[БИДНИЙ НЭГ] Батганы эмчилгээгээр гаршсан "Orkhon Beauty"-гийн В.ОРХОНЛХАМ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 14

"БИДНИЙ НЭГ" булангийн шинэ дугаарт тууштай зан, шаргуу хичээл зүтгэлийнхээ дүнд мөрөөдлийн салонаа нээж чадсан "Orkhon Beauty" салоны үүсгэн байгуулагч В.Орхонлхам уригдлаа. 

Тэр нэлээд багадаа аавыгаа алдсанаар ээждээ туслах хүндхэн ачааг нуруун дээрээ үүрчээ. Сургалтын төлбөр төлөх боломжгүй байсан тул хүссэн үедээ их, дээд сургуульд сурч чадаагүй юм. Сурлага, боловсрол, хүссэн мэргэжил гээд бүх мөрөөдлөө хойш тавин, гоо сайханч болохоор сургалтад сууж эхэлтэл "Хүний арьс эмчлэх ямар ч чадваргүй" хэмээн үл тоомсорлох хүмүүс ч таарч байв. 

Гэсэн ч тэр тууштай хичээж, суралцаж, судалж, шантрахгүй хөдөлмөрлөсөөр өнөөдрийн амжилтад хүрч чадсан юм. Түүний байгуулсан "Orkhon Beauty" одоо арьсны эрүүл ахуй, гоо сайхны чиглэлээр хамгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг, тэр дундаа  батга гарах, тослогтох арьсыг гойд эмчилдэг салоноор нэрлэгдэх болжээ. Зарим нь бүр "Батганы" Орхон гэж онцгойлон нэрлэх ч болсон байна. 
 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

-Та яагаад батганы эмчилгээгээр мэргэших болсон бэ?

-Би Баянхонгор аймагт төрсөн. Бага байхад аав минь өөд болж, ээжтэйгээ үлдсэн юм. Ээждээ туслахын тулд гуравдугаар ангиасаа хойш олон төрлийн ажил хийж үзсэн. Гэрийн үйлчлэгч, цайны газарт угаагч, нарийн боовны цеххэд ажиллах мэтээр янз бүрийн л ажил хийж үзсэн. Гоо сайханч болно гэж бодож байсангүй. Цагаан халаад өмссөн эмч болно л гэж боддог байсан. Нэг өдөр багын найз маань надад гоо сайханч болох санал тавьсан юм. Би ч зөвшөөрөөд, "Байгаль" салон дээр очиж, сургалтад сууж байлаа. Төгсөх нэлээн дөхчихсөн байх үед Байгаль захирал орж ирээд “Яана аа, эд нарын гарыг хар даа, мод мод” гэж хэлээд гараад явчихлаа. Өдөр болгон шахуу л "мод" гэдэг үг сонсдог байлаа. Хичээгээд л хийгээд байхад "мод мод" л гэнэ. Тэгсэн нэг өдөр бүр захирал маань "Наад охин чинь гоо сайханч болох ямар ч ирээдүйгүй юм байна. Төгсгөөд явуул” гэлээ. Энэ үгийг сонсоод гол зураад л явчихсан. Орой нь маш их уйлсан. Бүх зүйлээ орхиод гоо сайханч болох замыг сонгосон болохоор дахиж тэгж хэлүүлэхгүйн тулд өдөр шөнөгүй зүтгэсэн. Их хичээсэн. Харин долоо хоногийн дараа захирал маань "Мундаг болсон байна" гэж магтаад, анх удаа урам хайрласан. Тэр үг өнөөдрийн Орхоныг бүтээсэн гэж боддог. Хатуу үг, урмын үг хоёрын дундаас би өөрийгөө олж авсан гэж боддог. Зорилготойгоо тэсэж үлдсэн. 

-Арьс арчилгааны салон Монголд маш олон байдаг. Та яагаад өрсөлдөгч ихтэй энэ салбарт хүч үзэж, өөрийн гоо сайхны салон нээх болсон бэ?

-Би 35 насандаа өөрийнхөө салоныг нээнэ гэж мөрөөддөг байсан. Салон нээх хүртлээ арьсны талаар маш их зүйл судалж, сурна гэж боддог байлаа. Яг л бодсоноороо сайн судалж байгаад, 35 насандаа салоноо нээсэн.

Салон нээгээд хэдийн таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Монголын зах зээлд арьс арчилгааны салон олон байдаг. Гэхдээ зөвхөн батгатай арьсыг арчлах, эмчлэх чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг салон цөөн. Манайх бол батгатай арьсыг эмчлэх чиглэлээр дагнаж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ ч хэрэглэгчдэдээ илүү танигдсан байх.
 


-Сонирхолтой санагдаад асууж байгаа юм. Таныг хүмүүс "Батга Орхон" гэж дууддаг гэсэн. Яагаад ийм нэртэй болсон талаараа ярьж болох уу?

-Хөгжилтэй (Инээв). Нэг өдөр "Батга Орхонтой уулзъя" гээд ээж, охин хоёр ажил дээр орж ирсэн юм. Тэр нь анх надад муухай сонсогдоод, “Батга Орхон байхдаа яах вэ дээ” гэж бодоод, тэр үгнээс нь сэжиглэчихсэн. Гэтэл нүүрээр минь дүүрэн батга гараад, дух маань битүү батгатай болчихсон. Хүнээс сэжиглэх зүйл хүний арьсанд их нөлөөлдөг юм л даа.

Түүнээс хойш "Батга Орхон байна уу. Батга Орхонтой уулзъя" гэж хүмүүс их ирдэг болсон. Арьсны төвөөс хүмүүст зөвлөгөө өгөхдөө, манай салонд ирж шахалт хийлгэхийг зөвлөдөг юм шиг байсан. Үүнд их баярлаж, урам авсан. Итгэж найдаад, эмчлүүлэгчдэдээ санал болгосонд нь. Тэнд нэг тийм гоо сайханч байгаа, тийшээ очиж шахалт хийлгээрэй, сайн хийдэг юм байна лээ гэж хэлсэн гэж хүмүүс их ирдэг юм. Ам дамжиж сонссон, бие биедээ туслах гэж манайхыг зааж явуулах нь бас олон. Ингээд нэг л мэдэхэд "Батга Орхон" болчихсон. Эхлээд их дургүй байсан. Сүүлдээ, тэр нэрэндээ дасаад, миний л ажлын амжилт шүү дээ гэж бодсоор хайртай болчихсон. Одоо ч хайртай.
 


-Хүн яагаад арьсаа үргэлж арчилж, хамгаалах ёстой вэ?

-Арьс бол тухайн хүний нэрийн хуудас. Магадгүй өнөөдөр миний амны дээр хомхой долоочихсон байсан бол би хэвлэлд ярилцлага өгөх боломжгүй болно. Би өөрөө нүүрээрээ дүүрэн батгатай байсан болохоор маш хэцүү байдгийг биеэрээ мэднэ. Хүний өөдөөс итгэлтэй ч харж чаддаггүй юм. 

"Энэ хүн өөрөө ийм асуудалтай болоод үзэг. Тэгээд дараа нь батганы асуудлыг шийддэг хүн болог" гээд бурхан миний өгөгдлийг цаанаас нь өгсөн байх гэж боддог юм.

Манай салоноор үйлчлүүлэхээр ирсэн хүмүүст би өөрийн биеэр үйлчилж, батгыг нь эмчилдэг. Үйлчлүүлэгчтэйгээ яг л ээж, охин шиг ярилцаж, ойлголцож байж батгыг нь бүрэн эмчилдэг.  

Өөртөө итгэлтэй, амжилттай байхын үндэс нь  арьсны эрүүл байдал гэдгийг хүн бүр сайн ойлгож, арьсаа нандигнан хамгаалж байх хэрэгтэй. 

-Танай хамт олонд "Orkhon beauty" салон үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэнд хүргэе. Биднийг уулзаж буй энэ өдрүүдэд таны хамт олны амжилтын баяр болж байгаа юм байна?

-Баярлалаа. "Orkhon beauty" салонаа 5 жилийн өмнө байгуулснаас хойш маш олон хүнд хайрлагдаж яваа. Бип амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас 5 жилийн ойгоо тохиолдуулан гурван хүнд тус бүр 1,5 сая төгрөгийн эмчилгээ хийх эрх бэлэглэе гэж ярилцлаа. Тухайн сонгогдсон хүнийг толигор, эрүүл арьстай болтол нь бүрэн эмчилгээ хийж үйлчилнэ. 

Энэ уралдааныг бид өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлаж байгааг дашрамд танилцуулахад таатай байна. Гуравхан хүнийг шалгаруулах учраас арьсаа эмчлэхийг хүсдэг ч санхүүгийн боломжгүй, маш хүнд төрлийн арьсны өвчлөлтэй хүнийг сонгохыг зорьж байгаа. 

Фэйсбүүк хаяг: Orkhon beauty salon

Байршил:  ХУД, Zaisan Vista Residence 14A - 101

Утас: 77112601 88065854

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top