярьж, үнэлдэг байсан юм.

Ийм л түвшинд тэр хөлбөмбөгийн хөгжлийг аваачиж чадсан зангарагтай удирдагч, хийморьтой эр хүн байсан юм даа, тэр минь! Хийж бүтээх гэсэн түүний чин хүсэл эрмэлзэл, хичээнгүй зүтгэлтэй зэрэгцээд, сод авъяастай, гойд чадвартай энэ хүний нэр хүнд, ололт амжилтанд атаархагчид, суудлыг нь эзлэхийг горилогчид, хардагч сэрдэгчид олон жил түүнээс салалгүй, хажуу бөөрнөөс нь маажиж малтаж, зогсолтгүй мэрж ноолж ирсэн гашуун үнэн бас бий.

Сайн явахад садаа мундахгүй гэгчээр, амжилттай яваа нэгнийгээ заавал доош нь татаж унагадаг “Тамын тогооны үлгэр” бол монголчуудаас салдаггүй нэг муухай авир юм даа. Тэрээр энэ бүхнээс эцэстээ залхаж, “Зорьж хүссэн зүйлүүдээ үндсэнд нь хийлээ, бүтээлээ. Одоо энэ ажлаа, авах гэж дурлаад байгаа тэр хүмүүст нь нэр төртэй хүлээлгээд өгчихье, хоёулаа!” гэж ярьж байсан яг тэр агшинд (2014 он), FIFA-гаас түүнд хугацаатай шийтгэл ногдуулсан нь, ихээхэн азгүй тохиодол болсон юм.

Учир юун гэвэл, нэг талаас өндөр “амбиц”-тай явагддаг FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өрсөлдөөн ид хурц явагдаж байсан тэр эгзэгтэй үед, шинээр сонгогдох өндөр магадлалтай гол өрсөлдөгчийг нь (UEFA-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр хүндтэй эрхэм) Монголд урьж айлчлуулснаар (уг нь Монголын хөлбөмбөгт тустай, алсыг харсан, давхар бодол Ганболдод байсан юм), суусан суудалдаа улирахыг хүсч байсан эрх ашигтай сөргөлдөж, эгдүүцлийг нь хүргэсэн, нөгөө талаар манай өнөөх атаачин жөтөөчингүүдээс олон жилийн турш Ганболдыг муулж хэмлэж, гүтгэж гүжирдэж, матаас бичдэг байсан нь нэрмээс болж, хэлмэгдэлд өртсөн нь гарцаагүй үнэн билээ. Худал юмыг олонтаа давтваас үнэн болдог гэдэг тэр байх.

Эцэст нь нэг зүйл дурдахад, FIFA-гийн өнөөгийн удирдлага өнгөрсөн жил Монголд ирээд, МХБХ-ны одоогийн удирдлагаас “ноён Ганболд хаана байна? Тэр одоо юу хийж байна?” гэж асуухад: “Тэр хүн ор сураггүй алга болсоон!” гэж хэнэггүй хариулсныг сонсоод, үнэхээр сэтгэл гонсойж билээ. Тэр үед найз минь амьд сэрүүн, гэртээ л байж байсан шүү дээ. Энэ бол Ганболдыг дэлхий үнэлдэг байсан, одоо ч үгүйлсээр байгаагийн баримт бус уу. Гэвч, миний найзыг “морь Ганболд” гэсэн нэрээр нь хүмүүс андахгүй бөгөөд “тэнгэрлэг” эр хүн байсныг нь, түүний амьдралын сүүлчийн мөчүүдэд тохиосон үзэгдлүүд батлан харуулах шиг.

Тэрээр, өмнөх оныхоо сүүлчийн өдөр биш, заавал шинэ 2022 оны эхний өдрийн од мичдийг үзэж байж тэнгэрт заларсан, бас түүнийг үдэж гаргасан тэр өдөр, “давхиж буй морины дүрстэй” үүл тэнгэрт үзэгдсэн зэрэг нь, түүний минь хэр зэрэг тэнгэртэй, аргамаг монгол хүлэг шигээ золбоо хийморьтой эр хүн байсныг байгаль дэлхий хүртэл нотолж байна даа гэж дотроо сүсэглэн бодож байлаа, найз нь. Монголын хөлбөмбөгт чиний үлдээсэн мөр “агуу том” учир, тайван нойрс доо, анд минь! Чи минь сайн төрлийг олж, эх дэлхийдээ дахин мэндлэх нь гарцаагүй. Тэр цагт агуу найзтайгаа ахин учрахын ерөөл талбия. Ум сайн амгалан болтугай! 

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Дэмчигдоржийн Ганбат

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR Rush Qin(185.187.243.244) 2022 оны 02 сарын 24

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэ

0  |  0
Top