Валентин Распутины 85 жилийн ойгоор "Хөхөө" киног ҮНЭГҮЙ ҮЗҮҮЛНЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Оросын нэн шинэ үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Төрийн хошой шагналт, ОХУ-ын Төрийн шагналт, Сибирийн их зохиолч Валентин Григорьевич Распутины нэргүйгээр Оросын утга зохиолыг төсөөлөхийн аргагүй.

Түүнийг "Насаараа дурсаж яваарай", "Марияд өгөх мөнгө", "Франц хэлний хичээл", "Иваны эх, Иваны охин", "Түймэр" зэрэг зохиол бүтээлээр нь монгол уншигчид сайн мэднэ.

Тэгвэл маргааш буюу бямба гарагийн 14:45 цагаас Улаанбаатар дахь "Русский дом" Монголын орчуулагчдын эвлэлтэй хамтран Валентин Распутины мэндэлсний 85 жилийн ойд зориулан "Монголын зохиолчид, кино найруулагчид Зохиолчийн тухай" хэмээх утга зохиолын өдөрлөгийг зохион байгуулна.

Уг арга хэмжээний үеэр Улсын номын сангийнхан РЦНК-гийн номын сантай хамтарч Валентин Распутины бичсэн болон Монголын үе үеийн дуун хөрвүүлэгчдийн монгол хэлнээ орчуулсан ном зохиолын үзмэр дэлгэн үзүүлнэ.

Мөн Н.Н.Муравьёв-Амурскийн нэрэмжит Эрхүүгийн орон нутгийн музей болон зохиолчтой амьдралынх нь сүүлчийн таван жилийн туршид хамтаар аялж дүрсжүүлсэн Александр Шурыкины "Байгаль нуур руу явсан сүүлчийн аялал" богино хэмжээний баримтат кино болон гэрэл зургийн үзэсгэлэнг зочдод толилуулна.

Харин ойн арга хэмжээний оргил болгон В.Распутины "Эцсийн хугацаа" /Последний срок/ туужаас сэдэвлэн бүтээсэн "Хөхөө" Монголын уран сайхны киног үзэгчдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэх юм.

“Хөхөө” МУСК нь 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадамд оролцож, шилдэг монгол кино, шилдэг найруулагч шагналыг хүртсэн. Найруулагч Жанчивдоржийн Жамьяансүрэн В.Распутины “Сүүлчийн амьсгал” зохиолыг уншаад кино бүтээх сэдэл төрсөн гэдэг. Олон жилийн турш бодож явсан зохиолоо хөхөө шувууны домогтой хослуулан кинондоо буулгасан байна. Ингэхдээ Валентин Распутины гэргий Ольгагаас албан ёсны зөвшөөрөл авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top