Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр (2022.03.14) шуурхай хуралдаж, бага насны /0-5/ хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа учир цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Тус аймгийн хэмжээнд риновирусын гаралтай томуу, томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн байна. Улмаар томуугийн дэгдэлт аймгийн хэмжээнд нэмэгдэж, таван үе шатны дөрөв дэх шатанд оржээ.
Өнгөрсөн 7 хоногт гэхэд, амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үзүүлсний 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд байсан аж. Тиймээс цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 28 ныг хүртэл хязгаарлалаа.
Аймгийн онцгой комиссын мэдээлж байгаагаар, Нэгдсэн эмнэлэгт одоогийн байдлаар 124 хүүхэд эмчлүүлж байгаа. Нэмэлтээр ор дэлгэж, 164 хүүхэд хэвтэх боломжийг бүрдүүлжээ.
Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас аймгийн нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгаж, тэтгэвэрт байгаа болон хувийн хэвшлийн эмч нарыг татан ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Сануулахад, Улсын хэмжээнд томуугийн өвчлөл 24 хувь, орон нутгийн хэмжээнд 21 хувьтай байгаа учраас Орхон аймагт өчигдрөөс эхлэн цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног хязгаарлах шийдвэрийг анхлан гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )