Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар /2022.03.09/ сураггүй болсон 14 хүүхдийг эрэн хайж байна.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат "1990 оноос 14, 16 настай хүүхэд алга болсон талаар дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 0-16 насны 10.115 хүүхдийг эрэн сурвалжилсан.
Дээрх хүүхдүүдээс 14-ийг нь эрэн сурвалжилж байгаа бөгөөд бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн байдаг. Эдгээр 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн нь 4 нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдэж эрэн сурвалжлах ажиллагаа одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байна.
Ихэнх тохиолдолд эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд эрэн сурвалжлалт зарлагдсан цагаас 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цаг, бүр цаашлаад 14-30 хоногийн дараа олдох ч тохиолдол бий. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхэд бүрээс болсон асуудал, гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог. Харин сураггүй алга болоод удсан иргэдийг хариуцсан аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсээс эрэн сурвалжлах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг тогтмол идэвхжүүлэн ажилладаг ба ажлын хэсгүүдийг шинэчлэн гаргах, нэмж ажлын хэсэг байгуулах зэргээр үйл ажиллагаагаа тогтмол сэргээн ажиллаж Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжлах ажиллагаанд нь хяналт тавьж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Хүүхэд алга болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хугацаа алддаг нь эрэн сурвалжлах ажлын үр дүнд зарим тохиолдолд сөргөөр нөлөөлдөг. Иймд цагдаагийн байгууллагад нэн яаралтай хандаж, бүртгүүлэх, мөн хүүхэд олдсон болон оршин суугаа хаягтаа ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад эргэн мэдэгдэх хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )