Засгийн газрын лхагва гаригт болсон (2022.03.09) хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлснээр Хөгжлийн банканд 2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил тод болгоё гэсэн саналыг Б.Энхбаяр гишүүн гаргаж, түүнийг нь Засгийн газраас хүлээн авсан байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүн тус шалгалтын Ажлын хэсгийг ахалж байсан юм. Олон хардлага дагуулаад байгаа 2016 оны шалгалтын дүнг Засгийн газраас олон нийтэд ил тод болгохоор шийдвэрлэсэн байна.
-Нууцаас гаргасны дараа хууль хяналтын байгууллагууд үргэлжлүүлэн шалгах уу. Албан тушаалын нөлөөллийн хэргүүд хэр байгаа вэ?
-Дандаа албан тушаалын хэрэг гэхээсээ илүүтэй санхүүгийн үйл ажиллагаанд нь юунаас болж доголдол үүсч байгааг тухайн үед сэрэмжлүүлсэн юм билээ. Татан төвлөрүүлсэн зээлүүдэд ийм эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсэн байна. Ийм, ийм чиглэлээр санхүүжилтийг цаашид зогсоох нь зүйтэй гэсэн. Энэ 130 хуудас материалын 119 дүгээр хуудаснаас эхлээд Ажлын хэсгийн санал, дүгнэлтүүд байгаа. Өөрөөр хэлбэл шалгах өдрийн байдлаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2.9 их наяд төгрөгийн 34.7 хувь буюу нэг их наяд төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байна.
Үүнийгээ сунгаад явж байна. Гадны эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн мөнгө өнөөдрийн байдлаар ийм үр дүнтэй байна. Эх үүсвэрүүдийг эргэн төлөх хугацаа ойртож байгаа. Гадаад валюттай харьцах ханшийн эрсдэлд өртсөн байна гэх зэрэг бүх талаас нь дүгнэсэн юм байна лээ. Харамсалтай нь энэ шалгалтын дүнтэй танилцаж байсан удирдлагууд нь өөрсдөө энэ алдааг нь үргэлжлүүлээд явчихсан. Энэ талын мэдээллийг авахыг хүсвэл нээлттэй болсон.
Тийм болохоор та бүхэн олон нийтэд хүргэж, дүгнэлт хийх нь зөв байх. Хамгийн гол нь энэ шалгалтын материалтай холбогдуулж тухайн үед хууль, хяналтын байгууллагуудад шилжүүлсэн хэргүүд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд яагаад дийлэнх нь шийдэгдээгүй байгаа юм бэ гэдэг дээр энэ материалыг олон нийтэд ил болгохыг хүссэн Б.Энхбаяр гишүүний хүсэл, шаардлага үүнд оршиж байгаа.
-Тухайн үед сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцааг зарж, борлуулах асуудалд оролцсон гэдэг мэдээлэл гараад байгаа. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?
-Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд бичиг ирсэн. Бид үүнийг холбогдох байгууллагуудад нь уламжилсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яам шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллагууд нь шалгана. Тийм ч болохоор бид АТГ-т мэдээллийг нь уламжилж явуулсан.
-Зээлийг зориулалтын бусаар ашигласан компаниудад ямар арга хэмжээ авах вэ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийн бүрдэл бүрдсэн тохиолдолд л эрүүгийн гэмт хэрэг болгож шалгаж явах учиртай. Одоо цагдаа, Авлигатай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг үүн дээр ажиллаж байгаа. Зээлтэй холбоотой дийлэнх хэрэг АТГ дээр шалгагдаж байна. Цэвэр аж ахуйн нэгжтэй холбоотой, ямар нэгэн авлига, албан тушаалын гэмт хэргийн бүрдэл агуулаагүй хэргүүд нь цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа.
Цаашид бид Хөгжлийн банк, сангууд гарч байгаа энэ алдаануудыг эргэн харж нэгдсэн нэг дүгнэлтэд хүрэх ёстой. Энэ юу гэвэл, төрөөс хэрэгжүүлж байгаа зарим бодлогын арга хэмжээнүүд нь үр дүнгүй байгаа тохиолдолд заавал энэ төрлийн сан болон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг банк, санхүүгийн байгууллагууд байх шаардлагагүй. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын зүйлс нь үр дүнд хүрч байна уу гэдэг дээр сүүлийн арав гаруй жил хийсэн бодлогынхоо арга хэмжээнүүд дээр дүгнэлт хийх шаардлагатай байна.
Маш олон сан, хөнгөлөлттэй зээл, дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр байгаа. Мөн Хөгжлийн банк, бусад Төрийн банкаар хэрэгжүүлж байгаа зээл, тусламжууд нь тухайн байгаа оносон уу, үгүй юу. Зүгээр жил бүр ингээд яваад байх ёстой юм уу. Зээлүүд нь эргэн төлөгддөггүй, буцалтгүй тусламж мэтээр үздэг хандлагад дүн шинжилгээ хийх ёстой зүйлийг Засгийн газар дээр ярьсан. Энэ маань эргээд төрийн бүтээмжийн сэргэлт гэдэг сэргэлтийн бодлогын арга хэмжээтэй уялдаж явахаар яригдсан.
-Капитал банканд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөний асуудал байгаа?
-Тийм. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын сан руу өнөөдөр цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад олж битүүмжилсэн, хамгаалсан Капитал банкны хөрөнгүүдийг тухайн хоёр сан руу хуваан шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн. Харин тухайн сангууд нь түүнийгээ өөрсдийнхөө Үндэсний зөвлөлийн баталсан журмын дагуу нийтийн дуудлага худалдаагаар өр барагдуулах ажлууд хийгдэнэ.
Цагдаагийн байгууллага цаашид нуугдмал хөрөнгө илрүүлэх тодорхой ажлууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Одоо сангуудаас өөрсдөө цагдаагийн байгууллагад энэ, энэ хөрөнгүүдийг шилжүүлж авъя гэсэн хүсэлтээ ирүүлж амжаагүй байна. Ирүүлбэл цагдаагийн байгууллага нэг цагийн дотор битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгүүдийг шилжүүлж өгөх бичгээ улсын бүртгэлийн байгууллагууд руу хийж өгөхд бэлэн байгаа. Гэхдээ энэ тал дээр тодорхой ажлууд хийгдэж байгаа гэдгийг хэлье.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )