“Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулга авлаа.
-Сэлэнгэ аймаг мод тарихын зэрэгцээ үр, суулгац нийлүүлэгч аймаг болно гэдгээ улс даяар зарлалаа. Энэхүү үйл ажиллагааныхаа талаар өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?
-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр аймагтаа “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Үүнийг бид үүрэг, чиглэл гэхээсээ илүүтэй маш том боломж гэж хараад Сэлэнгэ аймгийнхаа нийт ард иргэдэд хандаж уриалга гарган энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм. Одоо бид шүүмжлэхээсээ илүүтэй эвлэлдэн нэгдээд мод тарих юм бол маш том боломж гарч ирж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум модыг 10 жилийн хугацаанд тарина гэж хэлсэн байгаа. Тэгвэл нийт ард түмэн нэгдээд зүтгэх юм бол түүнээс ч олон мод, хуучин төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байсантай адил богино хугацаанд хийх боломж нь байгаа юм. Энд аймгийн Засаг дарга миний зүгээс харж байгаа зүйл бол Сэлэнгэ аймаг Монгол Улсын ойн нөөцийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Дээр нь хамгийн олон модны төрөл зүйлтэй аймаг гэдгээрээ онцлогтой.
Жишээ нь шилмүүст модны таван төрөл манай аймагт байдаг. Энэ бол бусад аль ч аймагт байдаггүй онцлог төрөл зүйл. Мөн голын ай саваар бургас ихтэй. Манайханд нэг дутагдал байгаа юм. Модыг ерөөсөө арчилж, тордож мэддэггүй. Иймээс тайрдас, тандалт хийгээд услалтыг нь хэрхэн хийх сургалтыг энэ зөвлөгөөн дээр явуулж байна. Навчит модны зарим нь 90 хувь хүртэл тайралтыг хийгээд залуужаад явах боломжтой юм. Ер нь манай монгол орны голын бургасууд маш их хөгшрөлттэй байна.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ойн технологичийн сургалтыг ихээр явуулна. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Мөн уналтад орсон ойн салбар дахин сэргэн ирж байгааг хэлмээр байна. Ер нь Сэлэнгэ аймагт бэлэн найман сая тарьц, суулгац байгаа. Гэхдээ үүний хоёр сая нь шууд 2022 оны хавар бэлэн гарах боломжтой. Цаашдаа бид зөвлөгөөнөөрөө дамжуулаад Монгол Улсын нийт иргэдэд уриалаад энэ мод тарих хөдөлгөөнд нэгдүүлж чадах юм бол 2023 оны намар хоёр настай тарьц, суулгацаар улсаа хангаад цаашид үргэлжлүүлээд явах боломжтой.
Энэ хугацаанд мод, тарьц, суулгац бэлтгэж байгаа, мод үржүүлж байгаа байгууллагуудаа дэмжих хэрэгтэй. Зах зээл нь байхгүй, хийсэн суулгац, тарьц нь дарагдаж байсан бол одоо ил гаргах зах зээлийг өөрөөр харж эхэлж байна.
-Та итгэлтэйгээр энэ ажилд аймгаараа түүчээлэн оролцохыг уриалж байна. Нийлүүлэгч аймаг болох боломж бүрэн бий юу?
-Нэг ширхэг модыг нэг доллар гэж хар. Нэг үгээр хэлбэл тэрбум долларын зах зээлийг бидэнд бий болгоод өгчихлөө. Энэ бол дотроо эргэлдэх дотоод зах зээл. Энэ модыг манай Сэлэнгэчүүд түүчээлэн тарьж, нийлүүлэгч аймаг болохоо зарлаж байна.
Манай Сэлэнгэ түмэнд байгаа үр болоод үрийн нөөц, тарьц, суулгацын нөөц манай аймгаас хангалттай гарна гэдэгт би итгэлтэй харж байгаа. Ийм учраас хоёр сар гаруй хугацаанд мэргэжлийн байгууллагуудаар судалгаа хийлгэсэн. Үүнийхээ дагуу ажлаа хуварилаад явж байна. Мөн Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу намар 8, 9 сард бидний хийсэн ажлын үр дүн ямар байгааг бас харна гэж бодож байгаа.
Бид өнөөдөр үүрэг чиглэл гэхээсээ илүүтэй үр дүнд суурилсан, үр дүнг харсан ажлыг зохион байгуулна гэж бодож байна. Иймээс манай нийт ААН байгууллагууд, иргэддээ уриалж байгаа юм. Судалгааг нь гаргаад өгчихсөн байгаа. Өнөөдрийн энэ зөвлөгөөнд ирж байгаа хүмүүст дэвтэр өгч байгаа. Тэр дэвтэрт модыг хэрхэн яаж тарих технологи аргачлал нь бүгд бий. Мөн цаашид хэдэн сард үрийг нь хэрхэн түүх аргачлал бүгд байгаа. Тийм учраас үүнийгээ бид ажил хэрэг болгох л чухал байна.
-Зөвлөгөөний хүрээнд зөвхөн мод, тарьц суулгац гэхээс гадна эвдэгдсэн талбай, нөхөн сэргээлт, цөлжилт гээд олон асуудал хөндөгдөж байна. Сэлэнгэ аймагт уул уурхайн компаниуд нэлээд байдаг. Нөхөн сэргээлт, хариуцлагагүй уул уурхайн асуудал нэлээд хөндөгддөг. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Ерөнхийдөө нөхөн сэргээлтийн талбай бол Ерөө, Хүдэр, Бугант тосгонд асуудлууд байгаа. Миний хувьд одоогоор өөрөө газар дээр нь ажиллаагүй байна. Цаашдаа өөрийн биеэр очиж ажиллаад нөхөн сэргээлтийн хувь хэмжээг тогтоосны үндсэн дээр энэ талаар ярих нь зүйтэй байх. Ерөнхийдөө хариуцлагагүй уул уурхайгаас болж нэлээд хэдэн газарт нөхөн сэргээлт хийгдсэн. Уул уурхайг бүхэлд нь буруутгахаас гадна сайн нөхөн сэргээлт хийж байгаа ажил үйлчилгээг бид дэмжээд явах ёстой.
Иймээс нөхөн сэргээлтээ хийгээд, таримал ойгоо хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Иймээс миний бие бүх сумаар явж нөхөн сэргээлтийн талбай ямар хэмжээнд байгааг үзэж байж энэ асуудлаар ярина. Бид аймгийн удирдлагын багийн зүгээс цааснаас цаасны хооронд ажил хиймээргүй байна гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ ч утгаараа аймгийн удирдлагын баг гурван хэсэг болон бүх сумын дотоод ажилтай танилцаад явж байгаа. Тун удахгүй үр дүнгийнхээ хурлыг хийгээд албан ёсны мэдээллийг өгнө.
С.СҮХБАТ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )