Цэргийнхний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулна

2022 оны 03 сарын 08

УИХ-ын өнгөрсөн оны 12 дугаар тогтоолоор "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл" батлагдсан. Энэхүү чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн баасан гараг /03.04/-т Их хурлын даргад өргөн барьсан байна.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ. "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус, тус шинэчлэн баталснаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болжээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй аж.

Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүй өдийг хүрчээ. Тиймээс энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагджээ.

Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгодог. Улмаар Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд оршуулгын зардал олгогддоггүй хуулийн хийдлийг зассан байна.

Ингэснээр хуулийн төсөлд цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс олгож байх зохицуулалтыг оруулж өгчээ. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд цэргийн салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль ажээ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top