-Би тэтгэвэрт гарахгүй, надад хууль үйлчлэхгүй-
Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь 66 настай, тэтгэвэрт суух нас нь өнгөрөөд зургаан жил, төрийн албанд ажиллах насны дээд хязгаарыг даваад нэг жил болж байна. Өөрөөр хэлбэл, хүссэн ч эс хүссэн ч тэр албан тушаалаасаа бууж, ажлаа хүлээлгэж өгөх нас нь хэдийнэ болчихсон гэсэн үг.
Гэвч Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат тэр бүхнийг үл тоож, албан тушаалтайгаа үлдэхийн тулд хуулийг гууль болгож, байж болох бүхий л башир аргыг хэрэглэж сууна. Үүнийг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат болон Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хоёрын "зодоон" гэрчилнэ.
Учир нь, Н.Чинбатын нэрийг Улсын Дээд шүүхээс санал болгож, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулсан байдаг. Нэгэнт санал болгож, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулсан хүнийх нь тэтгэвэрт гарах нас нь болж, төрийн албанд ажиллах насны хязгаарыг давсан тул Улсын Дээд шүүхээс түүнийг орлох гишүүний орон тоог зарласан. Харамсалтай нь, Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Н.Чинбат үл хүлээн зөвшөөрч, үйл явцыг "гацаажээ".
Эл асуудлыг өчигдөр /2022.03.24/ УИХ-ын чуулганы танхимд Б.Энхбаяр гишүүн хөндлөө. Тэрбээр "Манай Үндсэн хуулийн Цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцийн орон тоог зарласан юм байна. Тэгсэн нөгөө Үндсэн хуулийн Цэцийн дарга маань "Би тэтгэвэрт гарахгүй, энэ бол надад үйлчлэхгүй" гээд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихэж. Өөрөөр хэлбэл, маш том зодоон болж байгаа юм байна, бид анхаарахгүй орхиж болохгүй. Улсын Дээд шүүх чинь хамтын удирдлагын байгууллага, нийт шүүгчдийнхээ хуралдаанаар хэлэлцэж, зарладаг. Гэтэл нэг хүн дээр нь хэрэг үүсгэчихэж, ийм зүйл байж болохгүй. Энэ бол Үндсэн хуулиасаа давсан алхам юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан болох аж. Эл хуралдаанаар Н.Чинбат даргын асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалж мэдээллээ.
Харин ирэх даваа /2022.03.28/ гарагт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болж, түүгээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Хэрэв Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдох аваас албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудал хөндөгдөнө гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлнэ билээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тухайн орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гаргасан. Энэ үйл явц явагдаж байхад Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж, зогсоосон юм билээ. Харин ирэх даваа гарагт, Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно. Хэрэв энэ хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах нөхцөл байдал үүснэ" гэх тайлбарыг өгсөн.
Нэгэнт өөрт нь хууль үйлчлэхгүй, тэтгэвэрт гарахгүй гэх утга бүхий үг, үйлдэл гаргаж суугаа Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат эрх мэдлээ ашиглаж, Их суудлын хуралдааны шийдвэрт нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Дээр нь, өөрийнх нь асуудлыг хөндсөнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг "хорхойтоо араа"-ндаа зуучихсан суугаа нь лавтай. Ямартай ч тэтгэвэрт суух нас нь өнгөрсөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат хуулийг үл тоож, албан тушаалтайгаа зууралдсан хэвээр байна. Нөгөө талд энэ нөхөрт хууль үйлчилдэг эсэхийг олон нийт анхааралтай ажиглан харж сууна.
Сэтгэгдэл ( 4 )
Нүдэнд нь хэдэн төгрөг харагдаад л
Шударга зөв байвал нас хамаагүй. Хуурамч муу хүн бол залуу, хөгшин хэрэг байхгүй ээ
Яачихсан хөл толгойгоо олдоггүй ойлголцдоггүй төр вэ
өвөө, ач зээгээ хараад гэртээ суу. Тусгаар Монгол улсын ҮХЦ танаар дутахгүй. Зайгаа залуу хүмүүст тавьж өг