ШҮҮХ: Цэцэнсхолдинг, Цэцэнс майнинг энд энержи, Бөөрөлжүүтийн тал компаниудын нэхэмжлэлийг хангажээ

2022 оны 03 сарын 02

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлоор 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцлээ.

“Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК болон “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудаас  шүүхэд хандаж, “... Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээгээр жил бүр төлдөг, ...  уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт ... /сумын Засаг даргатай/ гэрээ байгуулж газрын төлбөр төлнө, ... харин уурхайн үйл ажиллагаанд ашиглаагүй байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн бусад хэсэгт газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үндэслэлгүй /тул/ ...  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу ... тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглаагүй хэсэгт хамаарах /өөрийн/ газар эзэмших эрхийг дуусгавар болгох хүсэлтийг Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт гаргасан,  гэтэл … хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргаас “... /ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газарт/ ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариу өгсөн нь хууль бус..., Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга ... хүсэлтэд хариу өгөөгүй нь ... хууль бус” гэх үндэслэлээр:

“Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”;

“Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч  “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд үндэслэлийг дэлгэрэнгүй заах бөгөөд хуульд заасан хугацаанд албажиж гарна. Тогтоолын бүрэн эхийг шүүхийн шийдвэрийн цахим сангаас үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэндэн(66.181.180.177) 2022 оны 03 сарын 02

Голомтын Баясгалан гэж битгий хужаа Монголын хөрөнгөөр тоглож болоогүй юу. Баруун гар А.Амундрагаа данхан толгойтын зөвлөх болгочихсон зайтай эр ээ

0  |  0
Top