Цаасан дээр байгуулсан хоёр яамны хувь заяаг Цэц шийднэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Нийгмийн шаардлага, улс орны хөгжил гэх малгай өмсгөж байгаад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг тус тус шинээр байгуулах Засгийн газрын тогтоол гаргасан.

Хэлтэс, газар, орон тоог нь батлаад 2022 оны төсөвт Эдийн засаг хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөгийн зардал суулгаж өгсөн байдаг.

Үүгээр ч зогсохгүй сайд нар нь тодорчихоод зарим нь алба хэлтсийнхээ дарга нарыг томилж байгаа сурагтай. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр өнгөрөгч арваннэгдүгээр сард Цэцэд гомдол гаргажээ. Нэр бүхий гишүүдийн гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээн авснаар шинээр төрөх гэж дуншин буй яам, тамга гардах гэж яарсан сайд нарыг гацаав.

Тэд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандсан.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно ярилцаад уг заалтыг оруулсан. Гэтэл Засгийн газар үндсэн чиглэлийн бус өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдах гадаад харилцаа, хууль эрх зүй, мөнгө санхүүгийн бодлого, цаашлаад үндэсний аюулгүй байдал гэх мэт бодлого хамаарсан яамд үндсэн чиглэлийнх байх ёстой.

Гэтэл Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд байх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд байх зөв үү гэх утга бүхий гомдол гаргасан.

Ингээд Цэцийн шийдвэр хэрхэхээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдах учраас түүнийг дагаад шинэ яамдын сайд нарын асуудал ч мөн хойшлогдсон. Уг нь Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбогдуулан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг татан буулгаж, дарга нарыг нь шинээр байгуулж буй яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга асан Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга асан Б.Болор-Эрдэнийг томилж, Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хугацаагаар хариуцуулж орхисон хэвээрээ байна. Албан ёсоор байгуулж, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон ч энэ бол цаасан дээр байгуулсан яам.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж эхлэхээр зэхэж буй үед яах аргагүй хэрэгтэй зүйл бол Эдийн засгийн хөгжлийн яам. Мөн цахимжсан энэ үед Цахим хөгжил, харилцаа холбооны яам зайлшгүй хэрэгтэй байх. Энэ утгаараа Засгийн газрын тогтоол хэрэгжих учиртай. Үүнийг хэрэгжих эсэхийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ. Нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн гомдлыг зөв гэж үзвэл хоёр яам эмхлэн байгуулагдаж ажил эхлэхгүй нь ойлгомжтой.

Засгийн газар зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Цэцийн шийдвэр гомдлын дагуу гарвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр зам байхгүй. “Эцэг хууль”-д гар хүрнэ гэдэг өнөө маргааш шийдвэрлэчих асуудал биш. Үүнийг нийтээр хэлэлцэнэ, урт удаан хугацаанд санал солилцох зэргээр явж, эцэст нь холбогдох байнгын хороо, УИХ-ын босгоор давуулж байж сая эцэслэгдэнэ. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаагүй байна.

Тэгэхээр энэхүү шийдвэр гарч гэхэд УИХ хүлээн авч хэлэлцэнэ. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээс асуудал шалтгаална. Хэрвээ УИХ хүлээж авахгүй бол яах вэ зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Магадгүй энэ асуудал нь шийдлээ олохгүй байсаар 2024 онтой золгох болов уу. Цаасан дээр байгуулсан яамны хувь заяаг Цэцийн шийдвэр эцэслэн шийдвэрлэх учраас тамга мөрөөдөж яваа сайд нар сэрүүн зүүднээсээ сэрэх цаг нь болсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top