БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтан үл таних Монгол залууд зодуулж бэртэл авсаны улмаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Машинаасаа бууж хоолны газар руу явж байхдаа “Чи хоол идэх үү” хэмээн жолоочоосоо төрөлх хэлээрээ асуусан нь зодуулахын үндэс болсон гэнэ. Түүнийг үсээ хусуулсан мулзан толгойтой, толгой дээрээ шивээстэй нэгэн залуу “Чи муу хужаа яасан чанга орилдог юм” хэмээн зодчихоод алга болчихсон юм байх. Чингэлтэй дүүргийн цагдаа нар халзан толгойтой хэрнээ толгой дээрээ шивээстэй залуугийн эрэлд гараад байгаа гэнэ. Сүүлийн үеийн залуучууд үсээ хусуулаад толгой дээрээ элдэв янзын шивээс хийлгэх нь их болсон. Гэвч дээрх шинж тэмдэг бүрдсэн тэмээнээс тэмдэгтэй олны танил нэг хүн байгаа нь “Номин Талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн аж. Мань хүний хувьд төрийн цагдааг барьж аваад шүд амыг нь цөм цохичихдог зодоон цохионд дуртай, дээрээс нь үндсэрхэг үзлээ толгой дээрээ тунхаглаж явдаг гэсэн утгаараа уг хэрэгт хардагдаад байгаа гэнэ. Сүүлийн үед монголчууд хятадуудад их дургүй болоод байгаагийн дээр элдвийн хэрэг тарьж эх нутагтай байгаа юм шиг чанга чанга хашгиралдах хятадуудыг харсан хийх юмаа олж ядсан мулзан толгойтой байтугай, зүгээр хажуугаар нь явж байгаа жирийн монгол хүмүүс хүртэл дургүйцэх нь илт болсон. Харин дээрх хэргийн хувьд аль ч улсын элчин сайдын ажилтан гэдэг халдашгүй дархан эрхтэй. Түүний биед халдана гэдэг тухайн улсад халдаж байна гэснээс ялгаа үгүй. Тийм болохоор Чингэлтэй дүүргийн цагдаа нар “Ардын элч” кинон дээр "25-26 орчим насны 6-7 хэрийн насны эрэгтэй хүүхдээ дагуулсан эмэгтэйг хайж байна" гэдэг шиг Хятадын элчин сайдын ажилтныг зодсон байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн халзан толгойтой болгоныг шалгаж байгаа гэнэ. Олны танил дуучнаас нь өгсүүлээд үндсэрхэг үзэлтэй мулзан толгойтой болгон сэжигтэн болоод байгаа гэнэ шүү.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )