"Бизнес инкубатор" судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор ашиглалтад орлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

“Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк" ОНӨААТҮГ-ын дэргэд "Бизнес Инкубатор-1" судалгаа үйлдвэрлэлийн цогцолборын барилгын  /2022.03.12/ нээлт боллоо. 

Цогцолбор ашиглалтад орсноор судалгаа, шинжилгээ, туршилтын суурь бааз болж, гарааны бизнесүүд ажлын байраар хангагдах боломж бүрдэнэ. Бизнес инкубатор нь 1700 метр квадрат талбайтай, орон нутгийн төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагджээ.

Хөгжингүй орны хөгжлийн шийдэл нь технологи, инновацийг дэмжиж, шинжлэх ухаан технологийн паркуудыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, төрийн бодлогыг чиглүүлсний үр дүнд бий болдог.  Манай улс  ч мөн энэ чиглэлд анхаарч, импортоос экспортод чиглэсэн үйлдвэрлэгч улс болж, технологи инноваци төвтэй хөгжлийн эхлэлийг шинжлэх ухаан, технологийн парк хөгжүүлэлт гэж харж буйг нээлтэд оролцогчид хэлж байлаа.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, БШУЯ, Шинжлэх ухааны академи, ШУТСан, их, дээд сургуулиуд, мэдээллийн технологийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Эрдэнэт” ШУТП-ын Бизнес Инкубаторын барилга нь  нийт 1,700м2 ашигтай талбайтай бөгөөд нэгдүгээр давхарт үйлдвэрлэлийн инкубатор явагдах бол хоёрдугаар давхарт лабораториуд болон нийт 8-10 өрөөнд мэдээллийн технологи, судалгаа, шинжилгээ, туршилтын гарааны компаниудыг ажлын байраар хангаж ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top