Бодибилдинг, фитнессийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдыг тодруулах “Монголын мистер 2022” тэмцээн энэ сарын эхээр болж өнгөрсөн билээ. “Монголын мистер 2022” УАШТ-ий “Бикини модель -160” ангилалд “Эрхэт Монгол" группийн тамирчин Н.Дашболдцэцэг түрүүлж, алтан медаль хүртсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон түүнтэй ярилцлаа.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тус тэмцээнийхээ зорилго болоод өөрийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Баярлалаа. Миний хувьд “Монголын Мистер” 2020, 2021, 2022 онд ийнхүү дараалаад улсын аварга болж байна. Манай ангилалд 20-иод охин өрсөлдсөн. Шүүгч нарын шүүлтээр шалгарч үлдсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээн нь хүн амын сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох зорилготой. “Монголын Мистер 2022” тэмцээн нь 31 дэх удаагаа болж өнгөрлөө. Тэмцээн нийт 13 төрөл 26 ангиллаар зохион байгуулагдсан бол миний бие “Бикини модель -160” ангилалд амжилттай оролцлоо. Цаашдын зорилго маань дэлхийд Монголынхоо нэрийг гаргах юм даа.
-Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Дэлхийн аваргын төлөөх тэмцээний бэлтгэлдээ орсон уу?
-Би энэ спортоор хичээллээд таван жил болж байна. 2019 онд олон улсын “Golden time” тэмцээнд оролцож, Шилдэг 10-т шалгарч, хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2019 онд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнесийн тамирчны эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" тэмцээнд амжилттай оролцож, “Bikini model 155” ангилалд алтан медаль хүртэж байсан. Үүнээс хойш цар тахлын хөл хорионы улмаас гадагшаа явж чадаагүй. Ирэх арваннэгдүгээр сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. ДАШТ хаана болох нь тодорхойгүй байна. Ямар ч байсан нэгдүгээр байранд орж, ДАШТ-д явах эрхээ авлаа. Анхны ДАШТ-дээ явах гэж байгаадаа баяртай байна. Бэлтгэлээ тогтмол хийж байгаа.
-Та хэдэн оноос бодибилдингийн спортыг сонирхож эхэлсэн бэ, чухам яагаад энэ төрлийг сонирхох болов?
-Би Өмнөговь аймагт төрж өссөн. Нутагтаа ажиллаж амьдардаг. Одоо 30 настай. Их засаг их сургуулийг Нягтлан бодогчын мэргэжлээр төгссөн. Төгсөөд архив бичиг хэргийн ажилтан хийж байсан. Одоо ээж, аав, хүүтэйгээ амьдардаг. Өмнөговь аймагт “Голден жим” фитнесст хоёр жил гаран ажиллаж байгаад одоо хувиараа дасгалжуулагч хийгээд явж бна. Анх 2017 оноос фитнессээр хичээллэж эхэлсэн. Ер нь анх турна гэсэн л зорилготой фитнесст явж эхэлсэн бол бие бялдар чангараад цэгцрээд ирэхээр урам ороод илүү их хичээх болсон. 2019 оны дөрөвдүгээр сараас тэмцээнд орж эхэлсэн нь улам их урам зориг, эрч хүчийг бэлэглэсэн.
-Таны жин хэдээс хэдийн хооронд хэлбэлздэг вэ. Хүүхнүүд хүүхэд төрүүлээд жин нэмлээ гэдэг шүү дээ. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Миний жин 50-53 кг байдаг. Хамгийн их жин нэмсэн үе гэвэл жирэмсэн байхдаа 63 кг хүрээд төрөөд 58 кг болж бсан. Хүү маань одоо 10 настай. Тухайн үед төрсний дараах жин надад гайгүй санагддаг байсан. Фитнесст л явъя гэж шийдээд явж эхлэх үедээ илүүдэл жинтэй байж гэдгээ мэдэрсэн. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд зөв хоолоо зөв цагтаа идэж, дасгал хөдөлгөөн хийж өөрийнхөө биеийг хайрлаж байгаарай. Хүн өөрөө өөрийгөө л бүтээнэ шүү дээ. Сайхан бие галбир, эрүүл бие цогцсыг бүтээнэ гэдэг өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт. Хэчнээн сайхан ганган хувцаслаад, тансаг хооллоод илүүдэл жинтэй бол хууч өвчнөөр өвдөх, ажлын бүтээмж муудах, эрч хүч сулрах, уур бухимдалтай байх гээд цаанаа л аз жаргалгүй харагддаг. Дасгал хөдөлгөөн хүний бие организмд аз жаргалын гармон ялгаруулж үргэлж сэтгэл санаа өөдрөг байдаг юм шүү.
-Та жингээ барьж, булчингаа хөгжүүлэхийн тулд өдөрт хэдэн цаг дасгал хөдөлгөөн хийдэг вэ. Мөн зөв хоолыг зөв цагт идэх гэдгийг хүмүүст тодорхой тайлбарлавал?
-Би 08.00 цагт босоод усаа уугаад, овьёосоо идчихдэг. Өдөр үхрийн мах, тахианы цээж мах, будаа, ногоогоо иднэ. Орой бэлтгэлийн дараа уургаа уугаад цагийн дараа хоолоо иддэг. Тэгээд 22 цагийн үед унтаж амардаг даа. Дасгалын хувьд өдөрт нэгээс хоёр цаг бэлтгэл хийдэг. Өдөр өдрөөр бэлтгэлээ хуваарилж хийнэ дээ. Жишээ нь өнөөдөр хэвлийн дасгал хийсэн бол маргааш өгзөгний дасгал хийх зэргээр өөртөө ачаалал бага өгөхөөр хуваарилдаг. Тэмцэээнгүй үед будаа, үхрийн мах, ногоотой хоолыг 2-3 цагийн зайтай бага багаар иддэг. Үүнээс гадна жимс жимсгэнэ, ногоон төрлийн ногоогоо хүссэнээрээ хангалттай иддэг.
-Таныг “Голден жем” клубт ажиллаж байхад ямар асуудалтай хүмүүс ихэвчлэн ирдэг байсан бэ. Тэдгээр хүмүүст юу гэж зөвлөдөг байсан бэ?
-Ер нь фитнесст эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай турах зорилготой хүмүүс ирдэг. Хүмүүст булчингийн дасгалын техникийг зааж өгөөд, хооллох аргыг нь хэлж өгдөг. Одоогоор зөвхөн хувийн хүмүүсээ аваад явж байгаа. Фитнесст анх явж эхлэх гэж байгаа хүмүүс сайн багштай эхэлбэл зүгээр гэж хэлмээр байна. Анхнаасаа хоолоо, дасгалаа, техникээ мэдээд сураад явбал цаашид өөрт нь хэрэгтэй шүү дээ. Зарим нь дасгалаа буруу эхлээд шантраад орхидог. Зарим хүмүүс дасгалаа сайн хийж байгаа хэр нь хоолны дэглэмээ буруу бариад үр дүн нь муу байдаг. Фитнесст явна гэдэг багш, шавь хоёрын хамтын бүтээл. Багшийнхаа заавар зөвлөгөөг сайн дагаад явбал богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрэх боломжтой. Миний багш Б.Түвшинтогтох гэж хүн байдаг. Би Өмнөговь аймагт байдаг болохоор багш маань надад ихэвчлэн цахимаар заавар зөвлөгөө өгдөг. Тэмцээнд орохоос сарын өмнө хотод ирээд бэлтгэлээ хийдэг дээ. Багш маань намайг “формоо алдаж болохгүй, хоолоо сайн тохируулаарай” гэж зөвлөдөг. Фитнесээр хичээллэж эхэлж байгаа хүмүүст хамгийн гол нь тууштай зорилготой өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй гэж хэлье дээ.
-Сүүлийн үеийн залуус эрүүл чийрэг булчинлаг бие хаатай болж, амьдралын зөв хэмнэлийг эрхэмлэх болж. Фитнесс нь нөгөө талаараа эрүүл мэндийн зөвлөгч гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүний бие уураг, эрдэс бодис, амин дэмийг хоол тэжээлээр авч байдаг шүү дээ. Үүнийг нөхөхийн тулд өөрт дутагдалтай эрдэс бодисоо шинжилгээ өгч тодорхой болгоод дутагдлаа нөхөх хэрэгтэй. Дасгал хийхэд бөөр, элэг, зүрх ачаалладаг учир шаардлагатай амин дэмийг хангалттай авах нь чухал. Залуус маань архи, тамхи аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хүн ер нь өөрийн идэж ууж буй зүйлээрээ өөрийгөө буй болгодог гэдэг шүү дээ. Өөх тостой, хуурсан хайрсан зүйл идээд л байвал юу болох вэ. Олон төрлийн өвчлөл, хорт хавдар буруу хооллолтоос болдог гэхэд хилсдэхгүй. Хүнд өвчин туссаны дараа өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх биш эрүүл саруул байгаа дээрээ эртхэн зөв хооллож сурах нь чухал юм даа.
-Та гоо сайхан гэдэг ойлголтыг юугаар хэмжих вэ. Гоо сайхныг бүтээхийн тулд ямар золиос хэрэгтэй гэж боддог вэ?
-Өөрийнхөө бие сэтгэлийг хайрлаж өөртөө цаг гаргаж байвал гоо сайхан аяндаа цогцолно. Мэдээж гоё сайхан байхын тулд тодорхой хэмжээгээр золиос тэвчээр шаардана л даа. Хүссэн зүйлээ идэж болохгүй, хүссэнээрээ амарч, унтаж болохгүй гээд зарчим шаардлага бий. Тэр бүхнийг тэсэж давж гарч байж өнөөгийн амжилтанд хүрдэг. Ёстой л балга ус, зүсэм талхны үнэ цэнийг мэдрүүлдэг шүү дээ.
-Манай улсад бодибилдингийн төрлийг хөгжүүлэх тал дээр хэр далайцтай ажиллаж байна вэ. Энэ төрөлдөө тууштай, үнэнч явж байгаа тамирчдаа нэрлэ гэвэл?
-Би одоохондоо дотоодын тэмцээнүүдэд ороод явж байгаа тул гадаадын улс оронтой харьцуулах учир дутагдалтай байх. Манай улсын хувьд энэ спортыг ойлгодог дэмждэг нь цөөхөн санагддаг. Техник тоног төхөөрөмж, заал танхим гээд хэрэглээ өндөртэй спорт. Мөн бид өдөр тутамд уураг хэрэглэдэг. Уургийн олдоц хангалттай ч үнэ нь доод тал нь 250-350 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Нэг уургийг хоёр сар орчим хэрэглэдэг. Улс орондоо эрүүл чийрэг хүмүүсийг олон болгохын тулд бодибилдингийн төрөлд улс орныхоо нэрийг гаргаад явж байгаа тамирчдаа төр засгаас дэмжээсэй гэж боддог. Энэ төрөлдөө үнэнч тууштай явж байгаа тамирчид гэвэл үе үеийн тамирчид олон бий. Хамгийн тод жишээ нь гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, Дэлхийн хошой аварга Н.Анужин байна даа.
-Таны амжилтын нууц юу вэ?
-Амжилтын нууц нь тууштай тэвчээртэй байдал нь юм болов уу даа. Багш маань намайг их хурцалж урам өгдөг. Энэ спорт бол санхүүгийн хувьд их өндөр өртөгтэй байдаг спорт учир тэмцээнд ороход их зардал гардаг. Энэ бүхнийг маань “Эрхэт Монгол” группийн захирал Х.Мандахбаяр дааж зохицуулж, санхүүгийн асуудлыг шийдэж өгдөгт баярлаж талархаж явдагаа хэлмээр байна. Мөн гэр бүл, найз нөхөд минь үр хүүхэд, сэтгэл санаа гээд л бүх зүйл дээр ард минь байдаг болохоор сэтгэл амар тэмцээндээ ордог.
-Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Танд хүч өгч байсан ямар үг байдаг вэ?
-Хамгийн анх намайг тэмцээнд ороход олон ч хүн дэмжиж олон хүн ч чадахгүй гэж байсан. Тэднийхээ ачаар өнөөдрийг хүртэл амжилттай явж байна гэж боддог. Чадахгүй гэсэнд нь чаддаггаа харуулж, чадна гэсэнд нь итгэлийг нь дааснаа мэдрүүлэх сайхан шүү дээ. Мандаа ах анх “За дүү амжилтандаа ташуурч болдоггүй юм шүү” гэж хэлж байсан. Ер нь хүмүүст эвгүй сэтгэгдэл үлдээх вий, гомдоох вий гэж их бодож явдаг даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )