АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа.
Мөн Цагаан ордны тэргүүн энэхүү шинэ хориг нь Вашингтон болон барууны холбоотнуудын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний эхний шат гэдгийг онцолсон байна.
Жо Байден Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар “Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарлагч хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрч, цэргээ илгээсэн явдлын хариуд Москвагийн эсрэг хэрэгжүүлэх эхний хориг. Энэ бол барууны холбоотнуудын хамтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээний ердөө нэг хэсэг юм. Хэрэв ОХУ хурцадмал байдлыг үргэлжлүүлж, Украинд цэргийн хүчээр түрэмгийлсэн тохиолдолд хориг арга хэмжээ үргэлжлэх болно” гэсэн юм.
ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД
Жо Байден ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээний улмаас АНУ дахь нефть, шатахуун, байгалийн хийн үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Цагаан ордон өөрийн бүх нөөц бололцоог дайчлахаа илэрхийлсэн бөгөөд ирэх саруудад эрчим хүчний үнэ өсөх хандлагатайг хүлээн зөвшөөрсөн байна.
АНУ-ын хөрөнгө оруулалтын “JPMorgan Chase” банкны эрчим хүчний түүхий эдийн судалгааны баг ОХУ болон Украины хооронд дайн дэгдсэн тохиолдолд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ баррель тутамд 120-150 ам.доллар давах урьдчилсан тооцооллыг хийсэн. Тэгвэл лхагва гарагийн арилжааны байдлаар дэлхийн зах зээл дээрх Брент маркийн газрын тосны ханш баррель тутамд 96.97 ам.долларт хүрчээ. Харин ОХУ-ын “Sokol”-ын ханш 3.15 хувиар өсөж, баррель тутамд 97.84 ам.доллар, “ESPO” 4.27 хувь өсөж, 98.79 ам.долларт тус тус хүрээд байна.
Мөн дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ галлон тутамд 2.72 ам.доллар болж, 2014 онд ОХУ Крымийн хойгийг эзлэн түрэмгийлснээс хойших рекорд түвшинд хүрчээ. Түүнчлэн
НАТО-гийн онгоцууд байлдааны бэлэн байдалд орсон тухай эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Тэрбээр “Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсан үед 100 гаруй байлдааны онгоцыг ашиглахад бэлэн. ОХУ БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрснийхөө дараа Украин руу өргөн цар хүрээтэй довтлохоор төлөвлөж байна” хэмээсэн байна. "Бид Оросыг ухрахыг уриалж байна. Дайралтаас татгалзахад хэзээ ч оройтдоггүй" гэдгийг Столтенберг онцолсон.
Мөн шаардлагатай тохиолдолд зүүн Европт цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Украиныг тойрсон асуудал хурцдаж, улмаар Орос улс Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьж, ОХУ Украин руу довтлохоос сэргийлэхийг хичээж байгаа юм.
Үүнээс гадна Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсаас нийтдээ 100 мянга орчим дүрвэгч Орост ирсэн талаар ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Николай Панков мэдэгджээ. "Сүүлийн өдрүүдэд орон гэрээ орхин дүрвэсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настны тоо 100 мянга орчим болсон. Тэднээс 29 мянга гаруй нь хүүхдүүд" хэмээн Батлан хамгаалахын дэд сайд мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ. Донбасст хоёрдугаар сарын 17-ны өдрөөс нөхцөл байдал хурцадсан юм. БНДАУ, БНЛАУ-ын эрх баригчид бүх нийтийн дайчилгаа зарлаж, энгийн иргэдийг Орос руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )