Хамаг сайн сайхан “ХАЙРЫН ХОТ”-оос эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14


Хүн төрөлхтний хөгжил, техник технологийн дэвшил нь асар хурдтай довтолгож, өнөөдрийн хэт их түгжрэл, дуу чимээнд нэгэнт тулжээ. Харин өдгөө хүн төрөлхтөн энэ их дуу чимээ, хэт их төвлөрлөөс ангид байхыг хичээж эхэлсэн нь улаанбаатарчуудад бодитоор тулгараад байгаа асуудал.

Үүнийг сааруулах, дагуул хотыг босгож хөгжүүлэх төрийн бодлого цаасан дээрээс амилж буй энэ үед “Эрхэт Монгол” группийн ээлжит төсөл “Хайрын хот” дөрвөн улирлын хаус болон апартмент хорооллын шавыг таширлуулан тавилаа.

Цэвэр агаар, эрүүл хөрсний мөрөөдөл болж буй нийслэлчүүдэд дуулгахад 2224 айлын багтаамжтай “Хайрын хот”-ыг нийслэлийн төв цэгээс 23 километр, Нисэхийн аюулгүйн тойргоос есөн километрт Улаанбаатар, Төв аймаг, Өлзийт хороолол гэсэн гурван замын уулзвар цэг, үргэлжийн нар тоссон эрүүл энгэр талд босгохоор ажлаа эхлүүлжээ.

 

“ХАЙРЫН ХОТ”-Д 200 ГАРУЙ МЯНГАН МОД, БУТ БҮХИЙ ХАЙРЫН ТӨГӨЛ БАЙГУУЛНА

 

Түргэний голын хөвөө, Айцын давааны өвөр бэлд бууриа засахаар зэхсэн “Хайрын хот” хорооллын шавийг тавих ажиллагааг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нээж үг хэлсэн.

Тэрбээр “Төрөөс дагуул хот байгуулах шийдвэр гарч, улмаар ажил нь гараанаас гарч байгаа энэ үед манай төсөл эхэлж байгаагаараа онцлог. Мөн Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилга дор иргэд, аж ахуйн нэгж бүр идэвх санаачилгатай ажиллаж байгаа энэ үед манай төслийнхөн ч “Хайрын хот”-д 200 гаруй мянган мод сөөгийг тарьж ургуулна. Уг төслийн орлогын гурван хувийг ногоон байгууламжид зориулна. Үүнийг "Хайрын хот"-ын оршин суугчидтайгаа хамтран хэрэгжүүлэх юм. Хотын дуу чимээнээс ангид, цэвэр агаар, эрүүл хөрсөн дээр сүндэрлэх хороололд нийслэлчүүдээ урьж байна. Энэ хотхоны метр квадрат харьцангуй сонголт арвинтай. Зах зээлийн үнээс хямд байх, залуу гэр бүлд боломж олгох талаас бодлого барьж ажиллаж байна. Хамгийн гол зүйл бол "Эрхэт Монгол" групп сургууль, цэцэрлэг гээд бусад үйлчилгээний төвүүдийг цогцоор шийдэх бодлогоо энэ удаад ч барьж ажиллана” хэмээсэн юм.

Аливаа хот, хорооллын буурийг засаж, анх төлөвлөхдөө ийнхүү ногоон байгууламж болон бусад дэд бүтцийг хамт шийдээд явах нь хамгийн зөв шийдэл гэдгийг нээлтэд оролцсон хүмүүс ярьж байв. 

“Хайрын хот”-ын шав тавилцахаар “Эрхэт Монгол” группээс амжилттай хэрэгжүүлж буй төслийн нэг “Гранд Маршал” хотхоны нүүр царай болсон Гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү болон “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Камертон” хамтлагийн дуучин Г.Ган-Эрдэнэ, Ноён бондгор тэргүүтэй урлаг соёлын алдартнууд, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын заан Ц.Одбаяр, Олимпын аварга Э.Содномпэлжээ, гавьяат уулчин Г.Өсөхбаяр нарын спортын алдартнууд болон шинэ соргог газарт, хотын хөгжлийг түүчээлэлцэн бууриа засаж байгаа хорооллыг сонирхохоор зочид ирсэн юм.

Мэдээж энэ төслийн тод өнгө бол хоёр "Заяа". Дуучин С.Заяа, түүний гэргий нэвтрүүлэгч Д.Одзаяа нар "Хайрын хот"-ын нүүр царай болон ажиллаж байгаа юм. “Хайрын хот”-ын буурийг засалцахаар очсон хүмүүс тухайн газрын агаарын цэнгэг, хөрсний эрүүлийг гайхан ярьцгааж байгаагаас сонсоход эрүүл агаар, цэвэр хөрс гэдэг нийслэлчүүдийн хамгийн хүсэмжит зүйл болсныг төвөггүйхэн илтгэнэ. 

“Хайрын хот”-ын нээлтийн ажиллагаа, шав тавих ажлыг “Эрхэт Монгол” группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, Медиа хариуцсан захирал Х.Доржпалам тэргүүтэй удирдлагын баг гардан гүйцэтгэсэн бөгөөд уг төслийг “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд удирдан гүйцэтгэхээр томилогджээ. Хамтрагчдынх нь хошигнон хэлснээр тэр “Хайрын хотын захирагч”-ийн тамга гардсан хүн. Тус хамт олон нь 2020 оноос хойш “Гранд Маршал”, “Сити Резиденс” хэмээх хоёр ч томоохон төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна.

Эхлүүлснээ чанартай гүйцэтгэж чаддаг хамт олон гэдгийг хүүхдийн Сэлбэ зусланд босож буй “Гранд Маршал”, Баянзүрх дүүрэг дүүргийн XVI хороололд босож буй “Сити Резиденс” хотхон болон түүнийг захиалагчид батлан хэлэх нь дамжиггүй. Тус групп нь бүтээж босгож байгаагаас гадна нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чанад ухамсарладаг хамт олон гэдгийг өрнөж буй олон үйл явдал гэрчлэх биз ээ.

 

СПОРТ ЦОГЦОЛБОР, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, КИНО ТЕАТР ГЭЭД ДЭД БҮТЦИЙГ БҮРЭН ТӨЛӨВЛӨСӨН

 

“Хайрын хот” нь хэдэн барилга бариад болчихгүй. Аанай л Спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээ, худалдаа үйлчилгээний цогц шийдэлтэй байгуулахаар зурагласан. Цэнгэг агаар, эрүүл хөрсөн дээр, харуул хамгаалалтын нэгдсэн системтэй, ийм цогц шийдэлтэй хотхон барьж байгуулна гэдэг асар том бүтээн байгуулалт. Ихэнх байдлаас анзаарч байхад орон сууцаа барьсан ч сургууль нь байдаггүй. Эсвэл ногоон байгууламж нь байдаггүй. Сургууль нь байхаар цэцэрлэг нь байдаггүй гэх мэт асуудал тулгардаг. Тэр тусмаа нийслэлчүүдийн байнгын бэрхшээл болсон автомашины зогсоол хүрэлцдэггүй гэх мэтээр цогц шийдлээ олсон нь цөөн байдгийг надаар хэлүүлэх юун.

Тэгвэл “Хайрын хот”-д 2500 автомашины зогсоол байгуулна. Сургууль цэцэрлэгээс эхлээд бүхий л зүйлийг цогцоор шийдэх аж. Ямартай ч “Хайрын хот”-ын иргэн та хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэж урт зам туулахгүй аж. Шинэ кино үзэхээр бол хотхондоо тухалж байгаад үзэж болох юм байна. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хэлэхдээ “Хайрын төглийг оршин суугчидтайгаа хамт байгуулахаас гадна залуу гэр бүлд аль болох уян хатан үнийг санал болгоно” гэж байсан.

Ногоон байгууламжийн хувьд яах аргагүй тодорхой хөрөнгө зарцуулж, хүн бүхний оролцоог бий болгож байж сая буй болдог эмзэг зүйл гэдгийг мэргэжлийнхэн ярьж байдагтай агаар нийлж байгаа хэрэг.

 

ТӨРИЙН БОДЛОГО УГТУУЛАН БОСОЖ БАЙГАА НЬ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ТӨСӨЛ БОЛЖ БАЙНА

 

Энд нэг зүйл бий. Өнөөдөр төрийн бодлого, шийдвэрийн дагуу Хөшигийн хөндийд 150 мянган хүн амтай дагуул хот байгуулахаар нэгэнт ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл нийслэл хот Хөшигийн хөндий тийш тэлж хөгжинө гэсэн үг.

Одоогийн байдлаар гэхэд Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндий хүртэл хоёр урсгал, зургаан эгнээ бүхий олон улсын стандартын 32.2 километр хурдны зам “Хайрын хот”-ын хаяа хормойгоор өнгөрч байгаа. Мөнхүү өнгөрөгч жил шав тавьсан 135.8 километр “Богдхан” төмөр зам Богд уулын өврөөр дамжин өнгөрнө. “Зам дагаж хөгжил” гэдэг дээ.

Ерөөсөө нийслэл хот маань энэ зүгт хөгжлийнхөө замаа нэгэнт нээж, гараанаас гарчээ. Энэ стратеги дагуу бүхий л зүйл тэлж хөгжих нь нэгэнт ойлгомжтой болсон. Өнөөдрийн байдлаар Улсын архивын газар, Гадаадын иргэн харъяатын газар болон нийслэлийн төр захиргааны хэд хэдэн байгууллага Нисэхэд нүүж ирээд байгаа. Үүн лугаа адил зарим яам, төрийн агентлаг, газруудыг Хөшигийн хөндий тийш нүүлгэх үүрэг өгч, судлах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна гэхээр эх орны маань нийслэл “Хайрын хот”-ын зүгт, энэ хотыг дамжин хаяа тэлж хөгжих нь тодорхой харагдана.

Нөгөө талаар “Эрхэт Монгол” групп төрөөс явуулж байгаа бодлогод нийцүүлж, нийслэлийнхээ хүн амын хэт их төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нь том хариуцлага, улсынхаа хөгжлийг дэмжсэн төсөл болж байна гэдгийг ч зочид дуулгаж байсан. 

Арга ч үгүй. Энэхүү хороолол нь хөгжлийн цэг дээр бууриа зассан нь ирээдүйд хамаг сайн сайхан бүхэн “Хайрын хот”-оос эхлэхийн нэг дохио биз ээ. Аливаа улс орны хөгжил цэцэгжилт ард түмнийхээ амьдралын урсгал, төрийнхөө зөв бодлогыг дагаж хөгждөг бичсэн, бичээгүй хоёр хуультай байдаг. “Хайрын хот” ч төрийнхөө стратеги төлөвлөгөө, ард түмнийхээ амьдралын урсгал, хөгжлийн замыг даган босож байгаагаараа юу юунаас онцлог.

Нийслэлээс алслагдмал босож байгаа орон сууцны хороололд тулгардаг нэг том асуудал бол цэвэр бохирын шугам, эрчим хүч байдаг. Энэхүү “газар доорхи хот”-ыг шийдэхгүйгээр ямар ч барилга байшин, хот тосгон байгуулах тухай ярих аргагүй. Харин нийслэлээс 23 километрт орших “Хайрын хот”-ын инженерийн шугам сүлжээг Нисэхээс есөн километрт татах юм байна. Тэгэхээр төвлөрсөн шугамд бүрэн холбогдож байна гэсэн үг.

 

АНХНЫ ОРШИН СУУГЧААР УЛСЫН ЗААН Ц.ОДБАЯР ТОДРОВ

 

Мартах шахаж. Нээлтийн үеэр тус хорооллын анхны оршин суугч тодорсон. Тэр нь Өмнөговь аймгийн харьяат Улсын заан Ц.Одбаяр. Тэрбээр анхны гэрээг төсөл хэрэгжүүлэгчидтэй үзэглэсэн. Тэгэхээр “Хайрын хот”-д Улсын хүчит заан тухлан амьдарч, тус хорооллын спорт цогцолборт хүчний дасгал хийж таарах нь. Хүүхдээ барилдуулах сонирхолтой, өөрсдөө бөхөд дуртай оршин суугчдад бол бас том боломж юм. Хаа байсан хотын төв рүү секц дугуйлан гэж хүүхдээ зүдрээж байхаар ирээдүйд ийм боломж байж болохыг дуулгах нь илүүц зүйл болохгүй. Амьдрал бол төлөвлөгөө шүү дээ. Хэн сайн төлөвлөнө, тэр сайхан амьдардаг цаг.

Ер нь “Эрхэт Монгол” группээс хэрэгжүүлж байгаа төслүүдэд давхар давхар онцлог бий. Тухайлбал, “Гранд Маршал” хотхонд Олимпын аварга Э.Содномпэлжээ, дэлхийн аварга М.Анхцэцэг нар анхны оршин суугчдын нэг болж байгаа бол түүний багш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Сити Резиденс” хотхоны анхны оршин суугчдын нэг болох юм. Энэ мэт нэр алдартай хүмүүс бол яах аргагүй айл саахалтаа чимэж, тэдэнд нөмөр түшиг болж явдаг монголчуудын эртний ёсон бий. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг дээ.

“Хайрын хот”-ын оршин суугчид дунд ч нэр алдартай хүмүүс цөөнгүй байх нь анхны гараанаасаа нэгэнт тодорхой харагдана. Учир нь нээлтийн үеэр урлаг соёл, спортын алдартнууд хорооллын танилцуулгатай сайтар нягтлан танилцаж, агаарын цэнгэг, хөрсний сайхныг шагшиж байгаагаас харахад ирээдүйд Монголын урлаг соёл, спортын одод суурьшсан нэг хот болох юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

 

“ХАЙРЫН ХОТ”-Д ЖУУЛЧИД ҮДЛЭХ, ЦАЙЛАХ БОЛОМЖ БҮРЭН БИЙ

 

Аливаа барилга байшин, орон сууцны хорооллын хэв маяг гэж бас нэг чухал зүйл бий. “Хайрын хот”-ын хувьд орчин үеийн минималист хэв маягтай, модерн болон классик интерьер засал чимэглэл хийхээр төлөвлөсөн. Үүнээс улбаалан загвар, талбайн өргөн сонголттойгоор гадна эрчим хүчний онцгой хэмнэлт, ашиглалтын зардал бага байхаар төлөвлөж байгаа нь юу юунаас чухал юм.

Энд би зөвхөн агуулга талаас нь дурдаад байгаагаас бус хэлбэр хийцийн хувьд бол ярих юм байхгүй. Орчин цагийн сонгодог бүтээцээр баригдана гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлаж байна лээ. Тэгэхээр 2224 айлын орон сууцны хорооллоос 1024 нь хаус, 1200 апартмент гэхээр нөхцөл боломжийн харагдана. Өөрөөр хэлбэл хаус авах боломжтой нь хаусаа, аппартмент сууцанд орох нь түүнийгээ сонгох эрхийг танд бүрдүүлж өгч байгаа хэрэг. Мэдээж хэрэг, хаусууд дотроо твин, мульт, таун гээд ангилалтайгаас гадна метрквадратын сонголт өргөн байгаа нь хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлсэн хэрэг шүү дээ.

Нийслэл хот Айцын даваа, Түргэний гол, Бөхөгийн хөтөл цаашлаад Хөшигийн хөндий хүртэл тэлж хөгжих нь нэгэнт тодорхой болсон энэ цаг дор Түргэний голын хөвөөнөө босохоор зэхэж буй хороолол яах аргагүй газрын нүдийг олоод шавь тавьчихлаа. Нөгөө талаар “Эрхэт Монгол” группынхэн хэлснээ хийдэг, хэрэгжүүлснээ дуусгаж чаддаг хамт олон.

Хэлэхгүй өнгөрч боломгүй нэг зүйл бий. Хороолол дагасан, дагуулсан хөгжил яриад зогсохгүй. “Хайрын хот” өөрөө аялал жуулчлалын томоохон бүсэд бас хамаарахаас өөр аргагүй. Тухайлбал, Хөшигийн хөндийн тийш Майдар цогцолбор, Мунзуширын хийд гээд түүхийн дурсгалт газрууд жуулчдаа хүлээж буй.

Тэд энэ л “Хайрын хот”-ын замаар зорчих учраас жуулчдын үдлээд гарах нэг суурин газар энэ байж болох юм. Энэхүү хөгжлийн зургаас харахад жуулчид үдлэх цайлах боломж бүрэн байна. Иймээс л бид хамаг сайн сайхан бүхэн “Хайрын хот”-оос эхэлнэ хэмээн ам дүүрэн хэлээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top