Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022.03.04) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм.
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.
Сэтгэгдэл ( 0 )