Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлыг мягмар гаригт (2022.02.23) зохион байгууллаа. Тус хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээ сэдвээр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг мэдээлэл өгөв.
Тэрээр ’’Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12.068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 12.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. Мөн залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна’’ гэлээ.
Хөгжлийн банктай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас тодорхой хүмүүсийг хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Энэ асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга З.Баяржаргалаас тодрууллаа.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар хэдэн хүнийг хорих санал прокуророос шүүхэд ирсэн бэ?
-Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах талаар санал ирсэн. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж аваад өчигдрийн /2022.02.22/ байдлаар нийт 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн ’’Бэрэн’’ группын захирал Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал 11.00 цагаас эхэлсэн.
-Н.Мөнхбатад холбогдох хэрэг аль шатандаа явна вэ?
-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах санал ирсэн боловч шүүх хуралдааны явцад уржигдар яллагдагч Н.Мөнхбатын зүгээс шүүгчээс дахин татгалзсан. Уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хойшлуулсан. Үүнд яллагдагч, Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Х.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан гэсэн хүмүүст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн Нийслэлийн прокурорын газраас ’’Алтай констракшн’’-ны захирал Х.Бат-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэн. Улмаар шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж хилээр гарах хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэвээр үлдээсэн.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )