Изабелла Хаир Хадид буюу Белла Хадид бол дэлхийн загварын ертөнцийн хамгийн халуухан, алдартай моделийн нэг билээ. Тэрээр супер модель Жижи Хадидийн дүү бөгөөд энэ жил 25 настай.
Белла Versace, Michael Kors, Dior, Marc Jacobs зэрэг алдарт брэндүүдтэй хамтран ажилладгаас гадна Chanel, Givenchy, Miu Miu, DKNY, Ralph Lauren загварын тайзан дээр алхаж явлаа.
Голландын загвар өмсөгч Иоланд Хадид, Палестины саятан Мохамед Хадидийн гэрбүлд төрсөн Белла охин хар багаасаа л олны анхаарлын дунд өссөн юм. Гэхдээ тэр хувийн амьдралаа хүмүүсийн нүднээс нууж чаддаг нэгэн байв.
Саяхан Vogue сэтгүүлд өгсөн түүний илэн далангүй ярилцлага амьдралынх нь олон нууцыг нээсэн юм. Ингээд Беллагийн ярилцлагаас ил болсон зургаан нууцыг өгүүлье.
1. Гоо сайхны мэс засалд орсон харуусал
Белла 14 настайдаа хамартаа мэс хүргэсэндээ одоо ихэд харамсдаг гэнэ. Учир нь голланд, палестин цус холилдсон охины төрхөнд палестин шинж нь илүү давамгайлсан байв. Белла ярилцлагандаа “Би өвөг дээдсээсээ өвлөн авсан хамраа хэвээр нь үлдээх ёстой байлаа. Хэрэв би гоо сайхны мэс засалд ороогүй байсан бол одоо хамраараа бахархаж байх байсан” гэж дурдсан байна. Харин өөр бусад эрхтэндээ мэс хүргээгүй гэдгээ баталж, элдэв цуурхалд эцэс тавьсан юм. Түүний талаар нүдний зовхио татуулж, уруулаа пөмбийлгөж, эрүүгээ өөлүүлсэн гэх зэргээр бичдэг байсан юм.
“Би хэзээ ч биедээ янз бүрийн зүйл чихэж, хийж байгаагүй. Надад зохихгүй. Зовхио өргүүлсэн гэж байгаа ч үгүй шүү. Загварын ертөнцөд намайг дандаа буруугаар боддог байсан, эргэн тойрны хүмүүс ч намайг ойлгодоггүй байсан”
2. Хувийн аж ахуйтай
Белла Хадид Пенсильванид мал аж ахуйн фермтэй. Гэхдээ ганцаараа биш ээж, эгчийн хамт эзэмшдэг. Тэнд Блю нэртэй морь, ямаа, үхэр гээд олон амьтан бий. Белла багаасаа морин спортоор хичээллэж, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод оролцохоор бэлтгэж байсан ч хүнд өвчин тусаад спортоо орхижээ. Залуучуудын шигшээ багт багтдаг байсан гэж байгаа.
3. Царай муутай охин байсан
Бага байхдаа л Белла эгчээсээ царай муутайдаа эмзэглэдэг охин байжээ. Гэрбүл, танил хүмүүс нь ч тэгэж боддог байв.
“Би өөрийгөө бараг “Эрэмдэг охин” гэж боддог байлаа. Би хар үстэй бол эгч шар үстэй, европ охин. Эгч шигээ мундаг, нийтэч биш юм гэж хүмүүс хэлдэг байв. Байнга хэлүүлсээр байгаад өөрөө ч тийм бодолтой болсон. Сүүлдээ би хүмүүст таалагдахыг хичээдэг өвчтэй болсон. Ямар нэг арга хэмжээнд очоод бүх хүнд таалагдахгүй бол хямраад эхэлдэг байлаа. Гэхдээ хамгийн гол нь ямар ч байсан гэртээ хариад би өөртөө таалагддаггүй байлаа”
4. Сэтгэл зүйн асуудалтай
Белла Лаймын өвчинтэй гэдгээ багадаа мэдсэн. Энэ нь Ixodes төрлийн хачгаар дамждаг хачигт халдвар юм. Өвчний улмаас охин байнга бөөлжис нь цутгадаг, амархан цуцдаг болсон байна. Хэдэн өдөр дараалан юу ч хийж чадахгүй үе ч тохиолддог байжээ. Сүүлийн үед Хадид сэтгэл зүйн асуудалтайгаа нуухаа больсон. 2021 оны арваннэгдүгээр сард Белла Instagram хуудсандаа уйлж байгаа, түгшсэн харцтай зургаа оруулж, фэнүүдээ айлгаж байв. Зургийнхаа доод талд “Миний өдөр бүр, шөнө бүр ингэж өнгөрдөг. Олон жил ийм байдалтай амьдарч байна. Олон нийтийн сүлжээ бол жинхэнэ амьдрал биш. Үүнийг санаарай. Заримдаа чи ганцаараа биш гэдэг үг сонсохыг их хүсэх юм. Би ч гэсэн та нарт Та бүхэн ганцаараа биш шүү гэж хэлье” гэж бичсэн байлаа.
Vogue-д өгсөн ярилцлагадаа тэр “Би өөртөө ямар ч итгэлгүй, байнгын түгшүүртэй, стресстэй байдаг байсан. Биеийнхээ хэлбэр дүрс, хоол ундны маш олон асуудалтай. Биед хүн хүрэхэд үзэн ядах сэтгэл төрнө, хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж санаа зовно. Яагаад загварын ертөнцийг сонгов гэж өөрөөсөө асуух үе ч байсан. Он жил өнгөрөх тусам би сайн жүжигчин болж байлаа. Хэцүү ч байсан би инээмсэглэж, хөхөрч сурсан. Хүмүүс миний талаар юу ч ярьж болно. Гэхдээ би долоон жилийн турш нэг ч удаа ажлаа тасалж, хоцорч үзээгүй. Үнэхээр бүх хүч чадлаараа ажилладаг байсан” гэж хэлсэн.
Белла Хадидийг ахлах ангид байхад нь нэгэн сэтгэл зүйч анхаарал, хайхрамжгүй байдлыг нь засах гээд эм бичиж өгчээ. Харин тэр эмнээс болоод охин хоолны дуршилгүй болж, хэт турсан байна. Идсэн хоол болгоныхоо илчлэгийг хэмжиж суусаар стресст оржээ. Азаар одоо тэр эрүүл хоололдог, сэтгэл зүйн асуудалгүй болсон ч ядарсан үедээ толинд өөрийгөө харж чаддаггүй зуршил нь хэвээр.
5. Найз залуутай
Белла хоёр жилийн өмнөөс Нью-Йоркийн арт-директор Марк Калмантай үерхэж байгаа. Канадын дуучин The Weeknd-тэй найзалж байхдаа хэнээс ч нуугддаггүй байсан бол энэ удаад хайр дурлалаа хамгаалан, олны өмнө хамт гараад байдаггүй.
6. Белла Хадид цагийн ажил хийдэг байсан
Малибад амьдарч байхдаа Белла 14 настай байлаа. Тэр үед жимсны шүүсний дэлгүүрт цагийн долоон ам.доллароор ажилладаг байжээ. Шүүс зарж, шал угааж, мөнгө тоолно.
“Би багаасаа элит гэрбүлд өсөөгүй. Аав, ээж минь цагаач тул тэд олдсон бүх ажлыг хийдэг байсан. Би ч гэсэн багаасаа ганц долларын үнэ цэнийг сайн ойлгодог байсан. Цалингаа аваад хуучин хувцасны дэлгүүрт очиж, таалагдсан хувцсаа худалдан авдаг байсан сан”
БЕЛЛА ХАДИДИЙН ТАЛААРХ ЕСӨН БАРИМТ
Дэлхийн хамгийн авьяаслаг моделийн талаар таны мэдэх ёстой есөн баримтыг танилцуулья.
-Исламын шашинтай гэдгээрээ бахархдаг ч Victoria’s Secret шоуны тайзан дээр гялалзахад шүтлэг нь саад болдоггүй. Дэлхийн шилдэг моделиор хоёр жил дараалан шалгарсан. 2017 онд Ерөнхийлөгч Доналд Трамп Исламын шашинтай долоон орны иргэдэд виза өгөхгүй гэсэн зарлиг гаргахад Белла гудамжинд гаран жагсаж байв.
-Эмэгтэй хүн ганц удаа ч гэсэн ганцаархнаа амьдарч үзэх хэрэгтэй гэж үздэг. Нью-Йоркт ганцаараа байхдаа тэр эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаар нь амсаж үзжээ.
-Загварын ертөнцөд маш их амжилттай байгаа ч энэ салбарт удахыг хүсдэггүй. Хэзээ нэгэн цагт гэрэл зурагчнаар ажиллах хүсэлтэй. Коллежид гэрэл зургийн урлагт суралцсан.
-Залхуурч чаддаг. Беллагийн хамгийн төгс сайхан өдөр нь орондоо пицца идэж, сонирхолтой кино үзэж өндөрлөдөг.
-Цагдаагийн газарт нэг удаа баривчлагдаж байжээ. 17 настайдаа согтуугаар машин барьж, улаан гэрлээр дайран, цагдаагийн машиныг мөргөх шахжээ. Цусан дахь алкоголийн хэмжээ нь нормоос хоёр дахин өндөр байв. Шүүхээс түүнд 25 цагийн олон нийтийн ажил хийж, 20 цаг архины эсрэг лекцэнд суух шийтгэл оноосон. Тэр дахиж хэрэгт ороогүй.
-Белла хэнийг ч дууриадаггүй. Ямар ч алдартай модель байсан ч Белла хэнийг нь ч дууриаж байгаагүй. Ямагт 100 хувь өөрийнхөөрөө байх нь түүний уриа.
-Женнифер Лоуренстой харьцуулахад дургүй. Хачирхалтай нь өдөрт хэд хэдэн удаа сонин, сэтгүүлд ийм мэдээ, нийтлэл гардаг гэнэ. 2015 оны Met Gala шоунд түүнтэй тааралдсаныхаа дараа Белла адилхан юм юу ч алга гэж бодож байжээ.
-Хоол хийж, найзуудаа дайлах дуртай. Бодит амьдрал дээр жинс өмсөх дуртай. Гоо сайхны хэрэглэлээс улаан уруулын будгийг илүүд үздэг. Хурц өнгөтэй хувцас хааяа өмсдөг ч хамгийн дуртай өнгө нь хар. Ногоон хувцсыг үзэн яддаг.
-2019 онд түүнийг Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр шалгаруулсан. Их Британийн гоо сайхны мэс засалчдын дүнэснээр Беллагийн нүүр царай өв тэгш эмэгтэй хүний төрхөд 94,35 хувь дөхсөн байсан гэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
10-р сарын 09 хилэнцийн орд биш лдээ
Buu uzged Goo saihanii unelemj haashaa zugtaachihsan horvoo vee Ee Lamiin avgai ene morin tolgoi goo uzesgelen uu Bazardari mine