Шударга ёс тогтоох нь ЧӨЛӨӨТИЙНХНИЙ эхний зорилго байх ёстой

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Монгол Улсын хууль, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, шударга ёсыг бий болгох нь чөлөөтийнхний нэн тэргүүний зорилго

Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ) чухам яагаад сүүлийн олон жилийн турш хэрүүл маргаантай байдаг юм бэ” гэсэн асуултанд нотолгоотой үнэнд тулгуурласан хариулт өгье.

Чөлөөт бөх үүсэж хөгжсний түүхт 60 жилийн ой 2021 онд тохиож, төр засгийн шагналын хур бууллаа. Энэ нь өнгөц харвал сайхан мэт боловч өнөөгийн МЧБХ-ны байгаа байдлыг өнгийж үзвэл ард түмний хайрлан хүндэлдэг энэ их спортын хагас зуун жилийн “Алтан түүх”-ийг үгүй хийсэн гутамшигт үйлдэл, дөрвөн жил гаруйн шүүхийн маргаан гарч ирнэ.

Маргааны уг учир нь МЧБХ-нд хууль бус, шударга бус, ялгаварлан гадуурхах, хүний эрхийг зөрчих явдал хэрээс хэтэрсэн, одоо ч тэр хэвээрээ байгаатай л холбоотой юм.

Энэхүү увайгүй хэрэг явдлыг чөлөөт бөхийхөн анх сонсоод үнэндээ итгэж чадахгүй байсан бөгөөд одоо ч зарим нөхдийн санаатай буруу мэдээлэлд төөрөлдсөн хүмүүс байсаар байна. Эцсийн үнэн гэвэл МЧБХ-ны дээрх үйлдэл нь хууль бус болохыг Монгол Улсын гурван шатны шүүх хянан үзэж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 001/XT2021/00013 тоот тогтоолоор хууль бус болох нь тогтоогджээ.

МЧБХ-ны хууль бус үйлдлийг Шүүх ийнхүү шийдвэрлэжээ.

Нэг. 2013.11.25, 2016.11.23-ны өдрийн МЧБХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталсан дүрмүүдийг хүчингүй болгож,

Хоёр. Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр сонгогдон томилогдсон гэх хоёрын хоёр ерөнхийлөгчийн 2016.11.21-ний 19/01 ба 2017.01.05-ны өдрийн 01/4 тоот тогтоолуудыг хүчингүй болгож,

Гурав. МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн гэх нэр бүхий 16 хүн хууль бусаар сонгогдсон болохыг тогтоон “...удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу холбоог төлөөлөх харилцаанд оролцох эрхгүй байна” гэж тус тус заажээ.

Нөхцөл байдал ийм байхад холбооны нөхдүүд “Бид эрхээ хэрэгжүүлнэ, асуудлаа шийднэ” гэж өөрөөр хэлбэл нэгэнт хууль бус нь тогтоогдчихсон удирдах зөвлөл гэгчийнхээ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж улайран зүтгэж, улмаар “МЧБХ-ны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-нд зохион байгуулагдана” гэсэн мэдээллийг 2 дугаар сарын 18-ны өдөр холбооны нүүр хуудаснаа тавьжээ. Хачирхалтайн уг их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийн талаар нэг ч үг, мэдээлэл байхгүй байна.

Тэгсэн атлаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Удирдах зөвлөлийн гишүүн гэх хүмүүсийн гарын үсгийг нь цуглуулан санал авсан гэдгээр “Хурал зохион байгуулах комисс”-ыг байгуулсан гээд байгаа нь бас л хууль бус үйлдэл гэдгийг мэдмээр юм даа.  

Асуудлын гол нь нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарч, МЧБХ-нд үүссэн онц нөхцөл байдлаас шалтгаалан эвлэлдэн нэгдсэн чөлөөт бөхийн хамт олны төлөөллөөс бүрдсэн “Хурал зохион байгуулах комисс” шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс холбоогоо шинэчлэн өөрчлөх “МЧБХ-ны их хурал”-ыг хуралдуулах тухай шийдвэр гаргахаар ярилцаж байсан билээ. Гэтэл нөхдөө хулхидаж, мөн л дур мэдэн ийнхүү увайгүй үйлдэл хийжээ.

Ийм байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэн, дээрх хууль бус үйлдлийн алдаа завхралыг засаж, хуулийн дагуу холбоогоо шинэчлэн өөрчилж хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий их хурлыг хуралдуулах ямар ч боломжгүй юм.  

“Хурал зохион байгуулах комисс”-ын уулзалтын өмнөх байдлын талаар товч өгүүлье. Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байтал МЧБХ-ны удирдлагууд: “...тийм юм болоогүй, шүүхийн шийдвэр гараагүй, манай холбоо хууль зөрчөөгүй, хуулийн дагуу байгаа...” гэх зэргээр баг тамирчид болон чөлөөт бөхийн хамт олонд улайм цайм худал хэлж, бодит үнэнийг нууж хаахаар оролдож байсан нь тодорхой байв.

Даанч дээ гэмээр бусармаг үйлдэл нь үнэнд гүйцэгдэж, шударга үнэнийг тогтоосон шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа танилцуулан мэдэгдэхэд: “Энэ шүүхийн шийдвэр ямар хамаатай юм, бид мэднэ” гэж дэндүү увайгүй зүйлийг ярьж ил цагаандаа гарч байсан.

Иймд чөлөөт бөхийн хамт олны төлөөлөл шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль, дүрмийн дагуу “МЧБХ-оог шинэчлэн зохион байгуулах Түр хороо”-оос шударга ёсны “Шаардлага” тавихад хуулийн дагуу албан ёсны хариу өгөх нь битгий хэл харин ч бүр өширхөж занасан байдаг нь бидний гайхширалыг төрүүлсэн билээ.

Тодруулбал, холбооны хууль бус болох нь тогтоогдсон нэр бүхий гишүүдийн Удирдах зөвлөлийн хурал гэгч дээр үнэхээр чөлөөт бөхийн төлөө сэтгэл нь байдаг юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх, бий болсон нөхцөл байдлаас яаж гарах, яаж шинэчлэл өөрчлөлт хийх вэ гэж ярихын оронд харин ч бүр “...энэ нөхдүүдтэй хатуу үзнэ, энэ тавьсан шаардлагад нь хариу өгөх шаардлагагүй, нам дарах хэрэгтэй, эдэнтэй эвлэрнэ гэж байхгүй шүү...” гэж заналтайгаар ярьж байгаа нь чөлөөтийнхний сэтгэлийг түгшүүлж байна.

Түүнчлэн бүр, “Тэд нарыг насаар нь дарна, нар битгий үзүүл” гэж зарим гишүүд нь шууд занаж хэлснийг одоо юу гэж ойлгох болж байна аа? Үүнд чөлөөт бөхийн хамт олон л хариуцлагатай хариу өгөх ёстой.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон МЧБХ-ны тогтоол, дүрмийг чухамхүү ямар учраас хууль ба дүрмийг зөрчин байж үйлдэх болсон зорилго нь уг хэргийн үйлдлээс тодорхой байдаг.

Маш товчхондоо: Тус спортын асуудлыг эвлэлдэн нэгдсэн Монголын чөлөөт бөхийн хамт олон буюу түүний төлөөлөл нь биш, харин зөвхөн хэдхэн хүн бүх эрхийг гартаа авч, бүхнийг шийдэх, бүхнийг зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс шийдэж байхын тулд үйлдсэн нь шүүхийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон юм.

Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүнд хуурамч гарын үсэг, тамга бүхий бичиг баримт үйлдэж зохиомол “Холбооны үүсгэн байгуулагч” гэгчийг үнэн түүхийг уландаа гишгэн зохиомлоор бий болгосноор чөлөөт бөхийн үе үеийн хамт олон хуралдаж асуудлаа олонхоороо шийддэг байсан тэр ардчилсан ёс, хууль ёсны эрх нь устаж, дээрх зохиомол хуурамч үүсгэн байгуулагч гэгчийн шийдвэрээр бүх зүйлийг хийж эхэлсэн байдаг.

Ийнхүү үзэл бодол таардаггүй, ялангуяа шударгаар үнэнийг хэлсэн бүхнийг ялгаварлан гадуурхаж, дарамтлан шахан зайлуулах ба холбооны асуудлыг хууль, дүрэм бусаар хийж Удирдах зөвлөлийн гэх хэдхэн хүн буюу хэн нэгэн эрхтэн дархтан өөрийн дураар шийддэг болсон нь ердийн хэрэг болсон. Үнэндээ дарангуйлал бий болсныг илчилсэн тамирчид, дасгалжуулагчдын ярилцлага өнгөрсөн хугацаанд сонин хэвлэл, сошиалд бишгүй нийтлэгдсэн дээ.

2009.03.14-ний өдрийн МЧБХ-ны их хурлын 170 гаруй төлөөлөгчдийн хэлэлцэн баталж гаргасан “МЧБХ-ны дүрэм”, “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд”-ийн нэрс, хурлын тогтоол, шийдвэрүүд зэрэг тус их хурлын үндсэн баримт бичгийн ганцыг ч Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т бүртгүүлэлгүй алга болгосноор чөлөөт бөхийн хамт олон итгэхийн аргагүй тун ноцтой хэрэг үүссэн байдаг.

Ийнхүү УБЕГ-т чөлөөт бөхийн түүхийн хуудаснаа маш онцлогоор, бас ч үгүй ихэд чухлаар тэмдэглэгдэн үлдсэн уг их хурлын түүхэн баримт бичиг МЧБХ-ны хувийн хэрэгт нь байхгүй байгаа нь маш ноцтой хэрэг. Туйлын харамсалтай.

Энэ бол чөлөөт бөхийн гурван үеийн төлөөлөл оролцсон хамт олон тухайн цаг үедээ урьд өмнө гаргаж байгаагүй ихээхэн идэвх зүтгэл чармайлт гаргаж бүтээсэн чөлөөтийнхний амьд түүх шүү дээ.

Дээрх бүрэн хангалттай бүрэлдэхүүнтэйгээр хоёр өдөр хуралдаж хэлэлцэн баталсан МЧБХ-ны түүхэн баримт бичгийн талаар шүүх хурлын явцад тодруулан асуухад мэдэхгүй гэж хариулт өгснийг чөлөөт бөхийн хамт олон бид юу гэж ойлгох болж байна аа?

Монгол Улсын чөлөөт бөхийн нийт хамт олны төлөөлөл оролцсон 2009.03.14-ний өдрийн их хурлын төлөөлөгчдийн багагүй хугацаа, хөдөлмөр гаргаж хэлэлцэн баталсан тогтоол, шийдвэр, дүрэм нь УБЕГ-т архивлагдаагүй бөгөөд харин түүний оронд дээрх хуурамч гарын үсэг тамга бүхий тогтоол, баримт бичиг 2009.03.14-ний өдрөөр үйлдэгдсэн гэх материал гарч ирсэнийг нүдээр үзээгүй хүн бол итгэхгүй л дээ. Яаж ийм зүйл хийж зүрхэлнэ вэ? Энэ бүх нотолгооны баримт хавтас хэрэгт шүүхийн журмаар авагдсан байдаг юм.

Дээрх хууль бус үйлдлээс эхтэй энэхүү хууль, дүрэм бусаар хийгдсэн бусармаг үйлдлүүд нь үргэлжлэн хийгдсээр эцсийн эцэст гурван шатны шүүхээр үнэн зөв нь тогтоогдсон юм. МЧБХ-ны олон жилийн хэрүүл, маргаан гэх зөрчлийн эх үндэс, хэрэг явдал нь ийм л учиртай юм.

2009.03.13-14-ний өдрийн МЧБХ-ны их хурлыг удирдсан, МУ-ын хөдөлмөрийн баатар, алдарт аварга Х.Баянмөнхийн чөлөөт бөхөө гэсэн сэтгэл, зүтгэлээр чамгүй их цаг зарцуулан хурлын төлөөлөгчдөөр ихэд идэвх гаргуулан, хэлэлцүүлэн батлуулсан “МЧБХ-ны дүрэм” ба “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд”-ийн нэрс болон тус их хурлын “Тогтоол”-ууд зэрэг түүхэн баримт бичиг устаж үгүй болсон нь чөлөөт бөхөд юугаар ч хэмжишгүй хохирол учирсан юм. Энэ бол чөлөөт бөхийн 60 жилийн түүхэнд байгаагүй гутамшигт балмад хэрэг болсон.

Манай алдарт аваргууд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ, доктор Л.Ням тэргүүтэй тус их хурлын тэргүүлэгчид болон 170 гаруй төлөөлөгчдийн хоёр өдрийн хөдөлмөр ийнхүү хуурамч баримт бичиг, тогтоол болон хувирсан энэ юм.

Энэхүү хуурамч тогтоолд тус их хурлын төлөөлөгчдөөс нэрийг нь дэвшүүлэн “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн”-ээр хурлын бүх төлөөлөгчид санал нэгтэй гар өргөн сонгож баталсан МУ-ын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, МУ-ын гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, ШУ-ны доктор, ОУХМ Л.Ням нарын зэрэг хүмүүсийг хасаж, харин огт нэр нь дэвшигдээгүй, сонгогдоогүй хүмүүсийг оруулан баталж, “Хурлын дарга Х.Баянмөнх” гэж хуурамчаар гарын үсгийн зуржээ.

Хамгийн ноцтой нь, тус тогтоолын гарын үсэг, тамга хуурамчаас гадна уг Удирдах зөвлөлийн гишүүд гэх энэ 31 нэрсийн 22 нь хурлын дарга Х.Баянмөнх төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн, сонгон баталсан хүмүүс биш гэдэг нь шүүхийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх хуурамч тогтоолууд мөн “МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай” гэх тогтоолд хуурамч тамга дарж, алдарт аварга Х.Баянмөнхийн гарын үсгийг нь дуурайлган зурсан ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь МУ-ын ШШҮХ-ийн шинжээчийн 2017.07.03-ны өдрийн 3254 тоот дүгнэлтээр нотлогдсон юм.

Хагас зуун жилийн түүхэн замналтай чөлөөт бөхийн алтан үеийн түүхийг ийнхүү гутамшигт байдалд оруулан шүүхийн хаалга татах хүртэл ичгүүртэй болгосон хууль, дүрэм бус бусармаг үйлдэлд алтан үеийн нэг нэрт тамирчин нь оролцож дэмжин гарын үсгээ зурсан нь даанч харамсалтай. Хэрвээ нотлох баримт нь гарч ирээгүй бол нөгөө сурсан зангаараа “Би юу гэж тийм юм хийх юм, намайг гүтгэж байна” л гэх байсан байх.

МЧБХ-ны удирдлагуудын энэхүү хууль, дүрэм бус үйлдлийн уршгаар эвлэлдэн нэгдсэн чөлөөт бөхийнхөн МЧБХ-ны дүрмээ хэлэлцэн батлах буюу холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ба ерөнхийлөгчөө  сонгох, өөрөө сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон эрх нь үгүй болж, тус хамт олны эрх ашиг ноцтой зөрчигдөөд олон жил боллоо.

Нөгөөтэйгүүр Монголын чөлөөт бөхийн холбоо гэж хэлэхийн аргагүй гэр бүлсэг байдалд хүрсэний баримт нотолгоо нь 2009 оноос МЧБХ-ны ерөнхийлөгчөөр хадам эцэг нь, ерөнхий нарийн бичгийн даргаар хүргэн хүү нь байсан бол улмаар төрсөн ах, дүү гурав гуравлаа МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан төдийгүй ах дүү хоёр нь Холбооны ерөнхийлөгчийг ээлжлэн хашиж ирсэн гэхэд итгэх хүн байх уу? Гэтэл үнэн нь ийм л байсан.

Тэгвэл одоо ах нь МЧБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, төрсөн дүү нь Ерөнхий нарийн бичгийн дарга байна гээд боддоо. Ийнхүү МЧБХ-ны хууль бус үйлдэл төдийгүй бүтэц зохион байгуулалт, нөхцөл байдлыг аваад үзэхэд их спортын холбоо биш, хувиараа эрхлэх аж ахуйн хэмжээнд хүрсэн гэхэд бараг хилсдэхгүйг дээрх бодит баримт бэлхнээ нотолж байгаа бусуу?     

Хууль, шударга ёс гэж байдаг л юм бол энэ ноцтой завхралыг засаж залруулан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйн хэрэг бөгөөд энэ нь тус спортын ахмад, залуу, өнөө үеийн хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг ухамсарлах цаг нэгэнт болжээ. Энэ бол чөлөөт бөхөөр хичээллэж байсан, хичээлдэг хүн бүхний, бөхөд хайртай, чөлөөт бөхөө гэсэн сэтгэлтэй хүн бүрт хамааралтай чухал асуудал бидний өмнө тулгараад байна.

Чөлөөт бөхийхөн ийм амирлангуй байж, хайрлан, дурлан, хүссэн энэ сайхан чөлөөт бөхдөө ийм хүнийрхэг хөндий сэтгэлээр хандах бүдүүн зүрх байхгүй баймаарсан даа, уг нь.

Иймд та бид дээрх хууль бус болохыг тогтоосон хүмүүсийн хууль бусаар зарласан Их хурал гэгчийг үл хэрэгсэн, харин хамт олныхоо дундаас байгуулсан “Хурал зохион байгуулах комисс”-ынхоо шийдвэрээр жинхэнэ хууль ёсны Их хурлаа зохион байгуулах шаардлагатай болоод байна.


Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.95) 2022 оны 03 сарын 16

Эдний хэруул дуусахгуй ээ, угаас бех хэруул 2 чинь салдаггуй эд ш дээ, бех хаана байна тэнд хэруул байж л таарна

0  |  0
Дэмжигч(122.201.24.38) 2022 оны 03 сарын 16

Ёстой гутамшиг. Нэр устай нь гаргаж, МЧБХ-гэнэ бүдүүдэг зэрлэг нөхдөөс нэн даруй салах хэрэгтэй. МҮЧБХ энэ нөхөдгүйгээр даруйхан хурлаа хийж ерөнхийлөгч, ерөнхий хорооны гишүүдээ сонгон батлах, хойшлуулахгүйгээр хэвийн үйл ажиллагаандаа орох нь чухал байна шүү.

0  |  0
эгэл(139.5.217.195) 2022 оны 03 сарын 16

Түр хорооныхон наад Дээд шүүхийн 2021.1.6-ны тоот тогтоолоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримттайгаар тавьчих. Тэгэхгүй бол зүгээр нэг хэрүүл байна гэж харагдаад байна

0  |  0
Top