Агнахыг хориглосон амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсаар байна. Тухайлбал, энэ он гарсаар Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан аймгаас Улаанбаатар хотруу хориотой ан амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр нууж тээвэрлэсэн 20 зөрчил Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэгдэн шалгагдаж байна.
Мөн энэ онд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт болон дамжин өнгөрсөн зургаан иргэнд холбогдох 26 толгой тарваганы хөлдөөсөн мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн төлбөр ногдуулжээ.
Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд Алтайн тарвага эр-180.0, эм-210.0 Монгол тарвага эр-170.0 эм-200.0 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 хэсэгт заасны дагуу 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тооцож, буруутай этгээдээр төлүүлдэг.
Түүнчлэн зарим иргэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр дайвар ачаа явуулахдаа хориотой, амьтны гаралтай мах, арьс түүхий эдийг нууцлан илгээснээс шалтгаалан тээвэрчид тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна.
Иймд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байх, хориотой ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэхгүй байхыг аймаг, сум, хот хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нар, иргэдэд анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )