Ж.Сарантуяа: Шинэ ном гэдэг бол хүмүүний тархины "талх" юм

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Суу билгийн судар-Суут нууц” номын нээлтийн үеэр зохиолч, яруу найрагч Ж.Сарантуяа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Д.Дамдинжавынхаа “Гол тоглогч”, “Дотоод тэнгэр” болон шүлгийн номуудыг нь уншиж байсан. Дүү маань өвөрмөц сэтгэлгээтэй, өөрийн арга барилтай. Чимээгүй байж байгаад л гэнэт юмаа гаргаж ирдэг. Дэлбэрдэг, тэсэрдэг. Хачин намуухан, дотогшоо их сонин зан чанартай. Тэгсэн хэрнээ нээлттэй ярилцдаг. Уран бүтээл хийж байх үедээ өөрийгөө хуяглачихсан яст мэлхий шиг болдог.

Зарим номыг унших гэхлээр сонирхолгүй санагдаад дундаас нь орхих тал байдаг шүү дээ. Харин Дамдинжавын бичсэн номуудыг уншиж эхэлсэн л бол дуусгахаас нааш санаа амардаггүй. 

Аливаа шинэ бүтээл, ном гэдэг бол хүмүүний тархины тэжээл, талх юм. Оюун ухааныг маань ундаалдаг, тэтгэдэг уран бүтээлч нартаа баярлалаа" гэсэн юм.

Түүний ярилцлагыг видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.


Урьд хожид хаана ч гараагүй, хэний ч ухаж олоогүй суут нууцыг уудлан өгүүлэх “Суу билгийн судар-Суут нууц” ном нь тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эрт эдүгээгийн алдарт эрхмүүдийн нууц суу билгийг уудлан нээсэн нэн шинэ бүтээл юм.

Энэхүү бүтээл нь “эчнээ ярилцлага” буюу энэ хорвоод оршин байсан ч өнөө цаг үед байхгүй агуу суут хүмүүстэй одоогийн цаг мөчид байгаа мэт харилцан ярилцаж буй хэлбэрээр бичсэн гэдгээрээ мөн онцлог бүтээл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top