Олон улсын валютын сан Украины дайн болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарууллаа. Украины дайн цаашид даамжирсан тохиолдолд дэлхийн эдийн засагт үзүүлэх хор хохирлын хэмжээ улам нэмэгдсээр байх болно гэж мэдэгдэв. Дайн болон хориг арга хэмжээний улмаас эрчим хүч, улаан буудайн үнэ огцом өссөн.
Тухайлбал, “Brent” маркийн түүхий газрын тосны ханш баррель тутамд 128 ам.доллар давж, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших дээд түвшинд хүрээд байгаа юм.
Энэ нь цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэй дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас бий болсон инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх аж. Мөн ОУВС-гийн зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээний сөрөг үр дагавар хөрш орнуудад нь нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан юм. Ялангуяа, ОХУ-тай эдийн засгийн хувьд нягт хамааралтай улс орнууд хүнс, түүхий эдийн хомсдолд орж, нийлүүлэлтийн тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй аж. Тиймээс ОУВС-гийн зүгээс Засгийн газруудад хандан үнийн өсөлтийг хянаж, амьжиргаа тааруу өрхүүдэд дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Улмаар ОУВС-гийн удирдлагууд Украины дайны улмаас хүндрэлд орох эрсдэлтэй байгаа орнуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэж эхэлсэн аж. Тухайлбал, Молдав улсад тусламж үзүүлэх асуудал яригдаж байгаа аж. Харин ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт Украины Засгийн газрын 1.4 тэрбум ам.долларын яаралтай санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хэлэлцэнэ.
ОХУ нь манай импортын 33 хувийг эзэлдэг. Тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох хэмжээ буурснаар өргөн хэрэглээний бараа хомсдох, улмаар дотоодын үнийн өсөлт гаарах эрсдэлтэй.
Ер нь Европ тэр аяараа сандралдаж байна. Учир нь Орос, Украин нь дэлхийн үр тариа, улаан буудайн хэрэгцээний гуравны нэгийг хангадаг. Шатахуун авахад ам.доллар хэрэгтэй. Гэтэл авах өртөг нь нэмэгдэхээр улам их доллар шаардагдана. Энэ нь богино хугацаанд төгрөг ам.долларын эсрэг огцом сулрах эрсдэлийг бий болгож магадгүй гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм.
Дайны нөхцөл байдал магадгүй олон хоног үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Цар тахлын дараагийн хувилбар гэдэг шиг Орос, Украины асуудал дээр тодорхой бус байдал олон байна. Гэвч бид ямар ч нөхцөлд эрсдэлээ тодорхойлж, түүнд бэлэн байх хэрэгтэй болоод байна.
Канадын Торонто хотод төвтэй, даатгал болоод санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Manulife Investment Management” олон улсын компанийн мэргэжилтэн Сью Трин Украин-Оросын хямрал нь их хэмжээний гарз хохирол дагуулж болзошгүй талаар ярьжээ. Тэрбээр хориг арга хэмжээнүүдийн улмаас Оросын нийлүүлэх нефть болон байгалийн хийн хэмжээ багасах нь дэлхийн эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавартай гэж үзэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Барууны хөрөнгөтнүүд ОХУ-ыг устгах,оросуудыг үндэстний хувьд үгүй хийхээр бүлэглэн дайрч байгаа.Тэд өөртэйгээ өрсөлдөх хүчирхэг гүрэн байхыг тэвчдэггүй.Дэлхийг ганцаар ноёрхох захирахыг хичээнэ.Оросууд эх орноо ард иргэдээ хамгаалж дайтаж байна.Монголд Украины нацистүүд шиг цусанд шунагч хулгайчууд олон бий.
Хэцүү, их өвддөг, сэтгэцэд нөлөөлдөг ч гэсэн дэлхийн хорт хавдар болсон улсыг мэс заслын аргаар устгахаас, цааш нь халдвар тархаахгүй болгож туяагаар түлж эмчилхээс өөр аргагүй.