Хоригдсон хүмүүс цагаатсаныхаа дараа эрхээ сэргээж чадахгүй байна

2022 оны 03 сарын 10

Хэвлэлийн хүрээлэн, Монголын Эмнести интернейшнл,  Глобал удирдагч их сургуулийн Хууль зүйн сургууль, Өмгөөллийн "Эрх зүйн гүүр" хуулийн фирмтэй хамтран “Шударгаар шүүгдэх эрх хэрэгжиж байна уу”? гэсэн сэдвээр 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд бодлогын мэтгэлцээн зохион байгууллаа.

Аливаа иргэн Эрүүгийн хариуцлагад татагдаж шүүхийн өмнө зогсохдоо төрийн машинтай нүүр тулдаг. Гэмт хэрэгт буруутгагдсан хүнд хэрхэн хандаж байгаагаас тухайн улс оронд хувь хүний эрх чөлөө, хууль дээдлэх ёс хэр хэрэгжиж байгаа нь харагддаг.

Гэмт хэрэгт сэжиглэгдсэн, шүүгдэж буй этгээд олон улсын шударга ёсны хэм хэмжээг баримтладаг, эрх бүхий, хараат бус, голч шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Ямар ч гэмт хэрэгт холбогдсон бай, хэн нэгнийг шударга бусаар шүүсэн бол шударга үнэнийг олж чадаагүй гэсэн үг.

Шударгаар шүүлгэх нь хүний эрх юм. Уг эрх нь халдашгүй байх, саатуулагдаж байгаа этгээдийн мэдээлэл авах эрх, хууль зүйн туслалцаа авах эрх, хоригдож буй этгээд гадаад ертөнцтэй холбоотой байх эрх, аль болох богино хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрх, цагдан хорих шийдвэрт гомдол гаргах, эрүү шүүлтээс ангид байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэлмэгдүүлэлтэд өртөхгүй байх, шударгаар шүүлгэх, хэргийг шударгаар хэлэлцүүлэх, нээлттэй шүүлгэх эрх, гэм буруугүйд тооцогдох эрх гээд маш олон эрхийг багтаасан ойлголт юм.

Энэ талаар хуульч, өмгөөлөгч Д.Оросоо, Б.Мэргэн, Ч.Өнөржаргал нар тодорхой баримт жишээн дээр тулгуурлан мэтгэлцлээ.

Мэтгэлцэгч талууд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг авахдаа худал мэдээл өгвөл Эрүүгийн хариуцлагад татна гэсэн мэдэгдэлд гарын үсэг зуруулж, өмгөөлөгчгүйгээр мэдээлэг авчихаад дараа нь сэжигтэн яллагдагч болгон байцаахдаа эхний гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож хэрэгт холбогдсон хүнийг буруутгах тохиолдол их байна.

Сэжигтэн, ялтныг баривчлан саатуулахдаа ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй, өмгөөлөгчид нь үндэслэлийг тайлбарладаггүй, мэдүүлэг, нотлох баримтыг үзүүлдэггүй. Үүнээс болж тухайн иргэний халдашгүй байдал, шударгаар шүүгдэх эрх нь зөрчигдөж байна.

Прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шалгахдаа сэжигтнийг 48-72 цаг цагдан хорих эрхтэй байдаг. Энэ үед хүний эрх ноцтой зөрчигдөх тохиолдол нэлээд байдаг. Ялангуяа эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хойрго ханддаг, илт дуруйцдаг тохиолдол нэлээд байна. Жишээ нь хорих 461 дүгээр анги дотор II шатлалын эмнэлэг байгаа гэх боловч эмчилгээ үйлчилгээ, эм, тоног төхөөрөмжийн хангамж тухайн шатлалын эмнэлэгийн стандартад хүрэхгүй байна.

Шүүхийн шатанд өмгөөлөгч хэргийн материалийг бүрэн уншиж, нотлох баримттай танилцах боломж муу байгаа нь хүний эрхийг хангах, шударгаар шүүлгэх эрхээ эдлэхэд иргэдэд муугаар нөлөөлж байна. Хамгийн гол нь цагдан хоригдсон хүмүүс цагаатсаныхаа дараа эрхээ сэргээх тал дээр хангалтгүй байна. Шүүхээс хэргийг цагаатгасан шийдвэр гаргахдаа хохиролоо хэрхэн барагдуулах талаар зөвлөмж өгөх ёстой. Ихэнх цагаатгагдсан иргэд хохиролоо нөхөн төлүүлэх талаар хүсэлт гаргахгүй байгаа нь хаагдсан хэрэг ахиад сэргээгдэж, хэрэг төвөгт орчих вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм.

Шүүхийн шатанд шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын дунд адил тэгш мэтгэлцэх боломж хангалтгүй байна. Ялангуяа өмгөөлөгч прокуророос асуулт асуух эрхгүй байгаа нь шударгаар шүүгдэх эрхэд ноцтой хохирол учруулж байна гэсэн үндэслэлүүдийг тавьж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(139.5.218.112) 2022 оны 03 сарын 10

Энэ бүх хуулийн гажуудал, хүний эрхийн зөрчил, шүүхийн авилгал чинь АН-аас үүдэлтэй юм шүү дээ. Үндсэн хуулийг хийхдээ Чимид, Лүндээжанцан тэргүүтэй луйварчид ардчиллаас хазайж, улс төрчид,намыг дээгүүр тавьж, луйварчдыг өмгөөлсөн заалтууд оруулсан. Элбэгдоржийн хонгил гэж бүхэл бүтэн хуульчдын ялзарсан давхарга байна. Тэд гэм зэмгүй хүмүүсийг Зоригийн хэрэгт яллаж, хэлмэгдүүлсэн. Тэр үед энэ .Оросоо, Б.Мэргэн, Ч.Өнөржаргал нар юу хэлээгүй мөртлөө Энхсайхан, С.Баяр, Да Ганболд, Хаянхярваа нарыг болохоор өмөөрч, цагаатгах юм яриад байж болохгүй.

0  |  0
Top