Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Тэрбээр Токиогийн олимпийн хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.
Стамбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив. Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.
Тэгвэл Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна.
Сонирхуулахад, Дэлхийн чансааны оноог гаргахад Стамбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзсныг анхаарна уу.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 3 )
Орхон маань барилдах эрхээ хасуулсан л болохоос биш жиндээ бол дэлхийн номер нэг шүү дээ.Харин Болортуяад бол ирээдүй байгаа.\n
Мөнгөн медаль авсан гэсэн.
ЦЭРЭНЧИМЭД ИРЭЭДҮЙН ОЛИМПИЙН АВАРГА ДАА ОРХОН ХАА ЯВНА ВЭ ЯАГААД ТҮҮНИЙГ УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРУУЛАХГҮЙ БАЙНАА