Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын ясыг хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан” тухай дуудлага, мэдээлэл нэгэн иргэнээс иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар нь бүлэглэн палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын ясыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баттай эх сурвалжаас мэдээллээ.
Уг динозаврын ясанд Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэсэн байна. Урьдчилсан байдлаар тус олдвор нь хожуу Цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн юм. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй, үргэлжлүүлэн шинжилгээ хийгдэж байгаа гэнэ.
Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус олдворыг гэмт этгээдүүд хил давуулан зарахыг санаархаж байсан гэнэ. Түүх дурсгалын үнэт өвтэй холбогдох бас нэгэн мэдээг одоо хүргэе. Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг дайчлан шалгаж байна. Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, хөөрөг даалин зэргийг хураан авсан байна. Гэмт этгээдүүдийн хулгайлсан эд өлгийн зүйлс дотор Өндөр гэгээн Занабазарын хийцийн хосгүй үнэт бурхан, соёлын эд байхыг үгүйсгэхгүй аж. Сүүлийн жилүүдэд эртний эд өлгийн зүйлс, үнэт олдворуудыг хулгайлах, улмаар хил давуулан зардаг гэмт хэргийн бүлэглэл бий болсныг цагдаагийн газраас мэдээллээд байна. Баримт болгож дараах жишээг дурдъя.
ЗАНАБАЗАРЫН УРЛАСАН БУРХАН БЭЭЖИНД 26.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЛАА
БНХАУ-ын нийслэл дэх Бээжингийн олон улсын зочид буудал (Beijing international ho¬tel)-д манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл болох Занабазар урласан бурхныг дуудлагаар худалдсан мэдээ өнгөрсөн онд гарч байв. Дуудлага худалдаанд 52 см өндөр, суурийнх нь өргөн 37 см хэмжээтэй хүрэл цутгамлыг алтдаж шарсан анхдугаар Богд Занабазар урласан бурхныг оруулан худалдсан байна. Бурхныг худалдахаас найм хоногийн өмнө ард түмэн, төр засаг, БШУЯ-ныханд мэдээлэл хүргэсэн ч хятадууд 73 сая 25 мянган юаниар борлууллаа. Америк долларт шилжүүлбэл 11 сая 410 мянга, төгрөгт шилжүүлбэл 26 тэрбум 289 сая төгөрөгөөр зарагджээ.
Бээжинд буй эх сурвалжийн мэдээлснээр дуудлага худалдаа дээр дурдсан зочид буудлаас гадна өөр хоёр газарт явагдсан бөгөөд нийтэд мэдээлээгүй хоёр газрынх нь нэгэнд манай бурхныг борлуулсан гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 45 сая юаниас эхэлж дуудаад өмнөд хөршийн нэгэн иргэн дээрх үнээр авсан аж. Харьд худалдаж буй түүх, соёл, археологи, палеонтологийн хосгүй үнэт бүтээлүүдийн талаар хэвлэлийнхэн тухай бүрд нь мэдээлдэг ч төр засгийнхан, тэр дундаа соёл, боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ганц ч үг ган хийлгүй өнгөрч байна.
МОНГОЛЫН 500 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ТҮҮХИЙН "ГЭРЧ" БАС Л ЗАРАГДАВ
Манай түүх, соёлын бас л үнэтэй өв Хятадад зарагдаж байв. Бээжинд жил бүр болдог Бао Лигийн хаврын дуудлага худалдаагаар одоогоос гурван жилийн өмнө “Монголын уул, усны зураг” нэртэй газрын зургийг 80 сая юаниас эхлэн дуудаж, зарсан билээ. Манай улсын 500 жилийн тэртээх түүхийн гэрч болсон Монголын газрын зураг байв. Энэ зурагт тухайн үеийн Торгоны замыг дүрсэлсэн байсан гэдэг. Өдгөө “Дундад зууны дэлхийн газрын зураг” гэж нэрийг нь өөрчлөөд буй эл зургийг 1930-аад онд Японы Киото хотын “Фүжисаи Юрикан” гэх алдартай хувийн музейд хадгалж байгаад 2002 онд Бээжинд авчирсан түүхтэй. Энэ мэтээр өмнөд хөршид маань манай улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, дурсгалуудыг үнэ хаялцан наймаалцаж байхад бид харж суусаар л байх уу.
ШАНХЫН ХИЙДЭЭС АЛТАДМАЛ БУРХАД АЛДАГДАВ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Баруун хүрээ буюу Шанхын хийдээс эртний түүх соёлын ховор дурсгалт бүтээл болсон бурхад алдагдсан юм. Тус хүрээнээс түүхийн дурсгалт бүтээл алдагдсан тохиолдол ганц энэ биш гэнэ. Өмнө нь Өндөр гэгээн Занабазарын урласан алтадмал бурхад удаа дараа алдагдаж байсан аж. Энэ удаад Шанхын хийдээс 14 см өндөртэй алтадмал Ногоон, Цагаан Дарь-Эх, 42 см өндөр, арав гаруй сая төгрөгийн үнэтэй алтан шармал Махгал бурхан алдагдсан байв. Эдгээр бурхад нь бүгд Соёлын өвийн төвд бүртгэлтэй байжээ
ЖАНЖИН ЧОЙРЫН ХИЙДИЙН ШҮТЭЭН ХУЛГАЙЛАГДСАН НЬ...
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байрлах Жанжин Чойрын хийдийн гол шүтээн бас л алдагдсан юм. Энэ хийдийн гол шүтээн нь Өндөр гэгээн Занабазарын бүтээл байсан аж. Түүхийн үнэ цэнийн хувьд аугаа энэ бүтээл хулгайлагдаж байв. Азаар хулгайлсан этгээдүүдийг даруй баривчилсан байдаг. Хачирхалтай нь хулгай хийсэн этгээд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан гэдэг. Мань эр хэсэг нөхдүүдийн хамт гол шүтээний ижлийг Хятадад дуурайлган хийлгээд сольж тавих гэж байгаад баригдсан байдаг. Энэ хэргийг номын хүч, сэтгэлийн дуудлагаараа тус хийдийн хамба лам илрүүлжээ. Хэрэг гарахын өмнөх шөнө хамба ламын зүүдэнд хулгайч этгээдүүдийн үйлдэл орж ирсэн гэдэг. Ингээд тэднийг хэрэг хийх үед барьсан түүхтэй. Тэгээгүй байсан бол өнөөдөр хийдийн гол шүтээн Хятадын нутагт оччихсон байж мэдэх л юм.
ТҮҮХЭН БУНХНЫ ОЛДВОРУУДАД ХЯНАЛТ АЛГА
Монгол оронд хүн үүссэн гэсэн зарим эрдэмтдийн таамаг бий. Тэр ч утгаараа манай улс түүх дурсгалын асар их баялагтай орон. Хорин нэгэн аймаг, тэдгээрийн бараг сум болгонд эртний хаад, ноёдын булш бунхан байдаг билээ. Эдгээр бунхнуудын заримыг Соёлын өвдөө бүртгэж амжаагүй байхад л олз хайгсад аль хэдийн ухаад алга болсоор байна. Үүний нэгэн жишээ бол Өмнөговь аймгийн Номгон сумын булшнууд юм. Тус суманд байдаг бүх булш бунхан өдгөө тоногдсон байна. Алтны Нинжа нар бие, биеэсээ өрсөн тэрхүү булшнуудыг тонож дуусгажээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар энэ нутагт эртний хаадын үнэт ховор эдлэлүүд их байх магадлалтай. Мөн ингэж ихээр ухаж тоносныг бодоход үнэд хүрэх эдлэлүүд их байсан нь илт гэж байв. Энэ мэтээр түүхийн үнэт олдвороо хараа хяналтгүйгээр хаявал Монголын түүхэнд цэг тавигдахад ойрхон болжээ.
ЩВЕЙЦАРЬТ МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ӨВ ХУДАЛДААЛАГДСАН НЬ
Урд хөршрүү л зөвхөн худалдаалагддаг байсан эдлэлүүдийг өдгөө тив дамнуулан наймаалдаг болжээ. Түүний нэгэн жишээ бол Щвейцарьт манай түүх соёлын хосгүй үнэт бүтээл 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл тархаж байв. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлье. Щвейцарийн Цюрих хотноо Монголын түүх соёлын үнэт бүтээл болох алтан шармал бурхад, мөнгөн ваар, гvц, хонх, дамрыг дуудлагаар худалдсан байна. Тус улсын дуудлага худалдааны Коллер аукшн компанийнхан www.kollerauklionen.ch цахим хуудсанд Монголын гэсэн хаягтай, эртний уран дархчуудын арваад нэр төрлийн бүтээлийг худалдсан байх юм. Чухам ямар замаар Монголын эртний эдлэл, эд өлгийн зүйлс борлуулж байгааг Соёлын өвийн төвөөс тодруулсан юм. Гэвч эдгээр байгууллагууд ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй байв. Энэ талаар УМБГ-ын албаны хүнээс тодруулахад "ЮНЕСКО-гоос манайд бурхан шашны холбоотой түүх дурсгал, соёлын үнэт бүтээл худалдаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгахад манай улсын алдагдсан түүх соёлын үнэт бүтээлийн жагсаалтад байхгүй юм билээ. Магадгүй хувиараа эртний эдлэл цуглуулагчид гадагш нь худалдсан байхыг үгүйсгэхгүй" хэмээн хэнэг ч үгүй хариулж байв.
Хууль хяналтынхны хувьд тэр жагсаалт хамаатай болохоос биш яагаад, ямар замаар Монголын үнэт өв харийн оронд худалдаалагдаж буй нь хамаагүй бололтой. Энэ мэтээр манай түүх соёлын үнэт бүтээлүүд гадагшаа ил далд байдлаар "урссаар" байна. Тэдгээр бүтээлүүдийг эх оронд нь эргэж авчирдаггүй юм аа гэхэд тухайн байгаа газарт нь очиж Соёлын өвдөө бүртгэх боломжийг бүрдүүлмээр санагдана.
Тэгэхгүй бол түүхийн үнэт бүтээлүүд он улирах тусам мартагдаж, нэг л мэдэхэд дуртай нэг нь дурын улсын сан хөмрөгт бүртгүүлэхгүй гэх газаргүй юм. Тэгвэл бидний түүх сарниж, түүхийн үнэт олдворууд маань тэр чигээрээ бусдын мэдэлд орох юм. Одоогоор манай улсын Соёлын өвийн тоон системд 21 мянга 300 гаруй түүхийн хосгүй үнэт бүтээл бүртгэгджээ. Тэдний багагүй хувь нь алдагдсан байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Водохоос гомдмоор \nСоц үеийг”бурхангүй” гэдэг боловч тэр үед бүх зүйлс түүхийн музейд хадглагдаж байсан ...\nХил давуулж худалдаад бай!!! удахгүй нүгэл чинь нүдээоээ гүйцгээнэ!!!
Kk