Сүхбаатар аймгийг тойрох галт бамбарын аялал МҮОХ-ноос эхэллээ

2022 оны 03 сарын 11

МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзол уралдааныг зарлаад буй. Шилдгээр шалгарсан нь Ханжуогийн Азийн наадам үзэх эрхээр шагнуулах энэхүү аяны хүрээнд тухайн орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх юм.

Сүхбаатар аймгийн тухайд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудаар олимпын галт бамбар аялуулах аяныг санаачилжээ. Энэ ажлын хүрээнд өөрсдийн хийсэн галт бамбарыг өнөөдөр МҮОХ-нд асааж, олимпын аварга Э.Бадар-Ууганаас гардан авлаа. Аймгаа төлөөлөн ирсэн ахмад дугуйчид бамбараа аван дугуйгаар аялсаар нутагтаа хүргэх юм. Арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар байлцав.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн “Парис” олимпын зөвлөлийн дарга Ш.Энх-Амар “МҮОХ, БТСУХ, БШУЯ, Монголын үндэсний олимпын академиас зарласан болзолт уралдааны хүрээнд “Парис” олимпын зөвлөл, аймгийн Боловсролын газар, Биеийн тамирын газар хамтран гурвалсан гэрээ байгуулж, төлөвлөгөөгөө гарган ажлаа эхлүүлээд байна. Бид зөвлөлдөж байгаад МҮОХ-ны музейгээс бамбараа асааж, олимпын аварга Э.Бадар-Ууганаас гардаж авъя гэж шийдсэн.

Манай аймаг олимпын медальтангүй. Олимпын аваргаас гардан авсан галт бамбар Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн хүрээнд бүх сумдаар тойрон аялж, үүнд аймгийн бүх залуу тамирчид хамрагдана. Энэ нь тэдэнд урам зориг өгч, ирээдүйд олимпын наадамд оролцох, медаль авах сэтгэлийн дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

Анх 2002 онд олимпын зөвлөлүүд байгуулагдаж, нэрсээ сугалаагаар сонгоход манай аймагт Парис хот таарсан. Харин одоо 2024 оны олимп Парис хотод зохиогдох гэж байна. Манай аймгийн тамирчид 2024, 2028 оны олимпод амжилттай оролцож, медаль авахыг бэлгэдэн энэхүү галт бамбарын аяныг эхлүүлж байна” хэмээн ярилаа. Харин МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган үлгэр жишээ аяныг эхлүүлж буйд баяр хүргэж, Сүхбаатар аймгаас олон олон олимпын медальтан төрөн гарахыг ерөөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top