"Монголын мистер-2022" бодибилдинг, фитнесийн 31 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-нд болсон билээ. Тус тэмцээнийг 13 төрөл, 26 ангиллаар зохион байгуулсан ба "Бикини модель" ангиллын тэргүүн байрыг эзэлсэн залуу тамирчин, фитнес модель С.Удвалтай ярилцлаа.
-Юуны өмнө Монголын мистер-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээний бикини модель төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?
-Өчүүхэн баярыг минь хуваалцаж, ярилцлагадаа урьсанд баярлалаа. Миний бие фитнес тэмцээнд хоёр дахь удаагаа орсон. Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орсон юм. Улмаар тэргүүн байрыг эзэлсэндээ баяртай байна. Өмнө нь нийслэлийн аварга байлаа.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хэрхэн шүүж, ямар шалгуураар тодруулдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Та товчхон тайлбарлаж өгөхгүй юү?
-Би өөрийн оролцсон ангиллаа л сайн мэдэх юм байна. Энэ ангиллаа тайлбарлаж өгье. Бикини модель ангилал нь эмэгтэйлэг төрх, биеийн чимхлүүр жижиг булчин, мөр, өгзөг зэргийг голчлон харж дүгнэдэг. Тэр өдрийн хамгийн гоё харагдаж байгаа эмэгтэйчүүдийг тодруулдаг гэж хэлж болно. Мөн бэлхүүс, өөхний хувь хамгийн бага, нарийхан харагдаж байгаагаар дүгнэдэг. Бид бяцхан гоёл чимэглэлд хүртэл ач холбогдол өгдөг. Нүүр будалт, үс, хумс, арьс гэх мэт бүгд л миний хувьд төгс байх ёстой гэж боддог. Мөн олон сарын бэлтгэл чухал.
-Фитнесээр хэдэн жил хичээллэж байгаа вэ. Ер нь яагаад хичээллэхээр шийдэж байв?
-Фитнесээр хичээллээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Биеийн галбираа гоё болгохоор хичээллэж эхэлсэн. Хүний шуналд хязгаар байх биш дээ. Бурууд биш зөвд шунаж байвал сайн хэрэг гэж бодоод л өөрийгөө дайчилмаар санагдсан. Тэгж л фитнесээр илүү их хичээллэх болсон доо.
-Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс тань хэр ялгаатай байсан бэ?
-Энэ удаагийн тэмцээнийг миний хувьд их туршлага болсон гэж харж байгаа. Олон тэмцээнд оролцох тусам мэдэхгүй зүйлс их байгааг анзаардаг. Өөртөө ч чамгүй дүгнэлт хийсэн. Бэлтгэлээ ч өөрчилж, сэлгэхээр шийдсэн л дээ. Би анхны тэмцээндээ 53 кг жинтэй орж байлаа. Энэ тэмцээндээ ч яг адил жингээр орсон. Гэвч өмнөхөөсөө таван алхам дээгүүр орсон гэж хэлж болно. Учир нь булчин дээрээ түлхүү анхаарч ажилласан. Мөн нимгэрэлт өмнөхөөсөө илүү сайн байсан. Эдгээр нь өөрөө өөртөө амжилттай байгааг харуулсан гэж хэлж болно. Гэхдээ алдаа ч зөндөө байгаа. Алхам тутамдаа суралцаад л байна.
-Тантай өрсөлдсөн тамирчдын бэлтгэл хэр хангагдсан байв?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн болоод ч тэр үү бүгд бэлтгэлээ үнэхээр сайн базаасан нь харагдаж байсан. Тайзны ард бусад тамирчдыг хараад “Би яаж тэднээс илүү байж болох вэ” хэмээн өөрөөсөө асуусан. Тиймээс нүүрс усаа тавилгүй орсон доо. Нүүрс усаа тавилгүй орсон гэвэл хүмүүс гайхаж магадгүй. Тайлбарлавал, юу ч идэлгүй тэмцээндээ орсон гэсэн үг.
-Анхны бэлтгэлийнхээ талаар дурсахгүй юү. Хэрхэн бэлдэж байсан бэ?
-Би их шартай хүн. Тамирчин хүний сэтгэл зүй надад байдаг юм шиг байгаа юм. /инээв/ Анх хөөрхий минь, юугаа ч мэдэхгүй өдөрт 3-4 цаг гүйлтийн зам дээр алхана. Хоол ч бага иддэг байсан. Бэлтгэлээсээ гараад бас л алхана. Хөлөө цэврүүттэл өдөржингөө алхдаг байж билээ. Тэр үед хүмүүс харчихаад “Сүнс шиг ямар аймаар болчихсон юм бэ” гээд л санаа зовно. Гэтэл тэр үгэнд нь би баярлахыг нь яана даа. Олон хүнээс бэлтгэлийн талаар зөвлөгөө асуухаар бүгд л өөр зөвлөгөө өгдөг. Тэр болгоныг нь үнэн зөвийг нь мэдэхгүйгээр хэрэгжүүлж, зөндөө алдсан. Сүүлдээ бүр ухаан алдаад сэрж байлаа. /инээв/ Үүнийг “бэлтгэл цөмрөнө” гэж ярьдаг. Хэт их бэлтгэл хийхээр бие улам дордож, гордойхыг л тэгж хэлээд байгаа юм билээ. Хэсэг амраад, дусал хийлгээд, сэргэж аваад өөрөөр бэлдэж байсан. Тэгээд л тэр жилдээ тэмцээнд орж, хоёр ангилалд түрүүлсэн байдаг. Сайхан дурсамж шүү.
-Тэр үеийн Удвал болон одоогийн Удвал хооронд хэр өөрчлөлт гарсан гэж бодож байна?
-Маш их өөрчлөлт гарсан. Энэ удаад туршлагатай эхэлсэн Удвал байлаа. Өмнө нь ухаалаг байхын тулд олон судалгаа өөр дээрээ туршиж, бага алдахыг хүссэн Удвал байсан. Өөртөө өмнө нь нэг оноо өгч байсан бол одоо таван оноо өгч байгаа шүү.
-Чимхлүүр булчин хэмээн өмнө нь дурдсан. Энэ талаараа тайлбарлахгүй юү. Бикини биетэй байхын тулд хэр их бэлтгэл хийдэг гэсэн үг вэ. Хооллолт ч бас их чухал шүү дээ?
-Өдөр болгон бэлтгэл хийдэг. Ингэхдээ системтэйгээр хийдэг юм. Хоол бэлтгэл, амралт хоорондоо маш уялдаатай. Дэглэм барих нь энэ спортын хамгийн чухал зүйл. Учир нь бэлтгэлийн 90 хувь нь хооллолт байдаг. Гарын хоёр толгойт, гурван толгойт булчин, нурууны булчин, шилбэ, гуяны ар зэрэг нь жижиг чамин хэрнээ гоё ухлаацтай байх ёстой юм. Мөр болон хоёр, гурван толгойт булчингийн дасгал хамт хийнэ. Шилбэ болон гуяны ар булчингийн дасгалыг хамтад нь хийдэг. Мөн өгзөг, хөл хамт хийдэг. Тэгэхдээ олон тоогоор, бага жингээр хийдэг юм.
-Хүний бие хэчнээн хувийн өөхлөлттэй байвал зохистой вэ?
-Эрүүл хүний өөхлөлт дунджаар 23-26 хувь байдаг. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүний хувьд шүү. Тамирчдын хувьд 8-10 хувь болсон цагт тэмцээнд ордог. Идсэн илчлэгээ давж шатаана, өөхөө хасна гэдэг үнэхээр амаргүй шүү дээ. Гэхдээ өөхөө хасна хэмээн шийдчихвэл зөв системтэй ажиллах хэрэгтэй. Зөв системтэй байвал дорхноо л өөхөө хасаж чадна. Миний хувьд хүмүүс өөхөө хасаж, гоё харагдана гэхээс илүүтэй эрүүл хоол хүнс, амин дэмээр биеэ тэтгэж, урт наслахдаа анхаараасай гэж хүсдэг. Мэдээж эдгээр зүйлсдээ анхаараад эхэлбэл илүүдэл жингүй л байна.
-Фитнесээр хичээллэж байгаад орхивол эргээд таргалдаг гэх яриа бий. Хэр үнэн бол?
-Хатуу дэглэмтэй хүмүүс л ихэнхдээ энэ байдалд ордог. Тамирчдын олонх нь ийм байдаг л даа. Иддэг байсан зүйлсээ гэнэт хасчихаар улам нэхэгдээд байх нь бий. Олон сар хасаад, буцаад идэх үед хэмжээгээ тааруулж чаддаггүй. Тархиараа удирдах ёстой юм л даа. Би ч мөн удирдаж чаддаггүй. Одоо энгийн хооллолт маань эрүүл хэрнээ долоо хоногтоо нэг удаа ч юм уу дуртай зүйлээ идэж, өөрийгөө баярлуулдаг. Зовж өөхөө хасах нь тамирчдын ажил юм шиг санагддаг даа. Эрүүл хэв маягтай байсан хүн дасгал хийхээ болиод, идээд байвал илүүдэл илчлэг нь өөхлөлт болно. Тэгэхээр таны асуултад үнэн л гэж хариулна даа. Мөн эмэгтэйчүүдийн хувьд гуяараа турахгүй байна хэмээн их ярьдаг. Фитнесээр хичээллэж буй хүний хувьд зөвхөн тэр хэсгээрээ турна гэж байхгүй. Яг л идэх ёстой хоолоо идэж, биеэ хөдөлгөсөн цагт л галбиржиж турдаг. Кардио дасгал их тохиромжтой.
-Фитнесээр хичээллэж байснаас хувиараа дасгал хийе гэх хүмүүс бий. Учир нь үр дүн нь ялгаагүй гэдэг л дээ. Орчноос эхлүүлээд ялгаатай баймаар юм?
-Ялгаатай байлгүй яахав. Фитнесээр хичээллэвэл хүссэн газраа өөрчилж, хэлбэржүүлж болно. Фитнесийг биеэ урлаж болох газар гэхэд хилсдэхгүй. Мөн багш, орчин зэргээс эхлүүлээд хамгийн үр дүнтэй газар бол фитнес. Хувиараа дасгал хийнэ гэдгийг гэртээ хийдэг хүмүүс гэж ойлголоо. Ямартай ч дасгал хийж л байвал илүүдэл жингээс сэргийлж чадна. Гол нь ямар нэгэн байдлаар харьцуулж ярих нь утгагүй болов уу.
-Тэмцээнгүй үедээ хооллолт, бэлтгэлээ байнга хийсээр байдаг уу?
-Тэмцээнгүй үед бие өөрчлөгдөнө өө. Миний хувьд өөхний, булчингийн хэмжээ нэмдэг. Амралтаа нэмж өгдөг дөө. Хоолны хувьд эрүүл атлаа амттайгаар хийж иддэг. Бэлтгэлийн тоогоо багасгаж, жингээ нэмдэг юм. Кардиогоо гадур алхаж, хийдэг.
-Фитнес моделиороо ажилладаг уу, эсвэл өөр мэргэжилтэй юу?
-Миний мэргэжил бол нягтан бодогч. Фитнес модель маань хобби юм. Энэ спортоор амьдрах боломжгүй л дээ. Мөн манай улсад дэмжлэг байхгүй. Гадаадын орнуудад бол фитнес моделиуд өндөр шагналтай тэмцээнүүдэд оролцож, уураг витамин зэргээ спонсорлуулдаг. Зардал ихтэй спорт шүү.
-Тик ток орчинд бичлэг хийдгээр нь олон хүн мэдэх байх. Одоо бичлэгээ хийж байгаа юу?
-Хийхгүй байгаа. Завгүй болохоор зарцуулах цаггүй болсон. Уг нь бичлэгээ хийх их хөгжилтэй байдаг юм.
-Цахим худсаараа ихэвчлэн эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний талаар мэдээлэл оруулдаг юм билээ. Хүмүүсийг эрүүл амьдрахад өөрийн оролцоогоороо нөлөөлж буй хэлбэр гэж бодсон л доо?
-Тийм ээ. Нагац ээж маань хүн эхлээд байгаль дэлхий, дараа нь эцэг эхээ хайрлах хэрэгтэй гэж сургадаг байсан. Мөн өөрөөсөө бусдад аз жаргал, энхтайвныг хүсэж бай хэмээн багаас минь сургасан юм. Санаад л явдаг даа, энэ үгийг. Нагац ээж минь өөрөө энэ үгэндээ нийцсэн нэгэн байлаа. Надаас хэрэгтэйгээ аваад баярлаж байгаа хүмүүсийг харахаар их сайхан, сэтгэлд өег байдаг.
-Цаашдын зорилго юу вэ?
-Мэдээжийн хэрэг том амжилтад хүрэх явдал. Ажил мэргэжлийнхээ хувьд энэ жил хөдөө аж ахуй, тэр дундаа ногоо тариалж, Монгол хөрсөндөө эрүүл чанартай хүнс бэлдэхийг зорьж байгаа. Ажил маань ч хэдийнээ эхэлсэн. Би эрүүл хүнсний талаар бусдад түгээх дуртай. Улам л баяжуулахын төлөө ажиллаж байна. Мөн хоёр жилийн дараа Арнольд классикын тайзан дээр зогсоно. Тамирчныхаа хувьд шүү дээ. Мөн энэ жил тамирчны хувьд төгс зохицож буй жил гэж хэлж болно.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Хөдөлмөрч охин юм амжилт хүсье
Нэг их аятайхан ч харагдахгуй л байна даа, за за еерсдедее л аятайхан бол маньд юуны хамаа, тийм ээ
Saihan umhii darvaisan al bgaa daa haha
үнэхээр ёс суртахуун алга аа. Хөөрхий хоосон толгой хэрзийсэн цээж. Наадах чинь тоглоом биш шүү. Нэг л өдөр өөрийгөө мундаг гэж бодоод дараа гарах ёс суртхуун, ёс зүйн үр дагавараа бодооройдоо \n