Б.Одгэрэл: Порфирий мөрдөгч бол 60 настай эрэгтэй дүр учраас маш хүнд байсан

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 06

Монголын Драмын урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө харуулж, авьяас чадвараа таниулж яваа жүжигчин бол Б.Одгэрэл. УДЭТ-т ажиллах хугацаандаа олон жүжигт гол болон туслах дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй кино дэлгэцэнд ч дүрээ мөнхөлсөн нэгэн. “Хунгийн сүүлчийн дуу”, “Бумиранг”, “Зэрлэг агийн үнэр дундуур”, “Бэрүүд” гээд дурдаад байвал олон. “Тамын хаалга”, “Хүн гөрөөс”, “Фауст” зэрэг олон жүжигт тоглосон тэрбээр өдгөө “Гэм зэм” жүжгийн мөрдөгч Порфирий Петровичийн дүрийг бүтээгээд тун завгүй байна. Тус жүжиг өнгөрөгч намар Орфей театрт нээлтээ хийж байсан бол энэ хавар дахин тоглох гэж байна. Жүжигчин Б.Одгэрэлийг жүжгийнхээ бэлтгэл дундуур амсхийх зуур нь уран бүтээлийн яриа өрүүллээ.


-Уран бүтээлийн олз омог арвин байна уу. Сүүлийн үед ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?

-Энэ жил миний хувьд уран бүтээлийн ургац арвин сайхан жил болж байна. “Гэм зэм” жүжиг өнгөрсөн намар тоглогдож тун завгүй өдрүүд өнгөрлөө. Одоо хоёр дахиа тоглогдох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ хооронд МУУГЗ Б.Мөнхдорж найруулагчийн найруулсан зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжигт Оюумаагийн дүрд тоглох завшаан тохиосон.

Үзэгчид маань өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. “Хүн гөрөөс” жүжгээс сурах зүйл маш их байсан. Уг жүжиг “Bee” бага театрт тоглогдсон. Мөн жүжигчин Т.Бархүү ах, И.Одончимэг эгч хоёрынхоо бүтээж буй 16 ангит киноны Гэрлээ хэмээх гол дүрд тоглох завшаан олдсон. Энэ кино дөрөвдүгээр сараас телевизээр цацагдах байх. Хамгийн сүүлд “Аврора” фильмийн богино хэмжээний кинонд тоглосон.

-“Гэм зэм” жүжгийн Порфирийгийн дүрд тоглох ямар байв. Шаргуу, гярхай мөрдөгчийн дүрийг эмэгтэй хүн гаргах сонин байна шүү?

-Порфирий мөрдөгч бол 60 настай эрэгтэй хүний дүр учраас маш хүнд дүр байсан. Зохиол нь эрэгтэй хүний өмнөөс бичигдсэн учраас зохиолын зарим хэсгийг ойлгох гэж өөр дээрээ маш их ажилласан. Нэг хүн ганцаараа ярих өөр энэ дүр маань олон болж хуваагддаг сэтгэл зүйн дайралт, шахаанд оруулж, буланд шахсан дүр учраас маш их ажиллагаатай байсан. Өөрийнхөө ижил дүрд тоглосон бусад жүжигчдээсээ илүү эрт ирж, эсвэл орой үлдэж сургуулилт хийдэг байлаа.

Бас маш хөдөлгөөнтэй, техниктэй дүр учраас олон удаа босож сууж өөртөө дадал суулгаж байсан. Маш их хичээл зүтгэл гаргаж байж  түүнийхээ үр шимийг хүртдэг. Тайзны урлаг бол өдрөөс өдөрт улам хөгжиж явдаг учраас илүү сайхан тоглолт болох байх аа. Энэ удаагийн тоглолт дээр хамтран ажиллаж буй дүрүүд маань солигдсон учраас дахин бэлтгэх шаардлага гарсан.

-“Гэм зэм” жүжигт тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Ф.М.Достоевскийн зохиолууд сэтгэл зүйн зөрчил ихтэй шүү дээ?

-“Гэм зэм” романыг өмнө нь уншиж байсан. Продюсер Т.Ариунчимэг, найруулагч М.Батболд хоёр маань надад санал тавьж байлаа. Анх П.Эрдэнэзаан ахын /Мармеладовын/ монологийн ард хундага бариад бүжиглэдэг эхнэрийнх нь дүрд тоглож байлаа. Энэ хэсэгт тоглох маш их дуртай. Учир нь дараагийн үзэгдэлдээ тоглоход маш их эрч хүч өгдөг. 

Эхнэрийн дүр бол ядуу амьдарч буйдаа эвлэрсэн, зовлондоо дасчихсан, архичин нөхөртэй, өөрөө сүрьеэ өвчтэй хэдий ч “аз жаргалтай”  байгаа эмэгтэйн дотоод сэтгэлийг бүжгээр илэрхийлдэг. Хөгжим нь ч маш өвөрмөц. Би тэр бүжгийг бүжиглэх сайхан санагддаг.  

-Та УДЭТ-т багагүй хугацаанд уран бүтээл туурвисан. Үе үеийн жүжигчдийн мөрөөдлийн театр болсон энэ л алтан тайзнаас юу сурч мэдэв?

-Би одоогийн байдлаар “Орфей”, “Альфа”, “Black box”, “Bee” театруудад гэрээтэйгээр ажиллаж байгаа. Драмын театртаа долоон жил ажиллажээ. Сургуулиа төгсчихөөд Сүхбаатарын талбайн хажуугаар алхаад явж байтал зарлалын самбар дээр Драмын театрын жүжгийн анонс байсан. Нөгөө талд нь “Улаан театр”-ын анонс байв. Тэр үед л би театр гэдэг өртөөгөөр аялж, аль алинд нь орж өөртөө туршлага хуримтлуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Өнгөрсөн 10 жилд өртөөчилсөн аяллаа хийгээд дууссан. Ирээдүйд кино урлаг, энтертайнмент уран бүтээлд өөрийгөө  сорихыг хүсэж байна. Мэдээж тайзаасаа хэзээ ч урвахгүй. 

Драмын театрт ажиллаж байхдаа урлагийн хүн байх маш том суурийг өөртөө суулгасан. Урлагийн хүн гэдэг хүн төвтэй ертөнцийг ойлгож байж аливаа зохиолыг задалж сурдаг. Мянга авььяастай байгаад ёс зүйн алдаа, хүмүүжлийн доголдол, хүнлэг бус байвал тайзан дээр сайн байж чаддаггүй. Миний ажигласнаар амьдрал дээр сайн жүжиглэдэг хүн тайзан дээр жүжиглэж дүрээ гаргаж чадахгүй байх шиг. Харин эсрэгээрээ амьдрал дээрээ жүжиглэж чаддаггүй, шударга шулуун зантай хүмүүс тайзан дээр дүрээ нарийн гаргаад байх шиг.

Драмын театраас жүжигчин хүний ёс зүй, сэтгэлийн тэнхээ, хатыг өөртөө авч чадсан. Мөн ямарваа нэг дүрийг том, бага гэж гололгүй чин сэтгэлээсээ ажиллах чадвартай байх хэрэгтэй. Жүжигчдээсээ илүү арын албанд ажилладаг хүмүүсээ илүү их ойлгодог. Тэд тоос шороотой хутгалдаж, сайн мууг нь хийж чимээгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Тэд тайзан дээр гарч нэр алдар нь мандахгүй ч чин сэтгэлээсээ ажилладагт нь үнэнхүү хайртай. Тэдэн шиг тайзны ард нэг ширхэг хог байвал аваад хаячих сэтгэл надад төлөвшсөн.

-Тайзан дээр тоглож байсан дүр сэтгэлд удаан амьдрах, бодит амьдрал дунд хутгалдах тохиолдол байдаг уу?

-Тийм үе байсан. Драмын театрт ороод удаагүй байхдаа аз жаргалтай дүрд тогловол өдөржин аз жаргалтай байгаад л, хүнд түр авбал өдөржингөө стрессдэх үе байсан. Одоо бол бүх дүрээ тайзан дээр орхиж сурсан. Амьдрал дээр бол айл гэрийн эзэгтэй хүн шүү дээ. Ажил, амьдрал хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Энэ бол миний зарчим.

-Тэгвэл эсрэгээрээ амьдрал дээр хэцүүхэн үе тохиож байхад тайзан дээр инээгээд тоглож байсан үе байдаг л байх даа?

-Байдаг шүү. Энэ үе хамгийн хэцүү. Ажилдаа төвлөрчихсөн, яг тайзан дээрээ гарах гэж байхад ар гэрээс, анд нөхдөөс дуудлага ирээд таагүй зүйл сонсгочихвол тайзан дээр тоглоход саад болдог.  Юуны тулд мэргэжлийг нь эзэмшлээ дээ, аль болох мартаад л ажлаа хийгээд л инээгээд л дуусгадаг даа.

-Найруулагч М.Батболдын хувьд  өмнө нь ажиллаж байсан найруулагчдаас арга барил нь юугаараа өөр, юугаараа онцлогтой байна вэ?

-Би төрмөл зүйлд маш их дуртай. Төрмөл авьяас, төрмөл гоо үзэсгэлэн, үнэн сэтгэл гээд аливаа зүйлийн агуулгад дуртай.  Авьяасгүй хэр нь хөдөлмөрлөөд агуу болчихсон ч юм уу, маш их мэс засал хийлгээд тасархай гоё болчихсон  бол тэр нь тийм ч үнэ цэнтэй биш. М.Батболд найруулагч бол үнэхээр төрмөл авьяастай, өвөрмөц сэтгэхүйтэй хүн юм. Түүнээс хэний ч санаанд оромгүй сонин мэдрэмж хаанаас нь гараад ургаад байдаг юм. Залуу хүний зоримог зан чанар түүнд бий. Бүхий л уран бүтээлчдээ маш их хүндэлж харьцдаг. Найруулагчийн худлаа амбиц, их зан, доромж үг, дээрэнгүй зан түүнд байдаггүй. Хэнийг ч ялгалгүй уран бүтээлч бүхнээ нээж, ойлголцож чаддаг учраас бүгд түүнийг та гэж хүндэлдэг дээ. Ийм залуус олон байгаад Драмын урлаг гэрэл гэгээтэй харагдаж байна.

-“Гэм зэм” жүжигт нүсэр тайз, эдлэл хэрэглэл байдаггүй. Энэ нь та бүхэнд дүрээ илэрхийлэхэд хэр байна вэ. 200 шахам жилийн өмнөх үйл явдлыг өгүүлж буй боловч яг өнөөдрийн нийгмийн асуудал шиг наалдаж өгч байгаа нь сонин. Электрон тамхи ч татаж байх шиг, гар утаасаараа зураг авч ч байх шиг?

-Нөгөө л хэлбэр биш агуулгыг шүтдэг гэдэг санаа явж байна. Энэ утгаараа хэлбэр ихдэхээрээ бодох сэтгэх нь багасаад ирдэг байхгүй юу. Би 2015 онд Моно жүжгийн фестеивалд орохдоо “Фауст”-аар моно жүжиг тоглож байлаа. Тэр үед надад нүсэр тайз засах мөнгө байгаагүй. Мөнгөгүйн улмаас зөвхөн нэг номтой гараад түрүүлчихсэн. Энэ нь ч намайг илүү бодож сэтгэх боломжийг олгосон юм шиг санагддаг. Алтан аяга байвал алтан аягыг нь бариад л, сүртэй хувцас хунар өмсөөд гардаг үе өнгөрчээ.

Харин хүмүүс энгийн хэр нь гүн агуулгыг хүсдэг болж. Жишээ нь хүн аягатай ус ууж байхад заавал аяга хэрэглэх шаардлагагүй болж, аягыг яаж илэрхийлэх вэ гэдэг дээр найруулагч маань ч соргогоор мэдэрч, хүмүүсийн сэтгэлийг сэргээх, уйдаахгүй байх, бодлого бодуулах, яагаад ингэх болов гэдэг асуултыг үлдээх гэж эрмэлздэг болж. Дэлхий нийтэд нүсэр тайз, хэрэгтэй хэрэггүй эд зүйлсээс татгалзаж, аль болох минимал болсон.

-“Гэм зэм” жүжгийн гол дүр болох Раскольниковын дүрд жүжигчин Д.Лхагва тоглосон. Үзэгчид янз бүрээр л ярьж, дүгнэж байна. Таны хувьд шаналсан, зүдэрсэн, зөрчилдсөн жинхэнэ Родяг хэрхэн бүтээсэн гэж боддог вэ?

-Д.Лхагва ахаар би маш их бахархсан. Жүжигчин хүн заавал тайзан дээр гал гаргаад, бардаж эрдээд байх шаардлагагүй. Хувь хүний уран бүтээлдээ хандах хандлага нь маш үлгэр жишээ. Д.Лхагва ах биднээс хамгийн түрүүнд ирээд дасгалаа хийдэг, хичээл зүтгэлээр өөрийгөө өөрчилж, шинээр бүтээж чадсан. Үзэгчдийн зүгээс ард түмэнд таалагдсан, нийтлэг, тогтсон баатарлаг дүрийг хүсдэг шиг байгаа юм.

Миний бодлоор нэн түрүүнд найруулагчид 100 хувь таалагдах ёстой. Би найруулагч юу хүсэж байна, тэр л дотоод сэтгэлийг гаргахыг хичээдэг. Найруулагчийн сэтгэхүйг гаргааж чадаагүй бол ард түмэнд мянга таалагдаад яах вэ, энэ чинь хий хоосон зүйл. Мэргэшсэн уран бүтээлч хүн хамгийн түрүүнд найруулагчдаа ханасан дүрийг эхлээд бүтээх хэрэгтэй. Тиймээс жинхэнэ Родя бол Лхагва ах мөнөөс мөн. Лхагва ах бол номер нэг Раскольников.

-Таны хань уран бүтээлч хүн. Энэ нь таныг уран бүтээлээ туурвихад нөмөр түшигтэй байдаг байх?

-Миний ханийг Жавхлантөгс гэдэг. Бид хоёр нэгдүгээр ангиасаа хойш найзалж үерхэж явж байгаад гэрлэсэн. Бид хоёр хүү, охин хоёртой. Хань минь миний ард бат бэх зогсож байдаг учраас би эрх чөлөөтэй, амжилттай уран бүтээлээ хийж чаддаг. Би жүжигчин болж, манай хүн найруулагчаар суралцсан. Одоо манай хүн “Маршал” студид найруулагчаар ажиллаж, реклам, энтертайнмент тал руугаа явж байна. Бид хоёрт ирээдүйд төлөвлөсөн ажил олон байгаа. Магадгүй жүжгийн урлаг руу хамтдаа хөтлөлцөөд явах байх. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би ч өөрийгөө бэлдэж байна, нөхөр ч өөрийгөө бэлдэж байна. Намайг өдий зэрэгтэй явахад минь халамж хайраараа маш том хөрөнгө оруулалт хийсэн ханьдаа, хоёр сайхан аавдаа, ээждээ маш их талархаж явдаг шүү. Би бурхан шиг сайхан хадмуудтай, азтай хүн дээ. 

-Та Б.Мөнхдорж багштайгаа “Хүн гөрөс” жүжигт хамтран ажилласан. Энэ тухайгаа яривал?

-Би олон сайхан багштай. Кино урлагийн дээд сургуулийг 2011 онд С.Болормаа багшийн удирдлага дор төгссөн. Багш гэхээсээ илүү ээж шиг минь дотно хүн бий. Драмын театрын студи ангид ороход Ч.Түвшин найруулагчид шавь орж байлаа.  Мөн Б.Нармандах багшдаа хадаг барьж байлаа. Б.Мөнхдорж найруулагч бол домог болсон уран бүтээлч хүн. Түүний амнаас гарч буй үг бүхэн онч мэргэн үгс байдаг. Олон сайхан багшийнхаа үг сургаалаар их зүйл сурч мэдсэндээ талархаж явдаг.

Б.Мөнхдорж найруулагчтай “Хүн гөрөөс” жүжигт хамтран ажилласан нь хэзээ ч мартагдахааргүй азтай мөч байлаа. Монгол зохиолчдын зохиол үнэхээр амьтай, өгүүлэмжтэй, үлдэх юмтай байдаг. Зохиолч П.Баярсайханы зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг. “Хүн гөрөөс” бүтээлээрээ дамжуулан хүний сэтгэл нууцаар дүүрэн оршдог, хүн хэзээ ч харагдаж байгаа шиг байдаггүй, үнэнд хүрэх зам хялбар байдаггүйг өгүүлдэг юм.

-Тайзны бүтээлээс дэлгэцийн бүтээлд тоглох тэс өөр байдаг гэж ярьдаг. Таны дүрүүд ялангуяа кино дэлгэцийн дүрүүд их хурц характертай санагддаг?

-Тийм шүү. Тайз, дэлгэц хоёр өөр өөрийн арга барилтай. Урлагийн бүхий л салбарыг дэмжиж таашааж явдаг. Хошин урлагийнхнаа ч хүндэлж биширдэг. Миний анхны дэлгэцийн бүтээл бол “Хунгийн сүүлчийн дуу” кино байлаа. Надад яагаад ч юм овортой, хурц араншинтай, уйлж хайлсан, сэтгэл хөдлөлтэй хэцүү дүрүүд ирдэг. Бидний ажил юм чинь дүр голох эрх байхгүй. Би уг нь зөөлөн сэтгэлтэй, тайван даруухан хүн шүү дээ. Өөртэйгөө төстэй дүр бүтээх юм сан гэж боддог шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top