Б.Чойнпоролжав: Эрэгтэй хүн сормуус хийнэ гэхээр хүмүүс эергээр хүлээж авдаг

2022 оны 03 сарын 05

Их хотын амьдрал энгийн амьдралдаа эргэн орж урин дулаан улирал иржээ. Хүүхнүүд хаврын гоёондөө өнгө нэмэхээр гоо сайхны салоныг зорих нь ч нэмэгджээ. Бүсгүйчүүдийн гоо сайхан дэгжин гоёмсог, гуниггүй аз жаргалтай харцнаас нь гэрэлтдэг. Энэ л үзэсгэлэнд өнгө нэмж гоо сайханчид өөр, өөрийнхөөрөө урладаг билээ. Тэгвэл Артист Чой нэрээрээ цахим орчинд эрэлттэй болоод байгаа нэгэн эрхмийг та бүхэнтэй уулзуулж байна. Тэрбээр энэ мэргэжилдээ тун хайртай бөгөөд ямар ч ажлыг хүн сэтгэлээсээ хийх нь чухал гэдэг зарчимтай нэгэн.


-Та өөрийгөө танилцуулна уу, чухам яагаад гоо сайханч болъё гэж шийдсэн бэ?

-Би Хөвсгөл аймагт төрж өссөн, ам бүл тавуулаа, айлын дунд хүү. 2019 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Оюутан байхдаа Синдерелла клиникт гоо сайхны артист чиглэлээр ажиллаж байгаад энэ чиглэлээрээ явахаар шийдсэн. Ингэж л эмэгтэй хүний гоо сайхныг улам гэрэлтүүлэх ямар сайхныг мэдэрсэн. Миний ажлын гараа Синдерелла клиникээс  эхлэлтэй дээ. Бүсгүйчүүд их сэтгэл хөдлөл ихтэй, гоё сайхан болоод ирэхээрээ цаанаасаа л гэрэлтээд инээмсэглэл тодроод ирдэг юм билээ. Үүнийг нь харах надад сайхан санагдсан болохоор цаашид энэ чадвараа бизнес болгож гоо сайхны салбарт хүч үзье гэсэн зориг орсон доо.

-Эрэгтэй хүн сормуус урулаач болох нь сүүлийн үед  нэмэгдсэн. Та сормууснаас гадна юу хийдэг вэ?

-Багаасаа л урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан болоод ч тэр үү, урлагийнхны тайзан дээрх нүүр хувиргалтыг их анзаарч хардаг байсан. Дуурийн дуучин хүн тухайн жүжгийнхээ ямар дүрд хувирна нүүр хувиргагч залуу, хөгшин янз бүр болгодог шүү дээ. Үүнийг гол төлөв хөмсөг дээр тоглолт хийж өөрчилж болдог юм билээ. Тэгээд хүний нүүрний анатомид тааруулаад хөмсөгний хэлбэрийг зөв гаргах нь чухал юм байна гэж бодох болсон. Манай бүсгүйчүүд нэг үе жирвийсэн нарийхан хөмсөг гоё гээд хүн бүхэн хөмсөгнийхөө зэрлэгийг зулгаагаад хаячихдаг байсан бол нэг үе өтгөн хөмсөг гоё гээд парвайтал өргөн шивүүлээд эхэлсэн. Тэгэхээр ямар ч ялдам зантай залуухан охин өөрөөсөө 10 насаар хөгшин харагддаг байхгүй юу. Тиймээс хөмсөгний шивээс хийж бүсгүйчүүдийнхээ гоо сайханд өнгө нэмье гэж шийдээд хөмсөг шивдэг болсон. Сүүлийн үед будсан ч будаагүй юм шиг байгалиараа төрх моданд ороод байгаа шүү дээ. Эмэгтэй хүний энхрий ялдам төрхийг хадгалсан үстэй мэд харагдуулах шивээс тренд болж байгаа. 

-Бүсгүйчүүдийн гоо сайхныг нэмдэг хүний хувьд гоо сайхан гэж таны бодлоор юу вэ?

-Гоо сайхныг би урам зориг, эрч хүчний илэрхийлэл гэж боддог. Ямар ч сайхан бүсгүй сэтгэл нь гундуу, хэн нэгэнд гомдсон, шархалсан сэтгэлтэй байх юм бол сайхан харагдахгүй шүү дээ. Тиймээс би манай салоноор үйлчлүүлсэн бүхий л үйлчлүүлэгчдээ нэг сайхан үг хэлээд урам зориг, эрч хүч өгчих юм сан гэж хичээж ажилладаг даа.

-Сормуусыг хэдэн янзаар урладаг вэ, ямар үсээр хийдэг вэ?

-Сормуусыг өтгөн, шингэн хоёр янзаар хийдэг. Тухайн хүнийхээ нүдэнд тохируулж уусалт гаргаж, хэлбэр гарган урладаг. Үс нь торгон, булган гээд гурван төрөл байдаг. Үүнийг бүсгүйчүүдийнхээ сонголтоор хийдэг. Хамгийн сайн бүтээгдэхүүнээр үйлчлэхийг эрхэмлэдэг. Энэ нь ч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа болдог. 2 D, 3 D, 4 D гээд төрөл бүрийн сонголттой байдаг. Бүсгүйчүүд маань сайн мэднэ дээ. /инээв/

-Та их маркетингтай санагддаг. Аварга Б.Бат-Эрдэнийг дуурайсан "хөөрхөн үү" гэдэг бичлэг их хандалт авсан байна лээ. Нээрэн өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Маркетинг дээр өөрийнхөө арга барилаар л явдаг даа. Би чинь их наргианч, марзан хүн л дээ. Өдөрт дунджаар 5-7 хүнд үйлчилдэг. Заримдаа ч завсаргүй 10 хүнд үйлчлэх ч тохиолдол байдаг. Ялангуяа баяр ёслолын үеэр ачаалал ихтэй байдаг даа. Нэг хүн дээр дунджаар нэг цаг болдог гээд бодохоор тасралтгүй долоон цаг толгой өөд татахгүй суух ч тохиолдол гарна шүү дээ. Хэцүүгүй ажил гэж үгүй. Хүний хамгийн эмзэг эрхтэн болох нүдтэй харьцаж байгаа болохоор өчүүхэн төдий ч хайнга хандаж болохгүй, маш хариуцлагатай, тэсвэр тэвчээр шаардсан л ажил даа. Цэвэр цэмцгэр, ур чадвартай, мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөө өгөх, харьцааны дээд зэргийн соёлтой байхад маркетингтай, маркетинггүй үйлчүүлэгчид өөрсдөө ирнэ шүү дээ.

-Нэг өдрийнхөө цагийн хуваарийг танилцуулаач, өглөө хэдэд босож, орой хэдэд амарч байна вэ?

-Өглөөг найман цагт эхлүүлдэг. Орой 19-21 цагийн үед гэртээ харьдаг. Бидэнд амралтын өдөр гэж байхгүй. Өдөр бүр л ажиллаж байна даа. Манай бүсгүйчүүд амраахгүй шүү дээ. Нэг л сиймхийг андахгүй араас залгаад чухал арга хэмжээ, хурим найр, төрсөн өдөрт явах гэсэн юм гээд л сандаргадаг улс. Тиймээс гоо сайханчид амрахгүй ажиллах горимтой байдаг. Ямар ч үед бэлэн байх үүрэгтэй. /инээв/

-Залуусын бэлэнчлэх сэтгэлгээ хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ?

-Үе тэнгийнхэн маань маш ухаалаг, хөдөлмөрч болсон. Хэл сурах, бие бялдраа хөгжүүлэх, ном унших, подкаст сонсох зэргээр  чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлдэг болж. Тэднээсээ суралцаад л явж байна даа. Залуу хүн завгүй байх сайхан шүү дээ.

-Цаашид салоноо өргөжүүлэх, бизнесээ хөгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Эхлүүлсэн ажлынхаа оргилд нь хүрэхийн төлөө хамаг боломжоо дайчлан ажиллаж байна. Чадварлаг хамт олон бэлтгэж нэгэн хүчээр, нэгэн зорилгын төлөө ажиллаж байна. Салоноо тохилог, цэвэрхэн, тав тухтай, сэтгэл ханамжтай байлгахын төлөө зорьдог. Ажилчдадаа ч хатуу шаардлага тавьж, хариуцлагатай, бүтээлч ажиллахыг алхам тутамд үлгэрлэж байна даа. Ажилдаа дурлаж, дуутай хууртай, хөгжөөнтэй наргиантай хийх сайхан шүү дээ. Ажлыг ял гэж боддог хүмүүс байдаг даа. Цагаа байн байн хараад л тарах цаг болов уу үгүй юу пирхийгээд л гүйгээд гараад явдаг тийм хүмүүсийг ойлгодоггүй. Би ажлаа өөрийн хоёр дахь гэр гэж боддог, энэ миний өсөж дэвших боломж гэж хардаг хүмүүс хэзээ ч цаг харж, гарч гүйдэггүй л байхгүй юу. Ер нь орчин үеийн өрсөлдөөнт зах зээлийн зарчим хэн илүү ажиллана, тэр илүү цалин авна гэдэг шүү дээ.

-Мэргэжил нэгтнүүддээ сэтгэл дундуур байх, шүүмжилмээр зүйл байдаг уу?

-Мэргэжил нэгт артистуудын 99 хувь эмэгтэйчүүд байдаг. Нэг нэгнээ доош нь хийх, муулах зүйл ажиглагддаг. Нэгнийгээ хийж бүтээе гэж зорьж байхад зөвлөгөө өгөөд явбал гэж хааяа бодогддог доо.

-Танаар үйлчлүүлээд гарсан хүмүүсээс сонсож байсан хамгийн гоё үг юу байдаг вэ?

-Царайны хувирлаас нь илт байдаг даа. Харц нь гэрэлтээд л ирдэг. “Ямар гоё юм бэ, дараа найзуудтайгаа ирнэ ээ, ажлын хамт олонтойгоо ирнэ ээ” гээд л дэгдээд гардаг шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа өөрийн гэсэн гоо сайхантай төрдөг. Түүнийг нь л бид жаахан өнгөлж байгаа хэрэг л дээ.

-Эрчүүдийг мод төмөртэй ноцолдсон бүдүүн хадуун байх ёстой гэсэн нийтлэг үзэл байдаг. Сүүлийн үед эрчүүд жаахан эмэгтэйлэг болоод байна уудаа гэж харагдах боллоо. Энэ тал дээр таны бодол?

-Цаг үе өөр болж байна шүү дээ. Эрчүүдийг хатуу чанга байх ёстой, уйлж болохгүй, хөдөө хөхөрч гадаа гандаж явах хэрэгтэй гэдэг ч юм уу иймэрхүү үзэл тэдний эрхийг цаагуураа зөрчөөд байна уу даа гэж бодогддог. Тэд бас л адилхан махан биетэй, цусан зүрхтэй хүн шүү дээ. Гэхдээ хүний эрх гээд туйлширч болохгүй. Монгол ёс заншлаа хүн бүхэн мэдэж байх ёстой гэж боддог доо.  Би ч өөрөө тайгын хүүхэд болохоор хүйтэн хатууг мэдэрч өссөн гүргэр, гүдэсхэн монгол. Хүн гэдэг нийгмийн дунд амьдарч байгаа бодгаль учраас цаг үетэйгээ мөр зэрэгцэж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг мэдэрч амьдрах зайлшгүй шаардлага гардаг. Үүнийг өөрийн хүсэл сонирхолтой уусган нэгтгээд амьдарч чадвал амжилтанд хүрнэ гэж боддог.

-Таныг сормуус артист гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эрэгтэй хүн сормуус хийж, хөмсөг шивнэ гэхээр эхэндээ гайхаж байсан ч ажил хүнийг голохоос хүн ажлыг голохгүй гэдэг ухааныг мэддэг хүмүүс их л сайхан эергээр хүлээж авдаг даа. Би хүнээс муу муухай үг сонсож байснаа санахгүй байна.

-Та өдөр бүр л эмэгтэй хүний нүдийг ажиглаж харж байдаг ажил хийдэг. Хүний нүднээс юу юу уншигддаг вэ?

-Баяр жаргал, гуниг зовлон,  эргэлзсэн бодлогоширсон, гайхсан, үл тоомсорлосон  гээд бүх зүйл нь харцнаас нь андашгүй л байдаг даа. Тэр бүрийд нь тааруулж эвлэг, зөөлөн, аядуу намуун, эрч хүчтэй, цоглог гал цогтой гээд янз бүрийн л аргаар харилцаж үйлчилдэг дээ. Ингээд бодохоор бид сэтгэл зүйч ч юм шиг. Дотоод сэтгэл нь ямар ч өнгөтэй байсан гоё болоод гарсан хүүхнүүдийн царай гэрэлтээд л ирдэг нь сайхан санагддаг.

-Та ярианыхаа эхэнд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн гэлээ. Цааашид мэргэжлээрээ ажиллах уу?

-Дуулах маш их дуртай. Дуулж байхдаа хамгийн сайхан тайвшралыг мэдэрдэг. Урлагийн хүн тайзан дээрээ эгшиглэж байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ. Эхний ээлжинд хүссэн уран бүтээлээ тааваараа туурвихын тулд хувийн бизнестээ шамдаж байна. Аливаа зүйл хоёр талтай гэдэг дээ. Надад мөрөөдөл бий.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Самбуу(202.126.89.19) 2022 оны 03 сарын 07

Дүү чадна амжилт

0  |  0
Boldoo(66.181.183.158) 2023 оны 03 сарын 31

Amjilt hvsie. Mundag zaluu shvv

4  |  0
Top