Хаврын улирал айлчилж хэн хүнгүй хөнгөн нимгэн хувцсаа өмсөж, ганган дэгжин явахыг хүсдэг. Энэ удаа бид хавар, зуны загварын чиг хандлагыг та бүхэнд хүргэж байна. Хүн бүрийн дуртай Копенхагены загварын долоо хоног болж, дизайнерууд 2022 оны хавар зуны загваруудаа толилууллаа. Хүрэлцэн ирсэн зочид ч өөр өөрсдийн онцлогийг шингээн Сканди хэв маягаар хувцаслажээ.
Сканди хэв маяг нь Норвеги, Финланд, Швед, Дани зэрэг Скандинавын хойгт байрлах орны амьдралын хэв маяг, философи, сэтгэлгээ, ёс заншил, интерьер дизайн, гоо зүйн мэдрэмжийг багтаасан цогц ойлголт юм. Уг стилийн гол онцлог нь бүх зүйл хоорондоо зохицож, энгийн байх ёстой гэсэн зарчмыг баримталдагт оршино.
Тэд загварын тренд хөөх гэхээс илүүтэйгээр хувцасны хийц, материалын чанарт түлхүү анхаардаг ба загварын хувьд минимал цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Түүнчлэн Сканди стилийг бүрдүүлэхэд бүдэг цайвар завсрын өнгүүдийг голчлон ашигладаг бөгөөд үүн дээрээ хэт чамин биш даруухан элегант аксессуар сонгож зүүж болно.
Хэт хичээгээгүй хэр нь загварлаг харагдах Сканди стилийг бүрдүүлэхэд хэлхгэр том пиджак, юун дээр ч зохицох цагаан кет, жижиг цүнх, шулуун жийнс, цагаан сорочкан цамц, энгийн загвартай цув, хавтгай ултай гутал зэрэг багтана. Дээрх хэв маяг нь өдөр тутамд албан болон чөлөөт аль ч үед тохирох загвар учир биед эвтэйхэн, тухтай байдлыг мэдрүүлэх болно. Мөн содон өвөрмөц стилийг эрхэмлэдэг эрхмүүдэд дуулгахад бар, шувуу зэрэг үслэг амьтдын толбо бүхий тод өнгө, хээ хуартай, том цэцэгтэй футболк, жинсэн өмд, цамц таныг хүүхэд насандаа буцаж очсон мэт хөгжилтэй мэдрэмжийг төрүүлнэ.
Хөвөн зөөлөн материалтай цамц 2022 онд мода болж, энгийн бөгөөд хайхрамжгүй загвартай байвал илүү тохиромжтой гэжээ. Байгалийн даавуу нь үргэлж алдрын оргилд байдаг. Гол нь даавууны материал үнэтэй, чанартай харагддаг бөгөөд байгаль орчинд ээлтэй байдлыг харгалзах нь орчин үеийн загварын философи юм.
Хамба хилэн, илгэн, жинсэн, гялгар материалуудыг хольсон төрөл бүрийн бичээс, график дүрс, бөмбөлөг, сувд, металл хэрэгслүүд бүхий тоноглолтой хувцас ч энэ хавар таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой гэж үзжээ.
ЭНЭ ХАВАР НУУЦЛАГ, ИХЭМСЭГ ТӨРХИЙГ БҮРДҮҮЛСЭН ЦЭНХЭР, НИЛ ЯГААН ХОСОЛСОН ӨНГӨ НОЁЛНО
Өнгөний тухайд өнгөрсөн жил саарал болон шар өнгийн хослол ноёлж байсан бол энэ жил цэнхэр, нил ягаан өнгөнөөс гадна усан ягаан, упастель шар зэрэг зургаан өнгө дагалдах юм байна. Энэ жилийн тренд гол өнгө нь цэнхэр, нил ягаан /blue+purple/ өнгөний хослол гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ. “Энэ өнгө бидний бүтээлч чанарын илрэл болох өөртөө итгэлтэй байдал болон сониуч байдлыг илэрхийлнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бий болсон өөрчлөлтүүдийг хүлээн авч, амьдралдаа цоо шинэ алсын харааг бий болгоход тань энэ өнгө тусална" гэсэн байна.
ПАСТЕЛЬ ШАР
Пастель шар өнгө хэзээ ч моданаас гарахгүй гэдгийг загвар зохион бүтээгчид улирал бүр баталсаар байна. Жил Сандер, Викториа Бекхэм ажил хэрэгч бүсгүйчүүдэд тохиромжтой загваруудыг танилцуулсан бол "Emilio Pucci" өдөр тутмын топ болон юбканы хослол, харин MGSM романтик хэв маягтай даашинз урлажээ. Энэ өнгө нь нимбэгэн өнгөтэй учраас сэргэг, соргог часхийсэн мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй.
УСАН ЯГААН
Энэ оны хавар-зуны улиралд эмэгтэй хүний зөөлөн, уян хатан чанарыг төгс илэрхийлэх усан ягаан өнгөөр төрхөө бүрдүүлэхийг зөвлөж байна. Энэ өнгө залуу төрхийг тодотгож, ялдам байдлийг бий болгодог. Спорт болон чөлөөт хувцас алин дээр тохирох усан ягаан өнгөөр өөрийгөө 18 наст шиг гэрэлтүүлээрэй.
НОМИН ЦЭНХЭР
2020 оны хавар, зуны улиралд тренд болоод байсан номин цэнхэр өнгө ирэх улиралд ч мөн зонхилох хандлагатай байна. Дизайнерууд номин цэнхэр өнгө ашиглахдаа сонирхол татам эсгүүр, зөөлөн торго болон үслэг материалтай хувцас, урт бээлий зэргийг урлажээ. Энэ нь тансаг үдэшлэг, хүлээн авалтанд зохицох төгс нийцэл болохгүй гэж үү.
ТОД УЛБАР ШАР
Сүр жавхлантай байдлын илэрхийлэл болох улбар шар өнгө хэд, хэдэн цуглуулгад шингэсэн байлаа. Шинэ улиралд зориулж "Coperni" брэнд улбар шар өнгийн спорт стилийн футболка танилцуулсан бол "Proenza Schouler" сул өмсгөлтэй макси даашинзыг урлаж, харин "Dior" классик хэв маягийн хослол толилуулсан байна. Оранж жимсийг санагдуулам тод шар өнгө нь аз жаргалтай мэдрэмжийг танд төрүүлэх болно.
"VERY PERI"
Pantone өнгөний институт 2022 онд зориулж түүхэндээ анх удаагаа бэлэн байгаа өнгөний сонголтуудаас биш, харин цоо шинэ 17-3938 кодтой өнгийг зохиосон бөгөөд үүний үр дүнд “Very Peri” хэмээх шинэ өнгийг гаргасан билээ. Ерөнхийдөө чернилэн ягаан өнгийг санагдуулах тус өнгийн хувцас, аксесуарууд шинэ улиралд маш эрэлттэй байх нь ойлгомжтой. Энэ өнгийг даавуун, ноосон, торгон гээл төрөл бүрийн хувцсыг амилуулж, нууцлаг, ихэмсэг байдлыг илэрхийлжээ.
СОЛОНГОН
"Chloе", "Botter", "Dries van Noten", "Christopher John Rogers" зэрэг брэндүүд эрх чөлөө болон эерэг хандлагын бэлгэдэл болсон солонгон өнгийг шинэ улирлын цуглуулгууддаа онцолсон юм. Солонгон өнгөөр юуг ч урлаж бүтээж болно. Ноосон нэхмэл даашинзыг солонгоруулснаар илүү сонирхолтой, загварлаг харагддаг. Солонгон өнгө нь амьдралыг өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй болгодог эрч хүчний бэлгэдэл юм.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )