Цаг хугацаагаар аялагч хангарьд “СУУТ НУУЦ”-ыг дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Зохиолч, яруун найрагч, сэтгүүлч Д.Дамдинжавын суу билгийн судар “Суут нууц” номын тэргүүн боть нээлт өчигдөр (2022.02.22) боллоо.

Уран зохиол, сэтгүүл зүй, гүн ухааны гурвалсан бүтээл болох тус номын тэргүүн боть “Цаг хугацаагаар аялагч хангарьд” нэртэй хэвлэгдэж, нээлтээ хийсэн даруйдаа олон уншигчдын сонирхлыг татаад байгаа юм.

“Суут нууц” нь гурван ботиор хэвлэгдэх бөгөөд дараагийн хоёр боть нь тун удахгүй хэвлэгдэх аж. Тэргүүн ботид Аригбөхөөс эхлээд түүхэн хүмүүстэй “хийсэн ярилцлагууд” багтаж байгаа юм. Энэ нь сэтгүүл зүйн эчнээ ярилцлага төрөлд хамаардаг бөгөөд энэхүү төрлийг зориглож бүтээл хийснийг нь судлаач шүүмжлэгчид өндрөөр үнэлж байв.

Зохиолч яруу найрагч Д.Дамдинжав нь өвөрмөц санаагаа бүтээл болгохын тулд нэг дүр дээрээ 20 гаруй ном уншиж, маш их судалгаа хийж, түүх уншжээ. Эчнээ ярилцлагын төрлөөр бүтээл хийх санаагаа оюутан байхдаа л бодож олсон аж. Тэр цагаас хойш өөрийн төсөөллийн ертөнцдөө даяан сууж олон жил амьдарсан гэдэг. Д.Дамдинжав томоохон гурван салбарыг нэгэн цул болгож нийлмэл бүтээл болгохын тулд нөр их хөдөлмөр зарцуулахын сацуу хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэхээс эмээж байснаа ч нуусангүй.

“Суут нууц” номонд Ардын уран зохиолч Тангадын Галсан утга зохиол талаас нь, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатар түүхэн талаас нь, сэтгүүл зүйн ухааны доктор, зохиолч До.Цэнджав сэтгүүл зүйн талаас нь зөвлөх редактораар ажиллажээ.

 

Д.ЦЭНДЖАВ: МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ ЭЧНЭЭ ЯРИЛЦЛАГЫН ТӨРӨЛ УРЬД ХОЖИД ГАРЧ БАЙГААГҮЙ

 

 

“Суут нууц” тэргүүн бодит Монголын суут есөн түүхт хүн оржээ. Д.Дамдинжав нь олон цаг хугацааны олон дүрүүдтэй “ярилцсан” бөгөөд Аригбөх, Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Богд Хаан, Ю.Цэдэнбал, Солийн Данзан, Б.Ринчен, Р.Чойном зэрэг хүмүүсийг багтаажээ.

Зөвлөх редактораар ажилласан МУСГЗ зохиолч Д.Цэнджав “Д.Дамдинжав үнэндээ юу хийчихэв ээ! Энэ номыг бүрэн уншиж дуусахаасаа өмнө хэн ч түүний бүтээсэн ид шидийг бүрэн ойлгож чадахгүй. Д.Дамдинжав чимээгүйхэн даруу юм шиг атлаа адармаатай л даа, юу ч сэдэж хийж мэдэх нэгэн гэдгийг анхны жилийн оюутан үеэс нь анзаарч мэдэрсэн. Гэхдээ арай ч үүнийг бол төсөөлөөгүй ээ..." хэмээн номын өмнөтгөлд бичжээ.

Мөн тэрбээр номын нээлтэн дээр хэлсэн үгэндээ “Дамдинжавын энэ бүтээл сэтгүүл зүйн түүхийн нэр томьёололд ч ороогүй шахуу өнөөдөр бидний дунд байхгүй түүхт хүмүүстэй нэхэн эдүгээчилж ярилцсан тун содон, маш сонирхолтой, аль ч талаараа шинэлэг, ланжгар ном болсон. Түүхэн суут хүмүүсийг амьдруулж, өндийлгөж босгож ирээд өмнөө суулгаад ярилцаж байгаа юм шиг бичжээ. Монголын түүхэн цаг үед тодорсон суут хүмүүсийн дотоод философи, үзэл санаа, тэмцэл, сэтгэл зүй гээд бүхий л талаас нь товойлгож гаргаж чадсан байна. Энэ бол сэтгүүл зүй, сэтгэл зүй, философийн том бүтээл болжээ” гэж үнэлсэн юм.

Тэгвэл түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Монголын түүхэнд асар том ул мөрөө үлдээсэн түүхэн хүмүүсийг хооронд нь эсрэгцүүлж тавьсан нь сонирхолтой санагдсан. Зохиолч маань түүхийг зохиогоогүй түүхэн баримтат дүр дээр уран сэтгэмж оруулж тухайн дүрээ сэрээж  чадсан. Түүхээс гажвал захиалгын түүх болдог. Гажуудуулахгүй бичнэ гэдэг маш их судалгаа, хөдөлмөр. Түүхийн философийн төрлөөр Д.Дамдинжав гэдэг залуу гарч ирж байгаад баяртай байна. Үндэсний дархлааг сэрээсэн сайхан бүтээл хийжээ.

Түүхийн гүн рүү нь олон нийтийг татан оруулах үйлсэд түүний бүтээл өндөр үүрэгтэй санагдаж байна. Аригбөхтэй ярилцсан ярилцлагыг уншихад Д.Дамдинжав өмнө нь сөгдөөд суучихсан гүн хүндэтгэлтэйгээр асууж байгаа дүр төрх бууж байна. Асуулт бүхэн нь түүхэн онол арга зүй дээр тулгуурлаж утга зохиол, сэтгүүл зүйн аргуудаар баяжигдсан байгаа нь үнэлүүштэй” гэлээ.

“Суут нууц” номын зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав Энэ ном бол суутнуудын түүх юм. Хуурай түүх биш амьдчилсан байдлаар ярилцсан бүтээл юм. Ирээдүйн хүмүүсийн асуухыг хүсдэг асуултын хариултыг тэдний өмнөөс хариулсан. Хариултыг түүхт хүмүүсийн бүтээсэн баримтат өв, ном судраас ухаж гаргаж ирж уран сайхны аргаар утга зохиолын хэлээр үзүүлсэн. Нас барсан хүнтэй ярилцана гэхээр хүмүүс сонин хүлээж авч байсан л даа.

Сэтгүүл зүйн эчнээ ярилцлага төрлийг зориглон барьж авч хийлээ. До.Цэнджав багш маань энэ номыг гаргахад хамгийн том зоригжуулагч нь. Анх санаа төдий байх үеэс л "Чи л чадна" хэмээн урамшуулж, бас нэмээд "Муу бичих эрхгүй шүү, чи! Наад зүйлээ хэрвээ чи муу хийвэл ганц чиний алдаа биш, маш том алдас болно" гэж айхтар сануулан ташуур, цулбуур хоёрыг хамт атгуулсан. Тэнэг шавийнхаа тэнэгдүү зоригийг ийнхүү үл мохоож эхнээс нь дуустал хүч өглөө. Өнгөрсөн үеийн бахдам түүхт хүмүүсийн үзэл номлолыг уншиж байхдаа маш их мэдлэг олж авсан. Энэ бол залуу хойч үед хийж үлдээх ёстой ажил юм байна гэж бодсон” хэмээлээ. 

Номын редактораар ажилласан “Зиндаа” сэтгүүлийн зөвлөх Ц.Оюунчимэг “Д.Дамдинжав бид хоёр “Зиндаа” сэтгүүлийн хамтрагчид. Өмнө нь би түүний “Гол тоглогч” номыг редакторлаж байсан. “Суут нууц” ном нь уншигчийг цаг хугацаагаар аялуулах томоохон бүтээл болжээ. Мөн түүхэн талаас нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтойн дээр түүхэн хүмүүсийн мөн чанарыг, үзэл бодол, дотоод сэтгэлийг илэрхийлсэн байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Д.СУМЪЯАБАЗАР: МОНГОЛ  ТҮҮХЭЭР АЯЛУУЛСАН АСАР ӨРГӨН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БҮТЭЭЛ БОЛЖЭЭ

 

Түүхэн зүтгэлтнүүдээсээ ирээдүйн хүмүүс “яагаад” гэсэн асуултыг тавихыг хүсдэг. Тэрхүү асуултанд нь хариулт эрэлхийлж, оюун сэтгэлээ ширээж 15 жилийг орчлонгоос холхид өнгөрүүлсэн он жилээ Д.Дамдинжав ийнхүү та бидний гар дээр дэлгэжээ.

Номыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ивээн тэтгэсэн юм. Тэрбээр номын нээлтэнд хүндэтгэн ирж үг хэллээ.

“Нийслэлд хүндрэлтэй олон асуудлыг шийдэх амаргүй ажил байдаг. Тэр их ажлын хажуугаар тархи толгой, сэтгэл зүрхийг амраасан аз жаргалтай мөч хором болж байна. Би багаасаа түүх сонирхдог хүүхэд байсан. Хэрэв спортоор яваагүй бол түүхч болох байсан болов уу.

Д.Дамдинжавыг “Суут нууц”  номынхоо талаар ирж уулзахад нь тухлан сууж ярилцсан. Монголынхоо үүх түүхийг ярилцаж суухдаа өөрийн санаа бодлоо ч илэрхийлж байлаа. Монгол Улсын түүх бахархалтай, харамсалтай уналттай, сэргэлттэй олон өнгө хосолсон. Энэ ном ард түмнийг түүхээр аялуулсан асар өргөн ач холбогдолтой бүтээл болжээ. Энэ төрлийг барьж авна гэдэг мэдлэгтэй, мэдрэмжтэй хүний хийх ажил. Шинжлэх ухаантай, судалгаатай, маш их цаг хугацааг зарцуулсан бүтээлийг дэмжих нь зөв гэж бодсон.

Техник технологи хөгжсөн энэ үед Монголынхоо түүхийг шинэчлэн сэргээж дижитал байдлаар хүүхдүүдэд таниулах үйлсэд та бүхнийг зүтгэхийг уриалж байна. Хүүхдүүдэд түүхээ мэдүүлэхийн тулд хичээлийнх нь программд нарийн тусгаж зааж сургах хэрэгтэй. Япон хүнийг таван наснаас нь хүмүүжүүлдэг гэдэг. Түүн шиг монгол хүүхдийг багаас нь эх түүхээ мэддэг болгож хүмүүжүүлэх нь чухал юм” хэмээн хэллээ.

“Суут нууц” номын зохиолч Д.Дамдинжав нь Монголын Зохиолчдын эвлэлийн “Алтан өд” шагналт зохиолч юм. Тэрбээр сэтгүүл зүйн памплет төрлөөр “Гол тоглогч” цуврал ном хэвлүүлж байсан туршлагатай сэтгүүлч билээ. Мөн түүнчлэн яруу найргийн “Зүрхний хэл”, “Дотоод тэнгэр” зэрэг номоо уншигчдын хүртээл болгосон авьяаслаг яруу найрагч.

Суут билгийн судар “Суут нууц” номын дэд, гутгаар боть нь “Нууцын авдарт архирах улаан арслан”,  “Хөлгөн их түүхийн оньс тайлагч хөх чоно” бүтээл хэвлэгдэхэд бэлэн болсон байгаа бөгөөд Чингис хаан, Сорхугтани хатан, Догсомын Бодоо, Дашдоржийн Нацагдорж, Лодонгийн Түдэв, Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Очирбатын Дашбалбар, Санжаасүрэнгийн Зориг зэрэг 20-иод түүхэн дүртэй “ярилцсан” гэдгийг ташрамд дуулгая.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top