Бураатын давааны цэвдгийн гэсэлтийг зогсоох технологи нэвтрүүлжээ

2022 оны 03 сарын 04

Баян-Өлгий аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Өөрөөр хэлбэл тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгсөн нь зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл,  зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд судалгаа хийн авто замын гүйцэтгэгч компанитай хамтран  цэвдэгтэй хэсгийг зуны улиралд гэсгээхгүйгээр хүйтэн байлгах технологи нэвтрүүлж байна.

Цэвдгийн гэсэлттэй холбоотой үүссэн авто замын гадаргын өөрчлөлт

ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Жамбалжав, Замын гадарга, ялангуяа асфальт-бетон гадарга нь нарны энергийг өөртөө шингээж улмаар доошоо гүнрүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг. Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгүүдийн шалтгааныг тодорхойлох, замын далангийн хэсгүүдийг эвдрэлээс  сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны ажлын хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температурын хэмжилт, тайлан 2021 оны зун хийсэн. Дээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж цэвдгийн гэсэлтэд хүчтэй өртөж нэлээдгүй хотойлт суулт өгсөн хэсгүүдэд цэвдгийн гэсэлтийг зогсоох аргуудын нэг болох термосифон хоолойнуудыг өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хугацаанд суурилуулсан тухай зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

Сайд Л.Халтар, гүйцэтгэгч компанид хандан улсын наадмын өмнө хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулсан  700 гаруй метр газрын хучилтыг хийж дуусгахыг үүрэг болголоо. “Монголд цэвдэгтэй газар маш олон байдаг. Тухайн үедээ далан муу хийгдсэн хэмээн үнэлээд шороогоор сольдог ч байдал дээрддэггүй. Тиймээс Я.Жамбалжав доктор энэ технологио салбарын шинжлэх ухааны зөвлөл дээр замын болон зам, засвар арчлалтын компаниудыг байлцуулан танилцуулаарай гэв.

Термосифон хоолой гэдэг нь хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний хүнд хормын төдийд хүргэдэг онцлогтой юм байна. Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвөл болдог бүхий л бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм. Хэд хэдэн төрлийн термосифон хоолой байдаг бөгөөд Бураатын даваа орчимд налуу хэлбэрийн (болон гогцоо хэлбэрийн термосифон хоолойг суурилуулжээ. Ингэснээр тухайн замын доорх цэвдгийг гэсгээхгүй барих боломж бүрдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top