Б.Отгонжаргал: “Хун галуу” надад гайхамшиг бэлэглэсэн увидастай дуу

2022 оны 02 сарын 25

"Өнө мөнх эх орон", Хайрлахын жаргал" бие даасан тоглолтуудаа хийж, уянгалаг дуу хоолойгоороо "Хайрын эгшиглэн", "Миний ээж тэмээчин", “Өнө мөнх” зэрэг олон уран бүтээлийн эзэн болсон бүсгүйтэй ярилцлаа. Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал тун удахгүй “Хун галуу” тоглолтоо толилуулах гэж байгаа энэ торгон агшинд түүнтэй өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.


-“Хайрлахын жаргал” тоглолтоо хийснээс хойш дөрвөн жил өнгөрчээ. 2020 онд тоглох байсан тоглолт нь цар тахлын улмаас хойшлогдсон. Энэ үед ямар санагдаж байв?

-“Хун галуу” тоглолт маань 2020 оны арваннэгдүгээр сард тоглох байсан боловч яг тоглолт эхлэхээс хоёрхон хоногийн өмнө цар тахал Монголд илэрсэн. Улс даяараа хөл хорионд орж байсан ч тоглолт маань цуцлагдаагүй байсан. Үзэгчид маань ч билетээ буцаахгүй гэдгээ илэрхийлсэн. Цаг үеийн нөхцөл байдлыг харзнаад, цар тахал намжтал хүлээхээс өөр аргагүй байлаа. Би ч өөрөө энэ өвчний дэгдэлтэнд сэтгэл зүйн цочролд орж, аймшигтай өвчин юм байна гэсэн айдастай байсан. Гэтэл одоо би өөрөө өвдөөд энэ өвчний ард гарсан байна. “Хун галуу” тоглолтоо ирж яваа хавар цаг, сайн сайхныг бэлгэдээд гуравдугаар сарын 6-ны өдөр хийхээр боллоо.

-Тоглолтоо “Хун галуу” гэж нэрлэжээ. Энэ дууны утга учир нь их л увдислаг санагддаг?

-“Хун галуу” дуу нь Өвөрмонголын Баяннуур аймгийн хунт нуураас үүсэлтэй монгол туургатны дуулах дуртай ардын сайхан бүтээл. Энэ дуу надад аз жаргалтай нулимс, баяр бахдал, гайхамшгийг бэлэглэсэн увдистай дуу учраас би энэ дуундаа хайртай. “Хун галуу” дууны хөгжмийн найруулгыг “Анир” студийн Г.Алтанхуяг үнэхээр гайхалтай хийж өгч, ДБЭТ-ын симфони оркестр, БЦДБЧ-ын найрал дуучид оролцсон. Маш олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэл орсон бүтээл болсон доо.

-Тун удахгүй Мартын 8-ны баяр болох гэж байна. Манай Монголын эмэгтэйчүүдийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монгол эмэгтэйчүүдээ би чин сэтгэлээсээ хүндлэн биширдэг. Монгол эх хүний агуу сэтгэл, ариун хайрыг юутай ч зүйрлэшгүй. Монгол бүсгүйчүүд үр хүүхдийнхээ төлөө үхэн үхтлээ санаагаа чилээж, тэмцэж босож, зүтгэж хөдөлмөрлөж чаддаг. Нуруундаа энэ ертөнцийг үүрээд явж чаддаг хүчирхэг хүмүүс. Гадаад, дотоодын олон газраар явж байхад монгол бүсгүйчүүд бахархмаар сайхан биеэ авч явж, ажиллаж амьдарч байна. Хүний нутагт чөмгөө дундартал зүтгэж байгаа ч гоо сайхан хэвээрээ, гоё сайхан инээмсэглэсэн янзаараа тийм л хат тэвчээртэйг нь хараад нулимс ивлэмээр. Амьсгалах тоолондоо үр хүүхэд, хань ижил, эх орныхоо төлөө байдаг тийм л амь халуун сэтгэлтэй хүмүүс дээ.

-Та нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлаж гадаадад сурахаар явсан. Энэ хугацаанд өөрийгөө гадаад болон дотоод өнцгөөсөө хэрхэн өөрчлөгдсөн гэж боддог вэ?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Англи улсад хэлээ сайжруулах зорилгоор хоёр жил сураад ирсэн. Энэ хугацаанд өөртөө урлагийн хувьд маш их өөрчлөлтийг хийсэн гэж боддог. Эх орондоо ирснээс хойш олон сайхан уран бүтээл минь шинээр төрөн гарч үзэгч сонсогчдодоо хүргэжээ. Залуус маань боломж нь байвал гадагшаа сурч, боломж нь байхгүй бол орчноо солиод үзэх хэрэгтэй. Гадаадад сурахаар явсан минь маш том зориг байсан. Тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч өөртөө маш зөв эргэлтийг хийж, салхи оруулжээ гэж талархаж явдаг.

-Улсын филармонид ажилласан он жилүүдээ эргэн дурсвал?

-Улсын филармонид долоон жил ажилласан. Монгол Улсын хөгжмийн гурван том оркестр энэ дээвэр дор найрсдаг. Урлагийн том байгууллагад ажиллаж байхдаа олон сайхан бүтээлийг амилуулж, арвин туршлага хуримтлуулсан. Үе үеийн урлагийн сор болсон хүмүүсээсээ ч их зүйл сурсан их сургууль учраас бүгдэд нь талархаж явдаг.

-Та дуурийн дуулаачийн анги төгссөн. Энэ чиглэлээрээ дуулах бодол байдаг уу?

-Би СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр Ардын багш О.Ичинхорлоо болон Боловсролын тэргүүний ажилтан Т.Энхтуул багшийнхаа удирдлага дор суралцаж төгссөн. Дуурийн театртаа дэлхийн сонгодог бүтээлийг дуулах юмсан гэж мөрөөдөж явдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын хөгжим, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн цомнол “Хязгааргүй” хэмээх моно дуурийн гол дүрд дуулж байсан. Мөн Бээжин хотноо Н.Жанцанноров багшийн хөгжим “Хайр шингэсэн тоорой мод” дуулалт жүжгийн гол дүрд дуулж байлаа. Би хөгжимт жүжиг, дуулалт жүжиг дуулах хүсэлтэй. Нэг л өдөр сонгодог дуурийг дуулах хүсэл мөрөөдөл минь биелэх байх.

-Таны дуулсан “Миний ээж тэмээчин” дууг ард түмэн уяран хайлан сонсдог. Энэ дууны клип нь их өвөрмөц болсон байна лээ?

-Энэ дуу бол XX зууны шилдэг сонгодог монгол дууны оргил бүтээлийн нэг яах аргагүй мөн. Энэ бүтээлийг дуулах боломж олдсондоо баярлаж явдаг. Клипийг нь “S entertainment”-ын н.Тулга гэдэг залуу хийсэн. Дүрийн сонголтыг ч сайн хийж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, мисс А.Баярцэцэг нар маань ч их сайхан дүрээ бүтээсэн. “Миний ээж тэмээчин” дуу маань гадна, дотнын олон хүний сэтгэлд хүрсэн юм болов уу гэж битүүхэндээ олзуурхаж явдаг.

-Та фитнест идэвхтэй явж жингээ нэлээд хаясан. Мөн гоо сайхандаа хэрхэн анхаардаг талаараа бүсгүйчүүддээ хуваалцаач?

-Фитнест аль болох идэвхтэй явахыг хичээдэг. Заримдаа ажил ихтэй тохиолдолд явж амжихгүй үе гардаг. Боломж нь байвал “Гоолингоо”-гийн фитнестээ заавал явдаг. Гоо сайхандаа онцолсон брэнд бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй. Өөрийн арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гоо сайхны тариа тарилгыг ч хийлгэж амжаагүй л явна. Дуучин хүн сайн унтаж амрах ёстой байдаг. Сайхан амарч байх нь арьс гоо сайхныг залуу хэвээр хадгалж, хоолой нь илүү цээл гардаг юм. Арьсаа илүү байгалиар нь байлгах дуртай шүү.

-Цар тахлын хоёр жилийг хэрхэн өнгөрүүлэв. Уран бүтээлийн олз омог их байв уу?

-Цар тахлын хоёр жилийг зүгээр өнгөрүүлсэнгүй. Хоёр ч цомог гаргалаа. Нэг цомог маань 14 дуутай, нөгөөх нь долоон дуутай. Яг хэвлэлтэнд ороход бэлэн болсон байгаа. Хөрөнгө санхүүгийн асуудал үүсээд байгаа учраас уран бүтээлийн ажилдаа шамдаж байгаад цомгоо тун удахгүй хэвлүүлэх болно. Уран бүтээлчид бид хоёр жил ажилгүй шахуу суулаа шүү дээ. /инээв/

-Ийм дуу дуулах юм сан гэсэн нууцхан мөрөөдлөө хуваалцвал?

-Нэг их сайхан хүүхдийн дуу дуулах юм сан гэж бодогдоод байх юм. Монголынхоо ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ, өөрийнхөө охиндоо зориулаад гэрэлтэй нарны тусгал болсон, он дамжин дуулагдах хүүхдийн сайхан дуу дуулмаар байна.

-Таны охин урлагийн хүн болох төлөв байна уу?

-Миний охин урлагаас хол, номтой ойр хүн. Урлагийн хүн болохгүй л юм шиг байна. Номын хүн л болох бололтой дог оо. /инээв/

-Цахим давлагаанаас ирж буй аливаа шүүмж, доромж үгсийг хэрхэн хүлээж авдаг вэ, их л муухайгаар эмэгтэйчүүдийг хэлэх юм аа?

-Цахим орчинд нэгнээ хайр найргүй гутаан доромжилж байгаа харагддаг. Нэгнээ муулаад суух нь хийх ажилгүй л хүний ажил юм уу даа. Надад тэр бүхнийг уншаад байх зав огт байдаггүй. Хүмүүс минь ээ, бусдыг өөлөх биш өөрийгөө өнгийж хараач ээ. Хүн муулаад түүнээсээ урам зориг авч байдаг хүмүүсийг харахаар харамсалтай санагддаг. Бидэнд хийх, хөгжүүлэх сайхан зүйл зөндөө байна. Унших ном, сонсох хөгжим, түүх, яруу найраг гээд дэлхий ертөнцөд мэдэх, мэдрэх зүйл олон байна шүү дээ. Бид бусдын сайхныг харж сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

-Гэр бүл салалт их байгаа энэ үед хосын жороосоо хуваалцаач, магадгүй хэрэгтэй хүндээ хэрэг болох ч юм билүү?

-Элэг бүтэн, аз жаргалтай гэр бүл инээд хөөрөөр дүүрэн амьдраасай, эмэгтэйчүүд минь нүүрэндээ дандаа инээмсэглэлтэй, сэтгэлдээ үргэлж жаргалтай байгаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь хүн бүр эрүүл саруул байгаасай. Хүмүүс амьдралынхаа төлөө өөрийгөө хаяж, зовлон зүдгүүрт нухуулснаас хорт хавдар тусаж, өвдөж шаналж байгааг харах эмзэглэмээр санагддаг. Ялангуяа эмэгтэйчүүд эрүүл мэндээ умарттал зүтгэж байна шүү дээ. Энэ бүхэн гэр бүл салах том шалтгаан шүү. Манайхан бусдыг шүүхээсээ илүү өөрийгөө зөв авч явж, эрүүл мэнддээ анхаараасай, гэр бүлээ халамжлаасай, үр хүүхдээ зөв хүмүүжүүлээсэй гэж боддог доо.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Диго(202.126.88.134) 2022 оны 02 сарын 26

Сайхан дуучин бүсгүйд амжилт аз жаргал хүсье! Чи бол бидэнд илгээсэн бурхны бэлэг шүү!

0  |  0
Zochin(64.119.25.207) 2022 оны 02 сарын 26

Сайхан хоолойтой дуучинд амжилт хүсье!

0  |  0
Top